Энэ долоо хоногт төсвийн тодотголыг эцэслэн батлахгүй нь бололтой
Энэ долоо хоногт нилээн асуудал цэгцэрч, тодорхой болох нь ээ.
09/05: Намын бүлгүүдийн хуралдаанаар энэ долоо хоногийн ерөнхий төлөв тодорхой болно
Өнөөдөр 10 цагаас Төрийн ордонд хөл хөдөлгөөн эхлэх нь. Шинэ долоо хоногийн эхний өдөр Төрийн ордны ажил хоёр намын бүлэг хуралдсанаар эхлэх юм.
Мөн Төсвийн байнгын хорооны ажлын хэсэг хуралдаж, төсөв тодотгол байгаатай холбогдуулан 30 орчим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэнэ.
Үдээс хойш буюу 14 цагт Хууль зүйн байнгын хороо 5 бүлэг асуудал хэлэлцэх юм. Тодруулбал, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай тэргүүтэй 4 хуулийн төсөл, нэг УИХ-ын тогтоолын төсөл хэлэлцэж, төсвийн тодотголтой холбоотой өөрчлөгдөж буй хуулийн төслүүдэд санал, дүгнэлт гаргаж, Төсвийн байнгын хороонд хүргүүлэх юм байна.
Энэ өдөр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Хууль зүйн байнгын хороотой зэрэгцэн хуралдана. Тус хорооныхон төсөвтэй холбоотой хуулийн төслүүдэд санал, дүгнэлтээ хүргүүлэх төдийгүй Байгаль орчныг хамгаалах тухай болоод Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн өөрчлөлтүүдийг хэлэлцэх юм.
Өнөөдөр 16 цагт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, төсвийн тодотголын хүрээн дэх хуулийн төслүүдэд санал, дүгнэлтээ гаргана. Үргэлжлүүлээд Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн төсөл хэлэлцэж, Төсвийн байнгын хороонд санал, дүгнэлтээ хүргүүлнэ.
09/06: Хуулийн төслүүдийн анхны болоод хоёр дахь хэлэлцүүлэг өрнөнө
Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо, Төсвийн байнгын хороо тус тус хуралдаж, эдийн засгийн хүндрэлийг даван туулах, төсвийн сахилга бат суулгах, ирэх 4 жилийн Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа зэрэг өргөн хүрээний асуудалтай холбоотой хуулийн төслүүдийг нэмэлт, өөрчлөлтүүдийг хэлэлцэж, өөр өөрсдийн дүгнэлтийг гаргах юм. Энэ үеэр зарим хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлдэх бол зарим хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлдэх үүргийг холбогдох байнгын хороод хүлээсэн байна.
09/07: Хэмнэлт үнэхээр хийх үү, үгүй юу гэдэг ханд энэ өдөр тодорно
Энэ өдөр чуулганы нэгдсэн хуралдаан 10 цагаас эхэлнэ. Энэ өдөр өмнөх өдрүүдэд хуралдсан байнгын хороодын санал, дүгнэлтийг авч хэлэлцэн, хуулийн төслүүдийг эхний болоод хоёр дахь хэлэлцүүлгийг хийх учраас чуулган цагтаа эхлэх хэрэгтэй болж байна. Тодруулбал, Лхагва гарагт Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийнэ.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг бас болох юм. Эдгээр хуулийн төсөл, хөтөлбөрийн хүрээнд 30 орчим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд ч өнөөдрийн чуулганы бас л чухал асуудал.
09/08: 2015 оныг дүгнэнэ
Энэ өдөр 4 байнгын хороо хуралдаж, бүгд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, Монгол Улсын Засгийн газрын төсвийн гүйцэтгэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлэг хийж, санал дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлнэ.
Тодруулбал, Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдах юм.
09/09: Байнгын хороод эцсийн хэлэлцүүлэгтэй байна
Төсвийн тодотгол хэлэлцэж байгаа холбогдуулан энэ өдөр Төсвийн байнгын хороо маш ачаалалтай байх нь. Учир нь 9 цагт эхлэх тус байнгын хорооны хуралдаанаар 7 бүлэг асуудал хэлэлцэнэ. Энэ дунд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, дараагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ асуудлыг оруулж, хэлэлцүүлэх юм байна.
Тэгвэл Төрийн байгуулалтын байнгын хорооны Баасан гарагийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, санал дүгнэлтээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах юм. Харин Эдийн засгийн байнгын хорооныхон Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл, тайланг хэлэлцэж, санал дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тов гарчээ.
Эндээс харахад Лхагва гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар төсвийн тодотгол, Засгийн газрын хөтөлбөрүүдийг анхны хэлэлцүүлгээр эцэслэн батлахгүй нь бололтой. Учир нь Баасан гарагт эдгээр хуулийн төсөл, УИХ-ын тогтоолын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг гэж байхгүйгээр эцсийн хэлэлцүүлэг хийх юм байна. Нэгэнт байнгын хороо эцсийн хэлэлцүүлэг хийсэн тохиолдолд 9 дүгээр сарын 12-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж, эдгээр асуудлыг эцэслэн шийдвэрлэх төлөв ажиглагдаж байна.