Миний ажиллаж байгаа Байнгын хороодыг сайн мэдэж аваарай
Ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан шинэ парламент анхдугаар чуулганаа хуралдуулж, ирэх дөрвөн жилд энэ улс орон ямар бодлогоор хөгжих вэ гэдэгт хариулт өгөх хамгийн чухал асуудлуудыг хэлэлцэж дууслаа.
Шинээр байгуулагдсан Засгийн газар 60 гаруй хоног ажиллах энэ богино хугацаандаа юу амжуулав, УИХ анхдугаар чуулганаар хэлэлцэн баталсан шийдвэрүүд зөв буруу алин болох гээд олон асуудлаар иргэд үнэлэлт, дүгнэлт хийгээд амжсан энэ үед УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж байна.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэдийг төлөөлж, УИХ-д сонгогдсон Л.Болд өчигдрөөс тойргийн сонгогчидтойгоо уулзаж эхэллээ. Тэрбээр өмнө нь УИХ-д сонгогдон ажиллахдаа эрх баригч, бодлого тодорхойлогч олонхийн нэг байсан бол энэ удаад сөрөг хүчний төлөөлөл болсноороо онцлог юм.
Эрх баригчдад хяналт тавих үүрэгтэй сөрөг хүчний гишүүний хувиар гишүүн Л.Болд Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургууль дээр сонгогчидтой уулзаж, ээлжит бус чуулганаар хэлэлцэн баталсан бодлого, шийдвэрүүдийн талаар мэдээлэл өглөө. Ер нь саяын чуулганаар хөндөн хэлэлцсэн асуудлуудаар иргэд мэдээлэлтэй, өөрсдийн үнэлэлт дүгнэлтийг хэдийнэ өгсөн нь гишүүнд тавьж буй асуулт, саналуудаас нь андашгүй байв.
-Ажилгүй залуус Яармагт их байна. Ажилгүй болохоороо архи уудаг нь хэвээрээ. Сая УИХ татвар нэмэх тухай хэлэлцлээ. Татварыг нэмэгдүүлэхээр тэрийгээ төлөхийн тулд ямар ч бараа, бүтээгдэхүүний үнэ өсч таарна. Гэтэл бидний орлогыг бууруулах тухай ярилаа. Юмны үнэ нэмэгдээд байдаг, бидний орлого буураад байдаг.
Ийм бодлоготой төр засагтай байх юм бол иргэд яаж амьдрах юм бэ? Татваргүйгээр нь хүмүүс гэртээ “найрка” хийдэг, хямдаар нь “найрка” авч уудаг ийм л байдал руу орно шүү дээ... гэх үгийг нэгэн тэтгэврийн хөгшин УИХ-ын гишүүнд дайсан нь хүмүүсийн инээдийг хүргэсэн ч бас алга ташууллаа.
Хариуд нь УИХ-ын гишүүн Л.Болд:
-Саяхан олны анхаарлыг татсан зүйл бол улсын төсвийн тодотгол тойрсон асуудлууд. Эрх баригчид маань иргэд сонгогчдод амлаж гарч ирсэн мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг байдалтай олон өөрчлөлтийг төсвийн тодотголд шингээж оруулж ирсэн. Тэгэхээр эндээс л УИХ-ын гишүүн миний, сөрөг хүчин Ардчилсан намын гишүүд бидний ажиллах зүйл тодорхой болоод эхэлж байгаа юм.
Иргэдийнхээ эрх ашгийг хөндсөн олон асуудлууд дээр сөрөг хүчний зүгээс эрх баригчдыг шахаж ажиллах ажил эндээс эхэлж байна гэж хэлж болно. Олонхи маань яаж байна гэхээр, татварууд нэмэх, цалин, тэтгэвэр хасах, хүүхдийн мөнгөний асуудал зэргээр иргэдийн эрх ашигт халдсан маш олон тогтоол, шийдвэрийг санаачилж байна.
Тэднийг сөрж зогсох үүрэг хариуцлагыг та бүхнээсээ авсан гэж би ойлгож байгаа. Наад захын асуудал ярихад л цэцэрлэгийн хүртээмж маш бага байгааг хүн болгон мэднэ шүү дээ.
Тэгэхэд Ардын намынхан мөрийн хөтөлбөртөө хүүхэд бүр цэцэрлэгтэй болно гээд амлачихсан. Одоо яаж байна гэхээр өмнөх парламент нь Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль гаргаад, бүх эрхзүйн шийдлийг нь хийчихсэн байхад л ор мөргүй болгож гэр цэцэрлэгийн асуудлыг үндсэндээ 2021 он хүртэл зогсоочихлоо.
