Татвар, татвар бас дахин татвар
Аливаа хүндхэн өөрчлөлтөд дасах цаг хугацаа гэж бий. Дасч эхэлж тэсч ядаж байхад нэмж ГӨВШӨӨД байвал “Хорвоо чи хүний зовлонд цадах болоогүй юу” гэдэг шиг л юм болно доо.
Юу гэхээр,
2015 онд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль, 2016 оноос эхлэн НӨАТ-ийн тухай хууль шинээр хэрэгжиж эхэлснээс хойш манайд далд эдийн засаг тодорхой хэмжээгээр хумигдсан.
Өөрөөр хэлбэл 17,1 тэрбум ам.доллар буюу 34,2 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний орлого ил болж далд байдаг 60 хувиас татвар авдаг систем ажиллаж эхэлсэн. Үүний үр дүнд энэ оны хагас жилийн байдлаар татварын орлого 99,5 хувь биелсэн.
Онолоор бол эдийн засаг хямралтай байхад татварын орлого буурах ёстой байтал эсрэгээр бараг 100 хувь биелсэн нь татвар огт төлдөггүй байсан этгээдүүд хүссэн хүсээгүй төлдөг болсонтой холбоотой.
Ингээд хямралтай давхцаад бид олноороо татвар төлж сурч байна. Байгууллагуудын бизнесийн орлого илт буурсан, татварын зардал нэмэгдсэн, ашиг буурсан.
Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжүүд бүсээ чангалсан. Алдагдалтай ажиллахгүйн төлөө явж эхэлсэн. Зарим нь хаалгаа барьсан.
Гэтэл,
Татвар нэмнэ гэнэ үү? Өндөр цалин авбал 25 хувийн татвар төл гэнэ үү. Гадныхан ийм байдаг гэнэ үү, 1000 ам.доллараас өндөр цалинтай иргэд бүсээ чангал гэнэ үү?
Уучлаарай, сүүлийн 3 жил хямралаас шалтгаалж, компаниуд цалингаа нэмээгүй, сүүлийн 3 жил ноён доллар 1300-аас 2200 төгрөг болтол өслөө. Цалингаараа амьдардаг иргэдийн бодит орлого 40-50 хувь буурлаа.
Татварын орлогоо нэмэгдүүлэхийн тулд татвар төлдөггүй нөхдүүдэд хүрч ажиллахын оронд татвараа төлж байгаа байгууллага, иргэдээ нэмж ГӨВШИХ хэрэг байсан уу.
-
Бог бод малын наймаа, мах, түүхий эд, морины наймаа бүгд татваргүй.
-
ТББ-ийн нэрээр бизнес хийгчид татваргүй.
-
Татварынхан шалгавал авлига өгчихнө гэж сэтгэдэг нөхдүүд татваргүй.
-
Иргэдийн хооронд хийгдэж байгаа бүх наймаа татваргүй.
Ийм байхад шударгаар татвар төлдөг иргэд, аж ахуйн нэгжүүдийнхээ халаасанд нэмж гар дүрдэг гэнэ.
Бид ил тод болсон. Нууж хаалгүйгээр татвар төлж сурч байна. Дахиж нууж хаамааргүй байна. Энэ хямрал нь багасч, орлого жаахан өсөг.
“Шар тайлах мөнгийг нь үлдээ” гэдэг шиг ядаж жаахан ашиг үлдээ л дээ. Хямрал багасч, бизнесийн орчин сайжирсаны дараа татвараа нэмнэ биз.
Харин,
Нэмж ГӨВШИХ гээд байвал ГӨВШҮҮЛЭХГҮЙ байж болдог шиг...
Нэмж ТАТВАР төл гэж байгаа бол ТӨЛӨХГҮЙ байж бас болно доо...