“Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, гэмт этгээдийг шилжүүлэх, ялтан шилжүүлэх тухай гэрээний эмхэтгэл” номыг танилцууллаа
2016.09.28

“Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, гэмт этгээдийг шилжүүлэх, ялтан шилжүүлэх тухай гэрээний эмхэтгэл” номыг танилцууллаа

“Монгол Улсаас бусад улстай байгуулсан эрхзүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээний хэрэгжилтийг хангахад тулгамдаж буй асуудлууд” сэдэвт уулзалтыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэрээ, эрх зүй, хамтын ажиллагааны газраас өнөөдөр зохион байгууллаа.

Уг уулзалтыг нээж Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан үг хэлсэн юм. Энэхүү уулзалтын үеэр “Монгол Улсаас бусад улстай байгуулсан иргэн болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, гэмт этгээдийг шилжүүлэх, ялтан шилжүүлэх тухай гэрээний эмхэтгэл” номын танилцуулга хийж, хүрэлцэн ирсэн төлөөлөгчдөд гардууллаа.

Уулзалтад Гадаад харилцааны яамны Консулын газар, Улсын Ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хууль сахиулахын их сургууль, Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн нэгж хариуцсан дарга нар хүрэлцэн ирсэн.

Монгол Улс нь 2016 оны байдлаар нийт 20 улстай 28 төрлийн эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ байгуулсан байна. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас эрхлэн гаргаж буй энэхүү эмхэтгэл нь хуулийн байгууллагын ажилтнууд, эрдэмтэн судлаач нарын эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх үйл ажиллагаанд ашиглах эх сурвалж болж байгаа юм.