Оюутан сурагчдын тэтгэлэг олгоно, зээлд хамруулна гээд л амласан гэтэл яг энэ чиглэлээр бүх зүйлийг зогсоосныг та бүхэн яг одоо ярьж байна.
Жил болгон тэтгэвэр, тэтгэмж нэмнэ л гэсэн эсрэгээрээ. Хамтын тэтгэврийн хуулийг ерөөсөө Монголд төдийгүй дэлхий нийтэд нийгмийн хамгааллын маш том үсрэлт гээд хэрэглэж эхэлсэн байхад гоё сайхан зүйл амласан эрх баригчид маань яаж байна, хүүхдийн гэмээр инээдтэй тайлбарууд хэлээд л хойшлуулж байх жишээний. За тэгээд маш олон татваруудыг нэмэх шахсан, та бүхэн харсан байх.
Ер нь одоо ард түмэнд амласан амлалтаа биелүүлэхэд их бүрхэг байдалтай болгож байна. Ерөөсөө манай намын мөрийн хөтөлбөр одоо хамаа алга, олонхи болсон та нар ард түмэндээ амласан мөрийн хөтөлбөрөө эхлээд хэрэгжүүлэх хэрэгтэй байна гэж. Эрх баригчдад амлалтуудыг нь ингэж маш сайн сануулж байгаа хэмээн хэллээ.
Яармагийн сонгогчдын хамгийн ихээр сонирхож байсан нэг зүйл нь “Сайн хашаа” хөтөлбөрийг яагаад зогсоосон бэ гэх шүүмжлэл байв. АСЕМ-ын хурлын бэлтгэлийг далимдуулж нэг удаадаа өнгөө засаад байсан гэр хорооллынхон дараагийн удаад “Сайн хашаа” хөтөлбөрийн ачаар сайхан орчинтой болно гэж хүлээж байжээ. Гэвч шинэ парламент өмнөх Засгийн газрын үеийн “сайн” хөтөлбөрүүдийг зогсоох шийдвэр гаргасныг УИХ-ын гишүүн Л.Болд тайлбарласан ч иргэд түүнийг буруутгаж байв. Тэрбээр энэ үеэр ярихдаа:
Өмнөх УИХ-аар хэлэлцэн батлаад байсан хэд хэдэн хуулиудыг тойрсон асуудлууд хүчтэй босож, нийгэмд хүчтэй эсэргүүцэл өрнөснийг та бүхэн мэдэж байгаа. Ялангуяа энэ есдүгээр сарын 01-нээс шинэ Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулиудыг дагаж мөрдөж эхлэх байсан.
Эдгээр хуулиудыг өөрчилж шинэчлэх нийгэмд байгаа шаардлага, ашиг тусын талаар танилцуулж та бид мөн ч олон удаа уулзаж ярьцгаасан даа, харамсалтай нь эцсийн найруулгыг сонсолгүй элдвээр шалтаглаж үйлчлэх хугацааг нь хойшлуулахыг нь хойшлуулж, буцаахыг нь буцаасан.
Тэгээд бид бүхний эсэргүүцэл, олон нийтийн шахалтад орсноор ядаж Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг өргөн барихаар болсон байгаа. Дараагийн чуулганаар эрхзүйн том том хуулиудыг хэлэлцэнэ гэж найдаж байна.
Мөн энэ чуулганы хувьд намайг Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхаас эхлүүлээд л гурван парламент дамжин хэлэлцэгдсэн багц хуулиуд амжилттай батлагдаж гарлаа. Монгол Улсын тусгаар тогтнолтой холбоотой, цэрэг батлан хамгаалахын салбарын маш чухал олон зохицуулалтуудыг багтаасан хуулиуд гарсан гэв
Иргэд гэмт хэрэг болон зөрчлийг тус тусад нь авч үзэж, тус тусад нь тохирсон шийтгэл оноодог болохыг зөв үзэж байгаагаа илэрхийлж байлаа. Өнөөдөр гэтэл хууль зөрчсөн хэн боловч гэмт хэрэгтэнтэй адилхан ял зэм хүртэж байгааг хүний эрхийг дордуулсан алхам гэдгийг ойлгож байгаа нь олон ч иргэний саналаа харагдаж байсан.
Мөн УИХ-ын гишүүн Л.Болдыг Хүний эрхийн дэд хорооны даргын ажлаа яагаад больсон бэ гэж асуух хүн ч гарч байв. Харин гишүүн өөрийн томилогдон ажиллаж байгаа Байнгын хороодоо танилцуулаад хэрэгтэй санал, зөвлөгөөгөө ирүүлж байхыг иргэдээс хүсээд:
- Миний хувьд хэд хэдэн Байнгын хороонд ажиллаж байна. Иргэд та бүхэн тойргоосоо сонгогдсон гишүүн надад хууль, эрх зүйн зэрэг аливаа асуудлаар санал тавихдаа миний ажиллаж байгаа Байнгын хороог мэдэж байх ёстой.
