УИХ-ын дарга дагалдан яваа төлөөлөгчдийн хамтаар Өвөрхангай аймагт хүрэлцэн ирлээ
2016.10.05

УИХ-ын дарга дагалдан яваа төлөөлөгчдийн хамтаар Өвөрхангай аймагт хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд дагалдан ажиллаж буй Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, албаны хүмүүсийн хамтаар өнөөдөр /2016.10.04/ Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд ажиллаж байна. 

Улсын Их Хурлын даргыг Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн хүндэт харуул Аюуш баатарын талбайд ёслол төгөлдөр угтан авч, хүндэтгэл үзүүлэв. Аймгийн удирдлагууд болон иргэд, хөдөлмөрчдийн төлөөлөл байлцсан юм.

 

Үргэлжлүүлэн Өвөрхангай аймгийн иргэд, хөдөлмөрчидтэй Улсын Их Хурлын дарга уулзалт зохион байгуулж, Анхдугаар болон ээлжит чуулганаар батлагдсан хууль, тогтоомжийн талаар танилцуулж, эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцан, хүндрэлийг даван туулах чиглэлээр хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудын талаар мэдээлэл өгнө.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт, Г.Занданшатар, Д.Тогтохсүрэн, Я.Содбаатар, С.Чинзориг, Л.Элдэв-Очир, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Уул уурхайн дэд сайд Х.Бадамсүрэн болон албаны бусад хүмүүс оролцож байна.