Албан тушаалын халаа сэлгээнд цэг тавих хууль
Төрийн эрх барих хүчин солигдоод удаагүй байна. Өмнө засгийн үед өөрсдийн хүнээ томилох зорилгоор халаа сэлгээ маш их хэмжээгээр хийгдсэн. Энэ нь ч тэднийг ард түмэн сонгохгүй байх шалтгаан болсон юм. Тиймээс шинэ эрх баригчид үүнийг анхаарч ажиллах ёстой.
Төрийн энгийн албан хаагчдаас цаашлаад цэвэрлэгчийг хүртэл хомроглон халдаг гэлцэх юм билээ. Төрийн албан хаагчид эрх баригчдийн албан тушаалын наймаа, мөнгө босгох зорилгоор хоморголон халах нь гэсэн шуумаар битүүхэн амьсгалж айж байх шиг. Гэвч эрх баригч намын мөрийн хөтөлбөрийн гол амлалт бол мэргэжлийн засгийн газрыг бүрдүүлнэ гэж амалсан. Тиймээс УИХ төрийн албаны тухай хуулийг яаралтай батлаж энэ бүх асуудалд цэг тавих үлдлээ.
Монгол улсын төрийн албаны тухай хууль 1994 онд батлагдсанаар төрийн албаны бие даасан хуультай болж өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа, нэмэлт өөрчлөлт оруулсан. Харин Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн бөгөөд тус хууль хүлээлтэд ороод удаж байна. Энэхүү хууль нь өмнөх хуулиас давуу талтай болж төрийн алба, төрийн албан хаагчийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулах, төрийн албан хаагчийн хариуцлагын тогтолцоо нийгмийн баталгааг хангахад чиглэсэн олон зүйл заалтуудыг тусгасан.
Хуулийн төсөлд Төрийн албаны зөвлөлийг өргөн эрх мэдэлтэй байхаар тусгасан. Тухайлбал УИХ-д шууд асуудал оруулах, хууль санаачлах, захиргааны, шүүхийн шинжтэй эрх мэдлийг тусгасан байна. Түүнчлэн хамгийн чухал зүйл бол төрийн албан хаагчийн тогтвортой ажил эрхлэх нөхцлийг бүрдүүлэх сонгуулийн дараах халаа сэлгээг зохистой хуульчлах гэх мэт чухал асуудлыг тусгасан.
Мөн төрийн албан хаагчийг ажилласан жилийг харгалзаж шаталсан зарчмаар албан тушаал ахиулах зүйл заалт тусгагдсан. Энэ нь ямар нэг шинэ хүн ирээд дарга өндөр түвшиний албан тушаал ахидаг, олон жил ажилласан төрийн албан хаагчид хамын харьяалалгүй бол дэмжлэг авдаггүй гээд олон асуудлууд засагдах юм. Төрийн албаны тухай хууль Монгол төрийн залгамж халааг бэлдэх, төрийн албан хаагчдын харилцааг зохицуулж байгаа.
Хуулийн төсөлд орсон зарчмын шинжтэй гол өөрчлөлтүүд
-
Төрийн жинхэнэ албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын ангилалд шатлан дэвших /карьерийн/ журмаар албан тушаал дэвшин ажиллах нөхцөлийг тусгасан.
-
Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг тухайн байгууллагын төрийн жинхэнэ албан хаагчаар тодорхой хугацаанд түр орлон гүйцэтгүүлж, хуульд зааснаас бусад тохиолдолд түр орлон гүйцэтгүүлэхийг хориглохоор шинээр тусгасан.
-
Төрийн албан хаагч хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас улсад учруулсан хохирлыг удирдах болон төрийн албан хаагчид хариуцахаар хуулийн төсөлд тусгав.
-
Төрийн жинхэнэ албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг тогтоож, шаардлага хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах журмаар томилдог байх, төрийн албан хаагч хуульд заасан нийтлэг шаардлага, болзол болон албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан тохиолдолд төрийн албанд ажилладаг байх тогтолцоог хуулийн төсөлд тусгав.
-
Төрийн албаны тогтвортой, тасралтгүй хэвийн үргэлжлэн явагдах нөхцөл, залгамж чанарыг хангах зорилгоор төрийн албанаас чөлөөлөгдсөн, халагдсан, албан тушаал буурсан тохиолдолд албан тушаалаа хүлээлгэн өгөх тухай харилцааг шинээр тусган томъёолов. Мөн тухайн харилцааг зөрчвөл хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг тусгав.
-
Хуулийн төсөлд иргэн төрийн үйлчилгээний албанд орох, албан тушаал эрхлэх хугацаанд улс төрийн аливаа намын гишүүнээс түдгэлзэх,төрийн жинхэнэ албанд орохдоо гишүүнчлэлгүй байх, түүнчлэн төрийн албан хаагч улс төрийн аливаа нам, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй болон улс төрийн сонгуульт албан тушаал давхар эрхлэхгүй байх зохицуулалтыг тус тус тусгав.
-
Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог төрийн жинхэнэ албанд анх орох туслах түшмэлийн албан тушаал, Төрийн жинхэнэ албан тушаалын ангилал бүхий албан тушаалд шатлан дэвших /карьерын/ албан тушаал, Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаал болон сонгон тогтоох гэсэн 4 хэлбэрээр нөхөхөөр шинэчлэн тусгасан.
-
Томилох эрх бүхий этгээдийн томилсон албан тушаалтан нь удаа дараа ёс зүйн болон сахилгын зөрчил гаргавал төрийн албаны төв байгууллага ёс зүйн дүгнэлт гаргаж, албан тушаалаас нь огцруулах буюу ажлаас чөлөөлүүлэх хүртэл арга хэмжээ авахуулах санал, шаардлагыг тухайн томилсон эрх бүхий этгээдэд хүргүүлэх, мөн төрийн жинхэнэ албан хаагч нь өргөсөн тангарагаа зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэдэг байхаар тус тус хуульчилсан.
-
Албан тушаалтанд хариуцлага хүлээлгэсэн, төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлсэн, Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж байхаар төсөлд тусгав.
-
Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох иргэнийг нэр дэвшүүлэн сонгон шалгаруулах нь томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтантай санал зөрчилдөх магадлал зарим талаар тулгарч болзошгүй тул сонгон шалгаруулалтаар төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх боломжгүйд хүрвэл сонгон тогтоох зарчмаар төрийн албаны жинхэнэ албан хаагчдын дундаас судалгаа хийж албан тушаалд тавигдах шаардлагыг хангаж буй албан хаагчийг сонгон шалгаруулалтад оруулах нь зүйтэй гэж үзлээ. Ингэснээр төрийн залгамж чанар, төрийн албаны мэргэшсэн тогтвортой байдал цаашид хангагдах давуу талтай.
-
Төрийн албанд өндөр мэдлэг боловсролтой, шударга, хариуцлагатай, ёс зүйтэй хүмүүсийг сонгон авч тэдгээрийг чин сэтгэлээсээ тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс нийгмийн баталгааны асуудлыг мөн тусгаж оруулсан.
-
Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан тохиолдолд тухайн байгууллагын нийт албан хаагчдын 10 хүртэл хувиас хэтрэхгүйгээр хүний нөөцийн хөдөлгөөн хийхээр хуулийн төсөлд тусгав.