Залуу бизнесүүд яаж сэтгэдэг вэ?
2016.09.01

Залуу бизнесүүд яаж сэтгэдэг вэ?

Залуу бизнесүүд шинэлэг байхыг хүсдэг. Шинэлэг гэдэг нь орчин үед цоо шинэ, тэс ондоо гэхээсээ илүү энгийн зүйлийг ч яаж өөр өнцгөөс харж, харуулж, тайлбарлаж, таниулах вэ гэдэг урлаг, ухаан болжээ. Нэг хэсэг залуу бизнес нь томорч, нөгөө хэсэг нь тэсч үлдэхийн тулд Монголын зах зээлд ширүүн өрсөлдөж байна.

Эдгээр компанийн ярьдаг нийтлэг гэмээр зүйл бол дэлхийн жишиг, аль нэг орны шалгарсан технологи, шийдэл. Онох нь онож, алдах нь алддаг л байх. Гэхдээ л тэд залуу гэдэг утгаараа алдах эрхтэй. Харин алдаагаа давтахгүй байхыг нэгэнт туршлагажсан бизнесүүд зөвлөдөг.

Энэ удаад бид гурван өөр салбарт хүч үзэж буй харьцангуй залуу компаниуд ямар бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлж байгаагаа ямар өнцгөөс, хэрхэн тайлбарлаж байгааг хүргэе.

“BP” ХХК

BP ХХК-ийн хамт олон

Дуучин Д.Болдын үүсгэн байгуулсан компани. Энтертайнмент чиглэлийн тус компани телевиз, радио, бичлэгийн студи, фитнес клуб, кафегаар зах зээлд өрсөлдөж байна. Тэдний баримталж буй зарчим бол дэвшилтэт технологи, дэлхийн стандарт, хувьсал өөрчлөлт. Бодит жишээгээр авч үзвэл, VIBE FM 105.5 радио. Өмнө нь инфо радио 105,5-ийн бааз суурь, туршлага дээр байгуулагдсан энэ радио сонсогчиддоо хүргэдэг дуу хөгжмөө бусад радиогоор төдийлөн явдаггүй буюу нийтлэг бус гэж тодорхойлж байна. Мөн Channel 11 телевизээ “Монгол” контентуудаар соёлын довтолгоо өрнүүлнэ гэсэн имижээр гаргаж ирж байх жишээтэй.

Тэд тун оновчтой имижээр зах зээлд өрсөлдөж байна гэхэд болно.

Цаашлаад зөвхөн хэлбэр төдийгүй агуулга, чанартаа анхаарснаар энтертайнмент зах зээлийн томоохон тоглогч болох ирээдүй хүлээж байна.

“Энтертайнмент чиглэлийн залуу компанийн хувьд энэ зах зээлд та бүхэнд ирээдүй байна уу?

Дэлхийн энтертайнмент урлагийг соёлын довтолгоогоор Монголд нэвтрүүлэх нь бидний гол зорилго. Манай компанийн телевиз, радио, дуу бичлэгийн студийн хувьд зах зээлд сайн, томоохон тоглогч болох ирээдүй байна гэж хардаг. Бага зардалтай санхүүжилт босгох нь бидэнд тулгарч буй нэн тэргүүний асуудал. Тиймээс гишүүнчлэлтэй бизнесийн томоохон байгууллагад гишүүнээр элсэж, түүгээрээ дамжуулан санхүүжилт босгох боломжтой гэж бодож байна.“ “BP” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Азбаяр

“Дейл Карнеги” сургалт

"Дейл Карнеги" сургалтын баримталж буй таван алхам

Та Дейл Карнегийн хувь хүний хөгжил, бизнест амжилт гаргах тухай номнуудыг уншиж байсан л байх. Тэгвэл 5 бүрэлдэхүүнтэй цомхон баг “Дейл Карнеги”-ийн сургалтыг Монголд оруулаад ирсэн байна шүү. Imap буюу 5 “i” үсэг бол тэдний баримталж гол зарчим. Нэг үсгээр эхэлсэн хэд, хэдэн үгээр сургалтын алхам, гол зорилгоо тодорхойлдог байгууллага цөөнгүй.

