Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх хөтөлбөр хэрэгжүүлнэ
ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч хатагтай Наоми Китахара нар
2016.09.15

Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх хөтөлбөр хэрэгжүүлнэ

ХЗДХЯ НҮБ-ын Хүн амын сантай хамтарч Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх хөтөлбөр хэрэгжүүлэхээр болоод байна.

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч хатагтай Наоми Китахараг хүлээн авч уулзах үеэрээ тус төслийн талаар санал солилцсон юм. Уулзалтын эхэнд хатагтай Наоми Китахара цаг зав гарган хүлээн авсанд ХЗДХ-ийн сайдад талархал илэрхийлээд өнгөрсөн хугацаанд НҮБ-ын Хүн амын сан Хууль зүйн яамтай үр дүнтэй хамтран ажиллаж байсныг онцлов.

Тэрээр НҮБ-ын Хүн амын сангийн хувьд ХЗДХЯ чухал түншлэгч байгууллага гэдгийг онцлоод тус сангийн Захирлуудын зөвлөл 2017-2021 онд МУ-д хэрэгжүүлэх хөтөлбөр төлөвлөгөөг баталсан гэдгийг дуулгалаа. Үүнд гэр бүлийн хүчирхийлэл, жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх ажил чухал байр суурь эзэлж байна гэв.

Тиймээс Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх хөтөлбөрийг Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх болсон тул эл төслийг ХЗДХЯ манлайлж удирдаж ажиллана гэдэгт итгэж байна гэлээ. Талууд дээрх төслийн баримт бичигт энэ сарын 29-нд гарын үсэг зурахаар төлөвлөөд байгаа юм. Төслийн хүрээнд эхний ээлжинд 2016-2017 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хамтран боловсруулах тал дээр санал нэгдэв.

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт НҮБ-ын Хүн амын сан МУ-ын ЗГ-тай жендерийн тэгш байдал, нийгмийн сайн сайхны төлөө олон ажил хамтран хийж байсныг дурдаад 2012 онд л гэхэд Жендерийн тэгш байдлын тухай хууль батлагдахад талуудын хамтын хүчин зүтгэл чухал үүрэг гүйцэтгэсэн болохыг тэмдэглэв. Тиймээс ч Жендерт суурилсан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх томоохон төсөл хамтран хэрэгжүүлэх болсондоо таатай байна гэв.

Сайд МУ-ын нийгэмд хамгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд энэ нь нүдээ олсон хэрэг болно гэдгийг тодотгоод сүүлийн жилүүдэд гэмт хэргийн гаралт өсч, тэр дотроо хулгай болон гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 2 дахин нэмэгдсэнд сэтгэл эмзэглэж буйгаа илэрхийлэв.

Энэ нь эдийн засгийн өнөөгийн байдал, иргэдийн амьжиргааны түвшинтэй шууд холбоотой ч нийгмийн ёс суртахууныг дээшлүүлэх, хүүхэд эмэгтэйчүүдийг хүчирхийллийн золиос болохоос хамгаалах чиглэлд онцгой анхаарч УИХ-ын ээлжит бус чуулганы хугацаанд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн төслийг яаралтай өргөн барьсан, намрын чуулганы эхэнд хэлэлцэн батлуулахаар зорьж буйг дуулгав.

Мөн шинэ байгуулагдсан ЗГ-ын Мөрийн хөтөлбөрт эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхэд гэр бүлийн гишүүний хувьд өмчийн харилцаанд тэгш эрх эдлэх, гэрч хохирогчийн аюулгүй байдлыг хангах, нийгмийн зорилтот бүлэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр тодорхой зорилт туссан гэдгийг танилцууллаа. Ялангуяа нийгмийн хамгийн тулгамдсан асуудлын нэг болсон Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг яаралтай баталж, үр дүнтэй хэрэгжүүлэхэд хоёр талын хамтарч хэрэгжүүлэх төсөл чухал үр дүнтэй гэдэгт найдаж байна гэлээ.

Сайд эдийн засгийн хямралд хамгийн түрүүнд хүүхэд эмэгтэйчүүд өртөж, түүний золиос болж байгааг дурдаад ХЗДХЯ-ны дэргэд ГХУСАЗЗ байгуулагдсанаар гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, энэ чиглэлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх хариуцах эзэнтэй болно гэдгийг уламжлав.

Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх хөтөлбөрийн хүрээнд НҮБ-ын Хүн амын сан юун түрүүнд ҮСХ-той хамтарч гэр бүлийн хүчирхийллийн гол шалтгаан нөхцөл, бодит байдалд судалгаа хийх юм байна. Мөн хүчирхийлэлд өртөгсөд, хохирогчдыг хамгаалах байр, тэдэнд зориулсан нэг цэгийн үйлчилгээ зэргийг ХЗДХЯ-тай хамтран байгуулах юм.

Дашрамд дурдахад 2010-2016-оны эхний 8 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас 5093 хүн бэртэл гэмтэл авч, 95 хүн нас барсан эмгэнэлт мэдээ байна. Мөн 2016 оны эхний хагас жилд гэр бүлийн хүчирхийллийн 764 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 178 хэрэг буюу 30,4 хувиар өссөн үзүүлэлт юм.