Прагматик байх чухал ч хэтрүүлэх хэрэггүй
Саяхан Вьетнам улсын Боловсролын яаманд ажилладаг танил бүсгүй маань тус улс “Олон улсын суралцагчдын үнэлгээний хөтөлбөр” (PISA) шалгалтыг урдахаасаа ч амжилттай байх дүр зураг харагдаж байна гэж “онгиров”.
Тус улс 2012 онд анх өгөхдөө 65 орноос математик дээрээ 17, шинжлэх ухаан дээрээ 8, унших дээрээ 19 дүгээр байранд орсон юм. Ерөнхий дүнгээрээ 15-д орсон нь дэлхийг цочирдуулсан гэж хэлж болох байх. Статистик нь их удаж гардаг болохоор PISA 2015 –ийн үр дүнг харах болоогүй байгаа. Тэгэхээр үнэн эсэхийг нь баттай хэлж мэдэхгүй юм.
Улс орнуудын ерөнхий боловсролын чанарын талаарх зорилго энэ шалгалтад бэлтгэх, дунджаас дээгүүр орох явдал мэдээж биш. Сайн шалгагдаж байгаа нь энэ төрлийн үнэлгээ боловсролын чанарыг харуулж чадаж байна гээд, АНУ эсвэл дунджаас доогуур байгаа зарим улс энэ шалгалтыг үгүйсгэсэн хэвээр л байгаа. Хэрэггүй гэж үздэг бол жилээс жилд оролцогчдын тоо буурсаар, ач холбогдолгүй болох байсан л байх. Харин эсрэгээрээ оролцогчдын тоо, ач холбогдол нь өссөөр байгаа билээ. Үүнтэй төстэй хэд хэдэн шалгалт ч бий.
Энэ шалгалтыг Эдийн засгийн хамтын нөхөрлөлийн орнууд 1998 онд анх санаачилж, 2000 оноос хойш гурван жилд нэг удаа зохион байгуулдаг болсон. 15-16 насны хүүхдүүдээс түүврийн аргаар сонгож, математик, англи хэл, байгалийн шинжлэх ухааны агуулгаар сурсан зүйлээ амьдралд тулгарах бодит асуудал дээр хэр хэрэглэж чадаж байгааг үнэлэх зорилгоор шалгалт авдаг хэмээн зохион байгуулагчид нь тайлбарладаг.
Энэ шалгалтад орж үзээгүй байгаа орнууд нь Африкын орнууд болон манай улс, бас бус жижиг гүрнүүд байх шиг байна.
Бид энэ шалгалтыг мэдээж боловсролын чухал зорилт гэж үзэхгүй байгаа ч баримжаагаа мэдэх ёстой гэсэн байр суурьтай байдаг. Энэ бол хийх шаардлагатай байгаа маш их ажлыг өчүүхэн хэсэг. Ер нь бид дотооддоо ч чанарын баримжаагаа аль хэдийнээ алдсан. Алдаад удаж байна. Юу болж байгааг хэн ч мэдэхгүй. Сүүлдээ мэдэхээсээ ч айдаг болсон.
Жирийн иргэн хүний хувьд улстөрчдийн хийж буй зүйл хамааралгүй л байвал мэдээж амар амгалан сайхан байхсан. Гэтэл биднийг тэд заримдаа үнэхээр “дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” байдалд оруулах юм.
Өмнөх дөрвөн жилд хүүхэд-төвт боловсролын философи, конструктивист суралцахуйг ярьсан. Яахав, хэзээ нэгэн цагт бид үүнийг ярих л ёстой байсан. Өмнөх зүйлийг нь болохгүй гэж үзвэл түүний нөгөө талыг л ярина, хийх гэж хичээнэ шүү дээ. Бидний яг энэ байдлыг ихэнх улс орнууд 1930-аад онд нэлээд эрчимтэйгээр туулсан, шинэчлэл ярьсан. Хоцрогдсон ч гэсэн бид жамаараа явж байгаа нь л энэ юм. Өнгөрсөн 4 жил бол боловсролд олон нийтийн анхаарлыг хандуулах эхлэлийг тавьсан он жилүүд байлаа. Бас ч гэж.
Харин одоо бол Монгол улсын боловсрол хамгийн эгзэгтэй үедээ ирлээ. Тэр нь хэдэн жилийн өмнөх чанарын төвшинд очих уу аль эсвэл бүр доошилсоор байх уу гэдэг. Энд аль аль нам нь буруутай. Олон улсын байгууллагууд удаа дараа бидэнд сануулсаар байсан юм.
Гэтэл Ардын намын мөрийн хөтөлбөрийг харахаар ирэх дөрвөн жилд хэдэн сургууль, цэцэрлэг барих нь дээ л гэж харагдаж байна. Яг л урдынхаараа боловсролын философигүй, философигүй болохоор бодлогогүй, бодлогогүй болохоор төлөвлөгөөгүй л ирж байна. Би уг нь яг ингэнэ дээ гэж бодоод “Гачигдалтай амьдралын давуу тал” гэж ном бичлээ, тэд сөхөж ч харсангүй.
