Н.Золжаргал ажлаа тайлагнаж, бодит байдлыг ард түмэнд хэлэх хэрэгтэй
2016.07.21

Н.Золжаргал ажлаа тайлагнаж, бодит байдлыг ард түмэнд хэлэх хэрэгтэй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгчийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэн, 95 хувийн саналаар дэмжлээ.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан учраас УИХ-ын дарга М.Энхболд бүрэн эрхийнхээ хүрээнд Монголбанкны ерөнхийлөгчөөр Н.Баяртсайханыг томилох саналыг оруулж ирсэн юм.

Дээрх асуудлыг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Монголбанкны үндсэн үүрэг нь  Монгол төгрөгийг худалдан авах чадварыг хамгаалах. Хуулийн нэгдүгээр зүйлийн эхний заалт. Монголбанк байшин барьж, шатахууны үнэ тогтоож,  малчны, оюутны хөтөлбөр хэрэгжүүлдэг газар бүр ч биш. Энэ хүнийг Монголбанкны Ерөнхийлөгч болж байхад Монгол төгрөгийн америк доллартай харьцах ханш 1300 төгрөг байсан. Өнөөдөр долларын ханш 2030 байна. Монгол төгрөгийн ханш 50 илүү хувиар унасан. Энэ нь иргэдийн амьдрал ахуйд яаж нөлөөлснийг бид мэднэ. Д.Эрдэнэбат гишүүн та, АН-ын бүлгийн дарга байхдаа Монгол Улсад эдийн засаг хямраагүй ээ, хямрал бол МАН-ын зохиосон үлгэр гэж байсан. Гэтэл одоо яагаад эдийн засаг хямарсан, хүнд үеийг авч гарсан гэж яриад байна вэ?

Монголбанкны Ерөнхийлөгч байсан Н.Золжаргалаас Монгол төгрийгийн худалдан авахчадварыг яагаад унагаав гэж асуух ёстой. Үүнийхээ учир шалтгааныг тайлбарлах ёстой. Урьд урьдын Монголбанкны Ерөнхийлөгч нар УИХ-л орж ирээд ажлынхаа тайланг яриад, дүгнэлтээ хэлээд байрь сууриа илэрхийлээд, санал хураадаг байсан. Монгол Улсын  эдийн засгийн гол судсыг барьж, бүх бодлогыг хэрэгжүүлж байсан хүн өнөөдөр нэг өгүүлбэр бичиж өгөөд чөлөөлөгдөөд л явчихдаг. Юу нь болсон юм, юу болохгүй байсан юм бэ. Үнэхээр эдийн засаг хүндэрсэн юм уу, энэ байдлаа тайлагнаад, ард түмэнд бодит байдлыг тайлагнах хэрэгтэй. Н.Золжаргалыг дуудаж, асуух хэрэгтэй” гэлээ.