Хууль сахиулах тухай хуулиар юуг зохицуулах вэ?
2016.06.09

Хууль сахиулах тухай хуулиар юуг зохицуулах вэ?

Монгол Улсад хууль сахиулах чиг үүргийг цагдаа, гааль, татвар, мэргэжлийн хяналтын зэрэг олон салбарын байгууллага хэрэгжүүлдэг. Тэдгээрийн үйл ажиллагааны үндэслэл, журмыг Захиргааны хариуцлагын тухай, Төрийн хяналт шалгалтын тухай, Гаалийн тухай, Өрсөлдөөний тухай, Татварын ерөнхий хууль зэрэг хуулиар зохицуулж байна.

Энэ нь хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг үүсгэж, улмаар хууль сахиулах үйл ажиллагааг харилцан адилгүй, тэнцвэргүй хэрэгжүүлэх замаар хүний эрхэд халдах, хүний эрхийг хязгаарлах зэрэг зөрчил, дутагдал илэрч байна. 

Иймд зөвхөн зөрчлийг шалган тогтоохоос гадна нийгмийн хэв журмыг сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой зохицуулалтыг багтаах, улмаар түүнтэй холбоотой тусгай хэрэгсэл, хүч хэрэглэх асуудлыг нэгтгэн журамлаж бие даасан Хууль сахиулах тухай хуулийн төслийг боловсруулах шаардлага тулгарсан учраас энэхүү хуулийн төслийг боловсруулсан. Хуулийн төсөлд тусгасан зарим зүйл заалтаас дор хүргэж байна.

Хууль сахиулах гэж зөрчил шалгах болон нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажиллагааг хэлнэ. Энэхүү ажиллагааны явцад шуурхай, энэрэнгүй байх, нууцлалыг хамгаалах, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, эрүү шүүлт, хүнлэг бус харьцаанаас ангид байх зарчмыг баримтална.

... Хууль сахиулах ажиллагаанд шаардлага тавих,  хувь хүн, хуулийн этгээдийн баримт бичиг шалгах, тээврийн хэрэгслийг зогсоож шалгах, шилжүүлэн байршуулах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, түр саатуулах,  согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн эсэхийг шалгах, гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, эрэн сурвалжлах ажиллагаа явуулах, мэдээллийг төлбөртэй авах, албадан ирүүлэх зэрэг орно ....

Тухайлбал, нийтийн хэв журмыг сахиулах үүднээс согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох, жагсаал цуглаан албадан тараах, гамшгийн үеийн болон хорио цээрийн дэглэм тогтоох ажиллагаа явуулж болно гэж заасан.

Ийнхүү зөрчилд шийтгэл оногдуулах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагааг нэгдэн журамласнаар иргэд, хуулийн этгээдийн эрх ашиг зөрчигдсөн өнөөгийн байдал арилж, эрх зүйт төр, хүмүүнлэг ардчилсан нийгэм бэхжинэ.