Засгийн газар гарын дор гэж амарчилж иргэдийнхээ халаасыг тэмтэрч болохгүй
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун
2016.09.02

Засгийн газар гарын дор гэж амарчилж иргэдийнхээ халаасыг тэмтэрч болохгүй

УИХ-ын гишүүн Х.Болорчулуунтай ярилцлаа.

-УИХ-аар төсөвт тодотгол хийх асуудал яригдаж байна. Төсвийн тодотголын хүрээнд найман татварыг нэмэхээр Засгийн газар санал оруулж ирсэн. Татварын нэмэгдэл дээр ямар байр суурьтай байгаа вэ. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмнэ гэж байна?

-МАН сонгуулийн өмнө мөрийн хөтөлбөртөө ямар нэгэн татварыг нэмэхгүй гэж тусган тэр хүрээндээ татвар нэмэхгүй хэмээн ард түмэндээ амласан.

Татвар нэмнэ гэдэг чинь ачааны хүндийг ард түмэн үүрнэ гэсэн үг. Өнөөдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал ямар байгаа билээ.

Монголын нийт хүн амын 80 орчим хувь нь өр, зээлтэй өндийх завгүй хөдөлмөрлөж байна. Аж ахуйн нэгжүүд нь шат дараалан хаалгаа барьж, орлогогүй боллоо.

Гэтэл үүн дээр нэмээд нийгмийн даатгалын шимтгэлийг нэмнэ гэдэг бол байж болшгүй зүйл.

Нийгмийн даатгалын шимтгэлээс авчбуй 10 хувь хангалттай байхгүй юу. Хэрэв Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмчихвэл аж ахуйн нэгжүүд үүдээ барих нөхцөл улам нэмэгдэж, цалингаа бууруулахаас эхлээд эдийн засгийн далд байдал нэмэгдэнэ.

Өмнө нь яг л ийм байсан. Тиймээс нийгмийн даатгалын шимтгэлийг 10 хувь болгож байсан юм. Ер нь 10 хувь гэдэг бол дан ганц Монгол Улсад мөрдөөд байгаа зүйл биш. Олон улсын жишиг ч ийм л байна. Тийм болохоор нийгмийн даатгапын шимтгэлийг нэмнэ гэдэг чинь маш буруу.

-Мөн тэтгэмжийн асуудал дээр иргэд маш их анхаарал хандуулж байна...

Үнэхээр тэтгэмжийн тал дээр иргэд анхаарал хандуулж байгаа нь үнэн. Эдийн засаг хүнд байгаа үед анхаарахаас өөр арга байхгүй. Оюутны 70200 төгрөгийг гэхэд хавтгайруулан олгож ирсэн.

Миний хувьд бүх оюутан гэж хавтгайруулалгүйгээр сурлагын голч дүн нь 70200 төгрөгийг авах шаардлагад тэнцсэн оюутнуудад олгох нь зөв гэж бодож байгаа.

Төрийн албанд насаараа зүтгэсэн багш, эмч тэргүүтэй албан хаагчдад нэг удаадаа олгодог 36 сарын тэтгэмжийг 1-12 сарын цалингийн дунджаар олгоно гэж байна.

Үүнийг дэмжих боломжгүй. Мөн цалин бууруулна гэх юм. Эдийн засаг хүнд үед цалин бууруулдаг ямар ухаан байна аа. Өнөөдөр зөвхөн цалингаараа амьдарч байгаа маш олон өрх бий.

Тэр хүмүүсийн цалин буурчихвал өр зээлээ яаж төлөх вэ гэдэг байдал үүснэ. Засгийн газар хэмнэнэ, бууруулна, танана гэсэн өнгө төрх бүхий төсвийн тодотгол орж ирсэн.