Дейл Карнеги Трэйнингийн зорилт тодорхойлох, судалж тодруулах, оролцох, шинийг санаачлах, нөлөөлөх гэсэн 5 алхам амьдралд тэр дундаа бизнест тун бодитой сонсогдож байна. Энэ агуулгаа тус сургалтын байгууллагын хөгжилтэй тоглоом, онцлох хэлбэртэйгээр харуулна гэж байгаа нь бизнес эрхлэгчдийн анхаарлыг татаж магадгүй л юм.

...Энэ төрлийн сургалтын байгууллагууд зах зээлд цөөнгүй, өрсөлдөгчид хүчтэй гэдгийг дурдах хэрэгтэй...

Тиймээс тэд Дейл Карнегийн сургалтын үндсэн мөн чанарыг шинэлэг арга хэлбэртэй хослуулж чадсанаараа л ялгарч чадна.

Бизнесийн зөвлөгөө өгдөг дэлхийн шалгарсан сургалтууд байхад яагаад заавал Дейл Карнеги гэж?

"Дейл Карнеги бол энэ чиглэлийн зөвлөгөө өгч, сургалт явуулдаг дэлхийн ууган бөгөөд шилдэг 20 байгууллагын нэг. Бид уламжлалт танхимын хэлбэрээр бус тухайн хүнд ямар ур чадвар эзэмшүүлэх хэрэгтэй байгааг нээн илрүүлж, түүнийхээ үндсэн дээр сургалтаа явуулдаг.” “Дейл Карнеги” сургалтын маркетингийн менежер Г.Ашиг

“Морнинг Стар Лэнд” ХХК

"Морнинг Стар" барилгын зураг

Уншигч та Нарантуул ОУХТ-ийн ойр орчмоор явсан бол энд өнгөлөг нэгэн орон сууцны барилга баригдсаныг харсан байх. Энэ бол Морнинг Стар төслийн багийнхны ажил. Байршлын хувьд худалдааны төв гудамжинд оршиж байгаа гэдгийг тодотгож, Сингапур архитектурын өвөрмөц шийдлийг тусгасан гэдгээ онцолж байна.

...Орос, Солонгос, Герман, Канад, Япон улсуудын технологи, шийдлээр барьсан орон сууцны хороолол, хотхон бидний хэзээний танил болсон...

Тэгвэл энэ удаад Сингапур шийдэл үнэхээр төгс руу дөхсөн бол шинэ орон сууц худалдан авагчдын эрэлт хэрэгцээг хангах нь мэдээж.

Ер нь яагаад Сингапур архитектур гэж? Архитектурын өвөрмөц шийдлийн тухайд?

"Бид нэгэн хэвэнд цутгасан мэт хэв маягийг эвдэхийг хүссэн. 10 гаруй оронд салбартай Сингапурын “Оng&Ong” архитектурын компанитай хамтран орон сууцны шийдлээ гаргасан. Дотроо нэгдүгээр давхартаа  Lobby танхим, сагсан бөмбөгийн талбай, цэцэрлэг, мини супермаркет, фитнес клуб, авто зогсоол, авто зогсоолын дээр 1500м талбайтай хүүхдийн тоглоомын талбай шийдэж өгсөн. Хийцлийн хувьд бүрэн цутгамал. Гипсэн ханагүй, том өрөөг унтлагын өрөөтэй тусгаарласан хана гэхэд 15 см-ийн зузаантай төмөр бетон цутгамал. Байршлын хувьд худалдааны төв гудамжинд оршдогоороо өсөн нэмэгдэх үнэ цэнэтэй.““Морнинг Стар Лэнд” ХХК-ийн маркетингийн менежер Д.Наранбаатар