Зорилго нь аргаа зөвтгөдөг үе дууссан
-Хууль хүнийг хамгаалдаг болсон цагт хүн хуулийг хамгаалдаг-
-Өнгөрөгч долоо хоногт УИХ Прокурорын байгууллагын тухай хуулийг баталлаа. Өнгөрсөн дөрвөн жил хийх гэж чармайсан хуулийн шинэчлэл үүгээр дуусч байна гэж ойлгож болох уу?
-Шинэчлэл дуусаагүй. Шинэчлэлийн үйл явцбг бүхэлд нь авч үзвэл гуравны нэгээ л туулж байна. Хууль буюу цаасан дээр буулгах дүрэм журмыг боловсруулах ажлын суурь нь хийгдчихлээ. Үүнийг дагуулаад боловсон хүчний шинэтгэл явна. Одоо байгаа боловсон хүчиндээ энэ хуулийн дагуу ажиллах арга зүй, үзэл санааг бий болгох, хуулийнхаа гол зарчмуудыг өөрөөрөө дамжуулж илэрхийлэх, итгэл үнэмшил болгох сургалтуудыг зохион байгуулж байж хууль амьдралд хэрэгжиж эхэлнэ. Эрүү, Зөрчлийн хуулийн араас “процессийн” гэж ярьдаг үйл ажиллагаатай холбоотой хуулиудаа баталлаа. Үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд ард нь Прокурорын байгууллагын тухай хуулийг баталж өгч байгаа юм.
Бид социализмаас нэг зүйлийг уламжилж авч ирсэн. Зорилго нь зөв бол арга ямар байх нь хамаагүй, хүч хэрэглээд ч хамаагүй зорилгодоо хүрэх ёстой. Аргыг бол дараа нь зөвтгөж болно гэж үздэг байлаа. Шударга ёс, бодит байдал, зөв зүйлд хүрэхийн тулд хүн алаад ч хамаагүй хүрэх газраа хүрэх ёстой гэсэн буруу бодлоосоо болоод манай хуулийн байгууллагууд хүчирхийлэгч, олон нийтийг эргэлзүүлэгч болоод хувирчихсан.
Энэ байдлыг засахад процессийн хууль маш чухал. Хүнд, албан тушаалтанд эрх мэдэл өгч болно. Тэр эрх мэдлээ яаж хэрэгжүүлэх вэ гэдгийг нь нарийвчилж зааж өгөхгүй бол түүнийг хувийнхаа амьдралд ашиглаж, өс хонзон авахдаа, эсвэл тоглоом шоглоом хийх зорилгоор ч ашиглаж болно. Үүний цаана маш олон иргэн хохирч, авилга цэцэглэж, албан тушаалаа урвуулах байдлаар хөрөнгөжих явдал гардаг. Тиймээс сүүлд баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай хоёр хуулиар эрх мэдэл, албадлагын хэрэгсэлтэй, төрийн нэрээр бусдыг айлгаж чадах тэр хүмүүс тэр эрх мэдлээ ямар тохиолдолд яаж хэрэглэх юм, яаж хязгаарлагдах юм гэдгийг нарийвчилж өгсөн. Монгол Улсад энэ чиглэлийн хуулиуд маш их дутагдалтай байсан. Энэ утгаараа философи, үзэл баримтлалын хувьд суурь шинжтэй хуулиудыг сая баталлаа.
-Хуулийн байгууллагын алхам бүрийг, үйлдэл нэг бүрийг хуульчилж өгч байж ямар нэг зорилгоос үүдсэн хүчирхийлэл гаргуулахгүй байж чадна гэсэн үг үү?
-Гав, бороохойноос эхлээд маш олон төрлийн хүчирхийлэл болон албадлагын хэрэгсэл төрд байна. Гэтэл үүнийгээ яаж хэрэглэх, хэнд, хэзээ хэрэглэх, хэрэглэснийхээ дараа яаж тайлбарлах, алдаа гарсан бол яаж залруулах вэ гэдэг нь хангалттай зохицуулалтгүй байлаа. Энгийн жишээ хэлье. Гав ашиглах эрхтэй маш олон байгууллага байгаа. Гэтэл үүнээс нь болоод хүн үхэж ч болно шүү дээ. Гавлаад мартчихсан, эсвэл таагүй нөхцөлд гавласнаас болоод.