Эдийн засгийн хямралтай үед бүсээ чангалах нь зөв. Гэхдээ яаж ч бүсээ чангалсан ард түмнийхээ халаас руу гараа шургуулна гэдэг байж болшгүй зүйл. Засгийн газар гарын дор гэж амарчилж иргэдийн халаасыг тэмтэрч болохгүй.

Цалин тэтгэвэр, тэтгэмжийг бууруулна, хасна гэж байгаа чинь төдийлөн их хэмнэлт дагуулахгүй. Таван тэрбум орчим төгрөгт л хэлбэлзэж байна.

Харин цаашид олж болох орлого байгалийн баялгийн татваруудыг нэмэгдүүлэх ёстой. Энэ тал дээр бид алдаатай бодлого явуулж ирсэн. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах нэртэй байгаа бүхнээ туугаад явуулсан.

Алт, зэс зэрэг цөөхөн түүхий эдээс л хувь хүртдэг. Хуучин алтны татвар чинь өсөн нэмэгдэхтэйгээ нийлээд 10 хувь байлаа. Үүнийг лоббидож байгаад 2.5 хувь болгосон. Үүнийг эргээд нэмэгдүүлж байгаа нь зөв гэж үзэж байна.

Богд хаант Монгол Улсын үед алтнаас 17 хувийн татвар авч байсан. Өнөөдөр аж ахуйн нэгжүүд алтны ордоо нэг хүн нөгөөдөө ашиглуулахдаа 20-30 хувийг нь авдаг. Монголын төр хувь хүнээс дор байж болохгүй л байхгүй юу.

-Олон улсын зах зээл дээр байгалийн баялгийн үнэ уначихсан байхад хэчнээн татвар нэмээд ч төсөвт нэмэр байгаа юм уу?

Байгалийн баялгийн тал дээрээ манай улс нүүрс, зэснээс нэлээд хамааралтай.

Одоо нүүрсний үнэ эргээд өсөх байх. Австралид үер болсон гэхчилэн асуудлуудаас болж нүүрсний үнэ олон улсын зах зээлд нэмэгдэх боломжтой болчихлоо.

Манай орны хувьд Оюу толгойгоос маш бага татвар авдаг. "Эрдэнэт" үйлдвэрээс ч бага татвар авдаг л даа.

Оюу толгойн хувьд ”Эрдэнэт''-ээс их борлуулалт хийж байж түүнээс бага татвар авч байна. Харин олон улсын зах зээлд алтны үнэ буураагүй. Бусад түүхий эдийг бодоход харьцангуй тогтвортой байгаа.

-Засгийн газраас төрийн өндөр ал бан тушаалтнуудын цалинг бууруулахаар төсвийн тодотголд оруулж ирсэн. Тиймээс дундаж орлоготой иргэдэд хүндрэл учруулахгүй гээд байна. Татвар нэмнэ гэдэг сургаар дэлгүүрүүд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийхээ үнийг хэдийнэ нэмчихсэн байна?

Бусад улс орнуудад тансаг хэрэглээний татвар гэж байдаг. Моторын багтаамж томтой„ жийп машин унадаг хүмүүсэас татвар нэмж авах нь зөв. Мөн 150 метр квадратаас дээш орон сууцнаас авах татварын хэмжээг нэмэгдүүлэхээр оруулж ирлээ.

Өнөөдрийн нөхцөлд үүнийг хэрэгжүүлээд явах нь тийм ч тохиромжтой биш. Монгол Улсын хэмжээнд эзнээ олоогүй маш олон барилга байна. Тэр байрнууд чинь нэг компанийн нэр дээр явж байгаа болохоор татварыг нэмэх нь буруу.

-Монголбанк бодлогынхоо хүүг 15 хувь болгон нэмэгдүүллээ. Энэ нөхцөлд Сангийн яам зөөлөн бодлого явуулах хэрэгтэй гэж байгаа ч эсрэгээрээ хатуу бодлого явуулж байна гэх юм. Таны байр суурь ямар байна вэ?

