Хаанаас нь хамаагүй бага хүүтэй бол зээл авах нь чухал
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва
2016.09.12

Хаанаас нь хамаагүй бага хүүтэй бол зээл авах нь чухал

Шулуухан хэлэхэд алтыг тойрсон компаниудын эздүүд, гадна, дотнын нөлөөлөл байдаг бололтой юм. Би алтны татварыг нэмэх шаардлагатай гэсэн байр сууриа хатуу илэрхийлж байсан.УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагватай ярилцлаа.

-Засгийн газраас оруулж татварын өөрчлөлтэй холбоотой саналуудыг УИХ бүгдийг нь буцаачихлаа. Та энэ асуудалд ямар байр суурьтай байсан бэ?

Хүний халаастай харьцах асуудал бол хамгийн эмзэг зүйл. Тийм учраас татварын өөрчлөлтүүд дээр УИХ-ын гишүүд нэлээд ажилласан. Ингээд татвар нэмэх асуудлыг бүгдийг нь буцаачихлаа. Нэг ёсондоо татвар нэмэхгүй боллоо.

Аливаа нийгмийн байгуулалд байгаа хүний хувьд үхэх нь үнэн, татвар төлөх нь үнэн гэсэн зарчим байдаг л даа. Тэгэхээр нэмэх ёстой татварыг нэмж, хасах хэрэгтэйг нь хасах л байсан. Хэтэрхий тансаг хэрэглээтэй тухайлбал, өндөр үнэтэй, том мотортой машин хэрэгжээд явж байгаа хүн татвараа төлөх л үүрэгтэй шүү дээ.

Хэрвээ татвар илүү төлөхгүй гэвэл хүчин чадал сайтай мөртлөө бага мотортой машинууд зөндөө байна. Алтны татварын хувьд одоо ард түмэн нэмэх талд байгаа шүү дээ. Гэхдээ алтан дээр асар том лобби явагдаад байна. Шулуухан хэлэхэд алтыг тойрсон компаниудын эздүүд, гадна, дотнын нөлөөлөл байдаг бололтой юм.

Би алтны татварыг нэмэх шаардлагатай гэсэн байр сууриа хатуу илэрхийлж байсан. Алтнаас болоод хэчнээн хэмжээний байгаль орчин хохирч байгаа билээ гэдэг нэг асуудал. Нөгөө талаар Монгол Улсын үндэсний баялаг алт биш гэж бодож байгаа. Миний хувьд сахилга хариуцлага үндэсний том баялаг мөн. Сахилга хариуцлага сайжирснаар маш олон баялгийг бүтээж чадна шүү дээ.

Алдаж байгаа баялгийг хадгалж, аварч чадна. Манай орон төр засагтай, тагнуул, хилийн цэрэг, гааль, мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагатай. Гэтэл алтны татварыг нэмэгдүүлчихээр гадагшаа чөлөөтэй гарчих юм байна. Далд эдийн засгийг хөгжүүлнэ гэж яриад байгаа нь бол сахилга хариуцлагаас бид зугтааж байна гэсэнтэй адилхан сонсогдоод байгаа юм л даа.

-Тансаг хэрэглээ, алтны татвараас гадна архи, тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлэх гэж байгаад больчихлоо?

Архи, тамхины татвар ч алттай адилхан. Тамхинаас болж хэчнээн түймэр гарч, тал нутаг шатдаг билээ. Би УИХ дээр ч хэлсэн. Тамхи татаж байгаа хүн түүнийгээ мөнгөөр худалдаж авч байгаа биз дээ.

Мөнгийг зүгээр шатаагаад л байна. Мөнгө шатаагаад уушиг руугаа утааг нь сороод гаргаж байгаатай адилхан шүү дээ. Үнэхээр уушгиа муутгая гэж бодоод тамхи татаж байгаа хүн бол хангалтгай хэмжээний мөнгө төлдөг л юм байгаа биз.