Хүний тухай биш эдгээр хоёр институцийн тухай ярьж байна. Дүрсэлвэл, Ардчилсан намынхан болохоор дөнгөж хэлэх гэсэн зүйлийнхээ оршлыг ярьж эхэлж байтал “аан тийм байна. Яг зөв. PISA өгье, гээд цаашаа гараад Монгол улс PISA өгнө гэж яриад л нарийн ширийнийг нь, дотоод мөн чанарыг нь, ямар их бэлтгэл хэрэгтэйг нь буюу ерөөсөө л дутуу дулимаг, өнгөц ойлгоод бэлтгэлгүй ханцуй шамлаад ороод явчих жишээтэй. Харин нөгөө нам нь “сонсохгүй, тоохгүй эсвэл хэт прагматик хүмүүсийн нэгдэл юм уу” гэмээр байх юм. Өнөөдөр идэх хоолтой байх нь бүхнээс чухал. Сургуулийн тухайд тасралтгүй явж л байвал чанартай байх эсэх нь хамаагүй юм шиг байгаа юм.
Харин манай өвөг дээдэс хоолтой, хоолгүй байх нь чухал биш хүн оюунлаг л байх ёстой гэдэг уламжлалтай байлаа. Уг нь бид нэлээд нухацтай, системтэй, олон улсын жишгийг дагасан, шинжлэх ухааны, эмпирикийн үндэслэлтэй зарим нэг өөрчлөлт хийх байх гэж хүлээж байсан юм. Асуудал ихтэй үед хэт прагматик байх нь зөв л байх. Гэхдээ энэ цаг үед боловсролын салбарт үнэхээрийн онцгой анхаарал тавихгүй юм бол цаашид засаж залруулах боломж улам бүр л багасна. Яахав итгэхгүй байгаа бол бидэнд олдохгүй байгаа зарим нэг шалгалтын үр дүнг эрх мэдлээрээ олоод харчих хэрэгтэй. Бид олж харж огт чадахгүй байгаа юм.
“Intelligence block” хэмээх нэгэн төрлийн сэтгэлзүйн өвчин (aging) байдаг. Түүний шинж тэмдгүүд нь юм уншихгүй, дээд эрэмбийн сэтгэхүйгээ ажилуулахгүй, эрэл хайгуул хийхгүй, сониучирхахгүй, хүн сонсохгүй, хүний хэлснийг дуустал сонсох тэвчээргүй, хүн ярьж байхад өөрийн хэлэх дүгнэлтийг, хэлмээр байгаа зүйлээ л бодоод сууж байдаг, хүний хэлснийг ойлгосон ч юу ч хийлгүй орхичихдог, эсвэл угаасаа юунд ч реакц үзүүлдэггүй байх зэрэг юм.
Монголд энэ синдромоор өвдсөн улстөрч, дарга, төрийн албан хаагч их бий. Харамсалтай нь их хортой, хүнийг хэт прагматик болгож, ахиц дэвшлийг боймолдог. Маслоугийн шатлал дээшээ чиглэлээрээ ч, доошоо чиглэлээрээ ч үнэн шүү гэж бодогдоод л. Жон Дью хэтрүүлдэг ч гэсэн хүн ахиж дэвшихийн тулд эрэл хайгуул хийх сэтгэхүйтэй байх нь хамгийн чухал гэдэг тал дээр түүний түмэн зөв байжээ гэдгийг бид энэ санааг дэвшүүлснээс хойш 100 жилийн дараа ч харж байна.
Амьдрал үргэлжилж л байх нь чухал гэж үздэг хүмүүст хамгийн их тулгамдсан асуудал л чухал. Тэгэхээр өр дарна, хөдөө аж ахуйг хөгжүүлнэ гээд л дөрвөн жил үндсэндээ дуусах юм шиг байна. Яахав манай салбарт хэдэн сургууль, цэцэрлэг барих бололтой. Хэрэв мөрийн хөтөлбөртөө ядаж үүнийгээ мэргэжлийн үгээр “боловсролын хүртээмжийг дээшлүүлнэ” гэсэн бол бид арай өргөн утгыг энэ томьёоллын дор хамруулан өөрсдөө зохиож ойлгоод ингэж түргэдэж бухимдахгүй л байх байсан болов уу. Харин бодит байдал дээр ийм биш бол, аврал эрсэн бас нэгэн салбарыг засгийн газрын мөрийн хөтөлбөртөө дэлгэрэнгүй нэмж, 4 жилийн төлөвлөгөөгөө хэдэн зуу дахин давуулан биелүүлэхээр онцгой арга хэмжээ авах хэрэгтэй байна даа уг нь.