Аюулгүй байдал, Гадаад бодлогын, Хуульзүйн, Эдийн засгийн байнгын хороодод би ажиллаж байна. Мөн Монгол-Францын парламентын бүлгийн даргаар сонгогдон ажиллаж байгаа. Тэгэхээр нэлээд өргөн хүрээтэй асуудлаар иргэд та бүхнийхээ дуу хоолойг төрдөө хүргэх боломжтой гэж бодож байна гэсэн юм.
Ардчилсан хувьсгалыг манлайлагчдын нэг УИХ-ын гишүүн Л.Болд өчигдөр тохиосон нэгэн тэмдэглэлт өдрийг уулзалтынхаа үеэр онцолсон. Тэрбээр “Өнөөдөр бол Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 26 жилийн ой тохиож байна.
1990 онд явагдсан бүх ард түмний чөлөөт, ардчилсан сонгуулийн үр дүнд Монгол Улсад анх удаа парламентат ёсны төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Бага Хурал байгуулагдаж, 1990 оны есдүгээр сарын 13-ны өдөр анхдугаар чуулганаа зарлан хуралдуулснаар Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй. Тэгвэл ийм түүхт өдрөөр тойргийнхоо иргэд, оршин суугчидтай дахин уулзаж байгаадаа маш их баяртай байна” хэмээсэн.
Зөвхөн парламентчдын биш сонгогч, иргэдийн өдөр
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болдоос яриа
авсан юм.
-Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны түүхэн өдрийн мэнд хүргэе?
Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхийн төлөө жагсаж, цуглаж явсан 90 оны оюутнууддаа, мөн ард түмнийхээ итгэлийг хүлээж төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдон ажиллаж байсан үе үеийн парламентын гишүүд болон Монголын нийт ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлье.
-Та өнөөдөр сөрөг хүчний төлөөлөл болоод байна. Парламентын засаглал гэдэг нь цөөнхөө хүндэтгэж, олонхиороо шийдвэр гаргах ардчиллын суурь зарчим. Энэ зарчим хадгалагдаж чадаж байна уу.
Монголын ардчиллын хамгийн том ололт бол байнгын ажиллагаатай парламент. Түүнийг иргэдийн бүх нийтийн сонгуулиар сонгодог. Тэгээд үзэхээр энэ түүхэн тэмдэглэлт өдөр зөвхөн парламентчдын биш яах аргагүй сонгогч, иргэдийн өдөр юм л даа.
Тэр ч утгаараа намайг итгэж сонгосон, Хан-Уулын, Яармагийн иргэдтэйгээ хийх эхний уулзалтаа энэ өдрийг тохиолдуулж хийж байгаадаа баяртай байна.
-Та Монголын парламентад дөрвөн удаа сонгогдсон, туршлагатай хууль тогтоогчдын нэг болжээ. Өнөөдрийн өндөрлөгөөс ардчилсан хувьсгалыг эргэн нэг дурсвал?
Ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхийн төлөө жагсаж цуглаж явсан он жилүүд илхэн санагдаж байна. Ардчиллын анхны цуглааныг оюутнууд эхлүүлж, ардчиллын үйл хэргийг төгс ялалтад хүргэхэд гол хүч нь оюутнууд байж ирсэн.
Монголын ардчилал-залуусын манлайлалтай, оюуны өндөр эрчим, далайцтай хувьсгал болсон гэж би үздэг. Эх орноо, ирээдүйгээ гэсэн залуусын маань сэтгэл, зүтгэл тэмцлийн үр дүнд 1990 онд бүх ард түмний чөлөөт, ардчилсан сонгууль явагдсан шүү дээ.
Үүний үр дүнд л Монгол Улсад анх удаа парламентат ёсны төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Бага Хурал байгуулагдаж, 1990 оны есдүгээр сарын 13-ны өдөр анхдугаар чуулганаа зарлан хуралдуулж байсан түүхтэй. Тэр үед би 29 настай байжээ.
Монгол Улс парламентын засаглалыг сонгож, олон намын төлөөллөөс бүрдсэн хууль тогтоох байгууллагын үндэс суурь тавигдсанаар ардчилал, шударга ёсыг бэхжүүлэх, иргэний эрх, эрх чөлөөг дээдлэн, ил тод, нээлттэй байдлыг ханган ажиллах түүхэн нөхцөл бүрдсэн юм. Тэр нөхцөл байдлыг одоо үед үргэлжлүүлж ажиллах л шаардлагатай байна даа.