Монгол Ил хаадын судалгаа, Монгол Алтайн магтаал, Монгол цуурын аялгуу төслийн нээлтийн ёслол боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан
2016.09.15

Монгол Ил хаадын судалгаа, Монгол Алтайн магтаал, Монгол цуурын аялгуу төслийн нээлтийн ёслол боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас монгол хэл, соёлоо хадгалан хамгаалж, эх түүхээ бүрэн бүтэн болгох чиглэлээр цуврал олон төсөл хэрэгжүүлж байгаа билээ. Түүний нэг болох Монгол Ил хаадын судалгаа, Монгол Алтайн магтаал, Монгол цуурын аялгуу төслийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо.

Ёслолын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан нээн үг хэлж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын албаны зөвлөх Г.Баттогтох хөтлөн явуулсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан хэлсэн үгэндээ:

“Эрхэм хүндэт эрдэмтэн судлаачид аа,

Хүндэт хатагтай, ноёд оо,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас хэрэгжүүлсэн “Монгол-Ил хаадын судалгаа”, “Монгол Алтайн магтаал”, “Монгол цуурын аялгуу” төслийн нээлтийн ёслолд хүрэлцэн ирсэн эрдэмтэн судлаач Та бүхний амар мэндийг айлтган мэндчилье.

Монгол хэл, соёл, түүх бол Монгол үндэстний оюун санааны нэгдэл, ижилсэл юм. Тиймийн учир Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар- монгол хэл, соёл, Монголын түүхийн судалгаанд анхаарч, олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Эдгээрээс гурван төслийн үр дүнг өнөөдөр танилцуулъя.

МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор, профессор Д.Баярсайхан Монгол Улсад анх удаа Монголын эзэнт гүрэн хийгээд Дундад, Ойрх Дорнодын хөгжилд Монгол Ил хаадын шууд ба шууд бусаар оруулсан хувь нэмрийг тодруулахаас гадна олон талт судалгааны огтлолцоон дээр дундад зууны Монголчуудын судалгааг илүү нарийвчлах үндэс суурийг  тавьсан "Хүлэгү хаанаас Абу Са’ид хүртэл: Ил-хаадын тухай өгүүллүүд" нэг сэдэвт бүтээл; Ил хаадын түүх, Монголын эзэнт гүрний түүхтэй холбоотой Ил хаадын судлалаар дэлхийд нэрд гарсан Англи, Америк, Израиль, Австрали, Итали, Хятад, Япон зэрэг 18 улсын 21 эрдэмтэн судлаачийн онол, үзэл бодол дээр суурилсан  "Ил-хаадын судлал: Шинэ хандлага" судалгааны эмхэтгэл;  "Ил хаадын судлал: Шинэ хандлага" баримтат киног бүтээлээ.

Монгол Улсын Төрийн соёрхолт туульч Баатарын Авирмэдийн хүү, туульч А.Балдандорж, нэрт цуурч Паарайн Наранцогтын ач хүү, цуурч Б.Наранбат нарын монгол тууль, цуурын уламжлалыг үргэжлүүлж буй хичээл зүтгэлийг дэмжиж, үндэсний соёлын өвийг дэлгэрүүлэх зорилгоор “Монгол Алтайн магтаал”, “Монгол цуурын аялгуу” цомог бүтээлээ. Эдгээр төслийг амжилттай гүйцэтгэсэн доктор, профессор Д.Баярсайхан, туульч А.Балдандорж, цуурч Б.Наранбат нарт болон хамтран ажилласан бүх хүнд баяр хүргэж, амжилт хүсье.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачилж, хэрэгжүүлж буй зарим шийдвэр, төсөл, хөтөлбөрийн талаарх мэдээллийг та бүхэнд сонордуулъя. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж дэлхийн монгол судлалын төв-Улаанбаатар хотноо 2011 онд болсон Олон улсын монголч эрдэмтний X их хуралд "Монгол судлалыг дэмжих сан" байгуулах санаачилга гаргаж байсан нь өдгөө нэгэнт биеллээ олжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 онд, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолыг сэргээн мандуулсны 100 жилийн ойг угтаж монгол бичгээ сэргээн хэрэглэх төрийн бодлогын хэрэгжилтийг идэвхжүүлэх зорилгоор "Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай" 155 дугаар зарлиг гаргасан билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас эх хэлний салбарт хэрэгжүүлж буй бас нэгэн бодит ажил бол ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын гүйцэтгэсэн "Монгол хэлний их тайлбар толь" төсөл бөгөөд монгол хэл сурах, судлах хүсэлтэй хүн бүхэн дэлхийн хаанаас ч хэрэгтэй үгийнхээ утга, бичлэг, дуудлагыг мэдэх боломжтой болсон. Мөн Монгол Улсын Их хурлаас баталсан Монгол хэлний тухай хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд Хэлний бодлогын үндэсний зөвлөл байгуулагдан ажиллаж эхэлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Их эзэн Чингис хаан мэндэлсэн огноог албан ёсны болгон ёсчлох тухай зарлиг гаргасан. Уг зарлигийн дагуу “Монгол бахархлын өдөр”-ийг тэмдэглэдэг уламжлал тогтлоо. Мөн Бурхан халдун хайрхны тухай зарлиг гарган ЮНЕСКО-д бүртгүүлж, хамгаалах ажлыг амжилттай хэрэгжүүллээ.