Монголбанк бодлогын хүүгээ нэмдэг нь туйлын буруу зүйл болсон. Манай орон шиг ингэж өсгөдөг улс гэж бараг байдаггүй байх.

Манайхан бодлогын хүүг өсгөснөөрөө ам.долларыг хазаарлана гэж ярьж байгаа юм. Бодлогын хүү нь 15 хувьд хүрчихээр арилжааны банкуудын зээлийн хүү 4-5 функтээр нэмэгдэнэ.

Ийм өндөр хүүтэй зээлийг аж ахуйн нэгжүүд авах уу. Авлаа гэхэд тэндээсээ яаж ашиг гаргах вэ. Үйл ажиллагаа явуулна гэдэг итгэл тэнд бараг байхгүй. Ачаа ньдахиад л ард түмний нуруун дээр ирнэ.

Зээлийн хүү өндөр байх тусам инфляци тогтдоггүй. Өндөр хүүтэй зээл аваад үйл ажиллагаа явуулахаар яаж инфляци тогтох юм бэ. Энэ нь өөрөө аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд маш хортой. Монголбанк ингэж бодпогын хүүгээ 15 хувь болгон өсгөсөн нь буруу зүйл болсон.

-Онцгой албан татварыг нэмэгдүүлнэ гээд байгаа. Үүнд архи, тамхи, нефтийн бүтээгдэхүүн гээд орж байна л даа?

Онцгой албан татвар гэдэгт архи, тамхи, нефтийн бүтээгдэхүүн ороод явж байна. Хуучин зах зээлийн үнээр татвар авдаг байсан зүйлийг автоматаар лоббидож байгаад ам.долларын ханшийг 1450 төгрөгөөр тооцуулан авахаар хууль баталсан байхгүй юу.

Энэ бол байж болохгүй л дээ. Адилхан л зах зээлийнхээ зарчмаар явах ёстой. Тухайн өдөр ам.долларын ханш хэд байна, түүгээр нь л бодох шаардлагатай.

-Засгийн газар татвар нэмэх асуудлыг оруулж ирснээрээ иргэд болон аж ахуйн нэгжүүдийг шоконд оруулсан гэхэд болно. Таны хэлсэнчлэн гарын дор амарчилж татвар нэмэхээс өөр эдийн засагт эерэг нөлөөлөл үзүүлэх зүйл алга уу?

Гарын дор амраар нь ард иргэдийнхээ халаас руу төр гараа шургуулж болохгүй гэдгийг дахин хэлье.Тухайлбал, нефтиэс гэхэд Монгол Улс бүтээгдэхүүн хуваах гэрээгээр 20 гаруй хувь хүртдэг.

Гэтэл дэлхийн бүхий л орнууд 40-70 хувийг нь бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хүртэж байгаа. Монгол Улс яахаараа дэлхийд байхгүй ийм багаар тооцдог юм бэ.

Үүнийг өөрчлөх ёстой. Байгалийн нөөц ашигласны төлбөр төлдөггүй талбай байдаг. Тэндээсээ татвар авах ёстой шүү дээ.

Бидэнд нөөц боломж бий. Манайхан гадаадын хөрөнгө оруулалтыг хамгаалж байгаа нэртэй муу гэрээ хийж, тэднийг хамгаалдаг хүмүүс Их хуралд байдаг. Ихэнх нь саяын сонгуулиар цэвэрлэгдсэн ч одоогийн парламентад болон МАН-д тийм хүмүүс байгаа.

Наанаа шударга зүйл ярьчихаад цаагуураа буруу зүйл хийгээд явдаг, муу гэрээг хамгаалдаг хүмүүс бий. Эд нар чинь цаагуураа юманд өртчихсөн хүмүүс байхгүй юу. Монголчууд зөвхөн хусмыг нь аваад байлгүй байгалиа зөв ашиглаад явахад эдийн засагт өөрчлөлт гарна.