Энэ мэтчилэн тодорхой хэмжээний татварыг нэмэх байсан. Хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлээс татвар зэрэгт үнэхээр онцгойлон анхаарах ёстой байсан. Эдгээр дээр бид зөв шийдвэрүүд гаргалаа. Одоо төсөв ярихдаа нэлээд эртхэнээс мэдээллээ хийх ёстой.

Ингэж УИХ, Засгийн газар хоорондоо зөрчилтэй ч юм шиг байгаад байх хэрэггүй. Засгийн газрынхаа оруулж ирж байгаа бүх саналуудыг унагаачихаж байгаа нь бас тийм зөв биш. Татвар орлогогүйгээр Засгийн газар яаж үйл ажиллагаагаа явуулах вэ. Тиймээс энэ блансийг зөв барьж байхгүй бол болохгүй гэсэн байр суурьтай байна.

-Эдийн засаг хүндэрчихлээ. Цаашдаа ямар бодлого баримтлавал зохих вэ?

Эдийн засгийн байдал амаргүй байна. Гэхдээ ард түмэн биднийг энэ алдаа завхралыг зас гэж л олноор нь сонгосон. Үүнийг засах гэж л Засгийн газар байгуулагдсан шүү дээ. Тэгэхээр шалтаг шалтгаан, зовлон тоочих нэг асуудал.

Одоо бид ямар арга замаар, яаж хөгжих вэ гэдэг гарцуудаа л ярих ёстой. Эв нэгдэлтэй, нэг зорилго бодолтой, зөв зүйлийг дэмжиж хамтарч сайн ажиллах юм бол гарцууд байна. Маш хүнд асуудал бол дараагийн төсөв хэлэлцэх үеэр их хэмжээний өр зээлийн асуудлыг ярих нь байна.

Орлого олохоор оруулсан хэдэн татварын өөрчлөлтийнх бүгдийг нь байхгүй болгочихлоо шүү дээ. Би түрүүн хэлсэн. Зөвхөн сахилга хариуцлагагүйгээс болоод хэдэн зуун их наядын хохирол амсдаг юм.

Автомашины аваар, түймэр, усанд осолдож байгаагаас эхлээд сахилга хариуцлагаас ажлаа бүгдийг нь эхлэх ёстой. Тийм учраас төсвийн тодотгол ч бай, төсөв ч бай сахилга хариуцлага ярих ёстой. Хэмнэж болох бүх зүйлээ хэмнэж, орлого олж байгаа үйл ажиллагаа бүрийг дэмжих ёстой гэсэн байр суурьтай байна.

-Зээл авахаас өөр аргагүй боллоо гээд яриад байна шүү дээ. Гаднаас зээл авах уу?

Зээл авахаас өөр арга байхгүй. Бодоод үз дээ. Монголбанкны бодлогын хүү 15 хувьтай болчихсон байна. Ийм үед Засгийн газар бонд гаргавал бодлогын 15 хувиас өндөр хүүтэй зээл авах болно.

Хэрвээ бонд босгоод Монголбанкнаас зээл авлаа гэж бодоход бараг 19, 20 хувийн хүүтэй зээл авах нь байна шүү дээ. Тэгэхээр бага хүүтэй үүсвэр олох нь бол гарцаа байхгүй нэгдүгээр асуудал. Хоёрдугаарт, нэгэнтээ төлөгдөх гээд цаг нь тулсан зээлүүдийг яаж хойшлуулах вэ гэдэг асуудал байгаа.

-Олон улсын валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах гээд байгаа юм биш үү?

Засгийн газар өөрөө “Стэнд бай” авах хөтөлбөрөө боловсруулаад түүнийгээ Олон улсын валютын сантай тулгаж ярьж болно. Түүнээс биш “Стэнд бай” хөтөлбөрийг ОУВС өөрсдөө хийчихээд бидэнд тулгах юм бол болохгүй. Нэг үгээр бол “Стэнд бай” хөтөлбөрийг авах эсэх нь хэлэлцээрийн явцад шийдэгдэх ёстой.