ШУА, МУИС, МУБИС-ийн эрдэмтдийн эрхэлсэн Монголын түүхийн цуврал зохиол А.Амарын "Монголын товч түүх", Л.Дэндэвийн “Дундад үеийн Монголын түүх”, Б.Ишдоржийн "Монгол Улсын хураангуй түүх", Б.Буянчуулганы "Манж, Монгол холбогдсон түүхт байдал", Н.Магсаржавын "Монгол Улсын шинэ түүх", Л.Дэндэвийн "Монголын товч түүх", Х.Чойбалсан, Д.Лосол, Г.Дэмид нарын "Монгол ардын үндэсний хувьсгалын анх үүсэж байгуулагдсан товч түүх"-ийг анх бичсэн гар бичмэл болон кирил үсэгт буулгасан эхийн хамтаар хэвлэж, олон нийтийн хүртээл болголоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр Монгол Улсын ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгээс Аугаа их Эх орны дайнд ялалт байгуулсны 70 жилийн ойд зориулсан “Монголын ард түмэн: Бүхнийг фронтод, Бүгдийг ялалтын төлөө”, Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойд зориулан “Монгол Улс Чөлөөлөх дайнд-1945” баримт-гэрэл зургийн цомог бүтээлээ. Мөн хадны зургийг судлахад анхаарч олон улсын хурал, уран дархны урлагийг хөгжүүлэх зорилгоор дархчуудын нэгдсэн үзэсгэлэн зохион байгууллаа.

Бид энэ жил Монгол Улсын Их Сургууль, ШУА-ийн эрдэмтэдтэй хамтран “Монголын нууц товчоо” каталоги, “Монголын эртний түүх” 5 боть, “Монголын их түүхийн цахим лавлах” ном бүтээх төслийг хэрэгжүүлж байна. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргэээн мандуулсан түүхт өдөр-12 дугаар сарын 29-ний өдөр эдгээр бүтээлийг мөн танилцуулах болно.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Эх хэл, түүх, соёлоо судлах, хөгжүүлэх ажлыг дэмжих тухай” 162 дугаар зарлиг гаргасан. Уг зарлигийн дагуу Монголын төр монгол хэл, соёл, түүхийг судлах чиглэлд онцгой анхааран ажиллах болно.

Эрдмийн гэгээн үйлс, үндэсний соёл уламжлал ашид дэлгэрэх болтугай.

Та бүхэнд баярлалаа” гэлээ.

Үүний дараа Монгол Ил хаадын судалгааны талаар МУИС-ийн Түүхийн тэнхмийн багш доктор профессор Д.Баярсайхан танилцуулав. Тэрээр "Хүлэгү хаанаас Абу Са’ид хүртэл: Ил-хаадын тухай өгүүллүүд" бүтээлдээ Ил хаадын товч намтар, орд, хатдын тухай, хуулиудын талаар хөндөн бичжээ. Доктор Д.Баярсайхан 2004 онд Иранд хээрийн судалгаагаар явж замын тэмдэглэл бичсэн байна. Эхлэлээ тавьж буй Их хаадын судалгааг цааш үргэлжлүүлэх залууст зориулж энэхүү тэмдэглэлээ “Ил хаадын судлал шинэ хандлага” бүтээлдээ оруулжээ.

Доктор Д.Баярсайхан докторын илтгэлд олон сонирхолтой баримт дурдагдаж байсан юм.

Тухайлбал, монголчууд Багдад хотыг эзлээд сүйрүүлсэн бус, харин ч жилийн дараа гэхэд өмнөхөөс нь улам сайхан болгож, ялангуяа номын сангуудыг асар их баяжуулсан талаар эх сурвалжуудад бичсэн байдаг аж. Монгол Ил хаад эрдэмтдэд элэгтэй, тэднийг тусгайлан тэтгэдэг тул эрдэмтэд ийнхүү номын сангуудыг баяжуулсан байна. Мөн Багдад нь Монгол Ил хаадын өвөлжөө байжээ.

Энэ 2 бүтээлээс гадны эл сэдвээр 60 минутын баримтат кино хийсэн байна.

Бас Монголын соёлын нэгэн ундарга болох магтаал, туульсийн арвин их өв санг 8-9 үеэрээ түүчээлэн ирсэн А.Балдандорж, Б.Наранбат нар энэ их соёлын өвөөс танилцуулж цуурын эгшгээрээ оролцогчдын сонорыг мялаалаа.