Тэгэхгүй “Стэнд бай” хөтөлбөрийг авна гэж зарлаад гараа хумиулаад бусад улс оронтой гэрээ хэлэлцээр хийхэд асуудал гараад эхлэх юм бол бидэнд ашиггүй шүү дээ. Олон улсын валюгын сантай ярилцаж байхад Засгийн газар чинь хөтөлбөрөө гаргаад ирвэл бид ярилцахад бэлэн гэсэн.

Засгийн газар ямар хөтөлбөр гаргах, тавих нөхцөлөө тодорхойлоод тэр дагуугаа ОУВС-тай хэлэлцээр хийгээд хүлээн зөвшөөрүүлбэл тийм “Стэнд бай” хөтөлбөрийг авч болно. Харин ОУВС- гийн шахаж байгаа хөтөлбөрийг авах юм бол амаргүй. Тийм учраас үүнийг авна, авахгүй гэхээс илүү хэлэлцээрийн ширээнд сууна. Хэлэлцээр Монголын талд Засгийн газрын хүссэн хэмжээнд явагдах юм бол түүнийг хүлээж авч болно.

-“Стэнд бай”-д хамрагдахгүй гаднаас бонд босговол өндөр хүүтэй болно гэж эдийн засагчид хэлж байгаа. Эдийн засгийн өсөлттэй байсан үеэ бодоход манай нэр хүнд олон улсад уначихсан гэх юм. Нөгөө талаар Тавантолгойг Хятад Улсад түрээслүүлэх, Оюутолгойн хувиа худалдаж мөнгө босгоно гэсэн таамаг явж байна?

Урьдчилсан байдлаар таамаглаад байх хэрэггүй. Хэлэлцээрийн ард суух ёстой. Олон улсын байгууллага нэг асуудал. Бидэнтэй харилцдаг улс орнууд гэж байна шүү дээ.

Тэр улс орнууддаа Монголын нэр хүнд тийм доошоогоо уначихаагүй байна. Нөхцөл байдал амаргүй байгаа ч дэлхий нийтэд хамгийн зөв эерэг имиж өгч байгаа зүйл бий.

Ямар ч байсан энэ дөрвөн жилд Монголын төр засаг тогтвортой байх юм байна гэдэг нь өөрөө их том мессэж учраас үүн дээрээ тулгуурлаж гадна дотныхонтой хэлэлцээр хийх ёстой.

Гадаадынхан нэг Засгийн газартай ярьж байхад дараагийнх нь гарч ирээд тогтворгүй байдаг гэдэг байсан шүү дээ. Тийм учраас бид улс төрийн тогтвортой байдал дээрээ тулгуурлаж эдийн засгийн том хэлэлцээрүүдийг хийж эхлэх ёстой гэсэн байр суурьтай байна.

-Тавантолгойг барьцаалаад Хятадаас дөрвөөс таван тэрбум ам.доллар авна гэсэн мэдээлэл гараад байгаа?

Энэ талаар мэдэхгүй. Албан ёсоор Эдийн засгийн байнгын хороонд орж ирээгүй. Гэхдээ хаанаас нь хамаагүй бага хүүтэй зээл авах нь чухал. Дотоодын бонд гаргахад асуудалтай байгаа.

Монголбанк бодлогын хүүгээ өсгөх замаар зах зээлд гаргасан мөнгөө буцааж татаж байна. Энэ төвлөрүүлсэн мөнгөө буцаагаад Засагтаа өндөр хүүтэй өгчихвөл ямар ч цусны эргэлтгүй болно шүү цээ.

Банкууд бизнесүүдэд 16-17 хувийн хүүтэй зээл өгөхийн оронд Монголбанкинд баталгаатай өгч байхад түүнийг буцаагаад Засгийн газар буцаагаад өндөр хувиар авна гэдэг өөрөө логикийн хувьд ойлгогдохгүй байгаа юм. Тийм учраас аль болох гадна дотноос хямдхан хүүтэй зээл олохыг л хайх хэрэгтэй.