Гэтэл гав хэрэглэдэг хэдэн байгууллага байна, яаж хэрэглэх талаар нэгдсэн дүрэм журам байна уу гээд харахаар цагдаагийн байгууллага дээр л жаахан байгаа. Бусад байгууллагад нь хуулийн ямар ч зохицуулалт байхгүй. Байгуулллагын даргын гаргасан журам байна, эсвэл огт дүрэм журам байхгүй. Ингэж хэрэглээд болоод ирсэн юмаа л гэдэг. Галт зэвсэг, биеийн хүч мөн адилхан. Ийм хүчтэй албадлагын эрхтэй байгууллагуудын дүрэм журмыг тодорхой болгож, хуульчилж өгөөгүйгээс болоод үргэлж ойлгомжгүй байдал, хэрүүл, хэл ам дагуулдаг. Нэг талаас иргэд байнга хардаж шүүмжилнэ. Нөгөө талаас хууль сахиулах, ажлаа хийхийн тулд нөгөө хүмүүс тэр арга хэрэгслээрээ байнга иргэдтэй тулна. Нэг ч тогтсон хэм хэмжээ байхгүй. Хөлбөмбөг, спорттой яг адилхан шүү дээ. Ямар ч дүрэмгүй, шүүгчгүйгээр талбай дээр гараад хөлбөмбөг тогло гэвэл эцсийн дүндээ дайн тулааны нөхцөлд л хүрнэ шүү дээ.
-Эрүүгийн процессийг нарийвчлаагүйгээс болж хүний эрхийн зөрчлөөс гадна хилсдүүлэх, хэлмэгдүүлэх явдал их гардаг гэдэг шүү дээ?
-Гэмт хэрэгтэй тэмцэх, хэрэг илрүүлэх, ял зэм оноох үйл явц маш нарийн зохицуулсан хуульгүйгээр эцсийн дүндээ хүнийг хэлмэгдүүлэх аюултай. Өнөөг хүртэл бид үндсэндээ байцаалтын аргаар, цаасан нотлох баримтаар, “Вышенскийн” гэж ярьдаг өөрөөр нь нотлуулах гэж оролддог онол, арга зүйгээр явсан. Хуулийн профессорууд олон жилийн өмнөөс онигоо болгож ярьдаг байлаа. Германы болон Монголын мөрдөгчид ойгоос туулай олж ирэх даалгавар өгчээ. Германы мөрдөгч нь туулайг барьж ирээд “Туулай бол хоёр чихтэй, тийм ийм шинжтэй” гэж бүх шинжийг нь хэлээд хамгийн сүүлд нь “Гэхдээ таны хэлсэн туулай энэ мөн эсэхийг мэдэхгүй байна. Яагаад гэвэл нэг чих нь хугарсан байна. Тийм учраас би туулайг тавиад явууллаа” гэдэг.
Гэтэл Монголын мөрдөгч баавгай барьж ирээд “Энэ бол туулай. Худлаа гэвэл та өөрөөс нь асуухгүй юу” гэдэг. Баавгайнаас асуусан чинь “Би туулай” гэдэг. Баавгайг ч туулай болтол нь хүч хэрэглэж чаддаг. “Вышенскийн” гэдэг энэ зарчимд хэрэг мөрдөх үйл ажиллагаанд ороод, цагдан хоригдоод, хүчирхийллийн системд нь хэрчүүлээд гарч ирсэн хэн ч байсан хэл гэснийг нь л хэлдэг. Гэмт хэрэгтэн мөн үү биш үү, буруутай юу үгүй юу гэдгийг айдас, хүчирхийллийн арга хэрэгслээрээ далайлгаж өөрөөр нь нотлуулах гэж оролддог энэ тогтолцоог өнөөдөр бид сууриар нь халж байна. Одоо бол шинжлэх ухаанлаг ажиллагаа, бодит баримтад тулгуурласан нотолгооны шинэ онол, арга зүй рүү шилжсэн процессийн хуультай боллоо. Энэ соёл, арга зүй рүү ороод ирэхээр “Хэлмэгдүүлж байна, эрүүдэн шүүж байгаад өөрөөр нь нотлуулчихлаа, гүтгэлэг хууль ёсны болж хувирлаа” гэдэг хардалт, таамаг алга болно.
-Эрүүгийн процесс дотор өмнө байгаагүй дэвшилттэй санаануудыг дэлгэж ярина гэвэл дуусахгүй байх. Одоо хүний асуудал их чухал юм байна, тийм үү?
-Энэ хуулиудын доторх деталуудыг нь яривал хэдэн зуун дэвшилтэт санаа, агуулга байгаа. Энэ дэвшилтэт үзэл санаа, арга барил, зарчмыг үйл ажиллагааныхаа хэв шинж болгосон шинэ соёл бүхий хууль сахиулагчид, хуулийн байгууллагын ажилтнууд бий болно. Ингэвэл хуулиас айж сүрдэх, хууль сахиулагчаас болгоомжилж цэрвэх биш, хамтраад хууль сахиулах, шударга ёс, бодит байдал, зөв бурууг тогтоохын төлөө явдаг систем тогтоно.
“Хууль хүнийг хамгаалдаг болсон цагт хүн хуулийг хамгаалдаг юм аа” гэж үг байдаг даа. Одоо бол хууль хүнийг хамгаалахгүй байгаа. Харин ч эсрэгээрээ жам ёсны дагуу, байгаагаараа аж жаргалтай, хэний ч эрхийг зөрчихгүйгээр амьдарч болох тэр боломжийг нь хууль улам төвөгтэй, бэрхшээлтэй болгоод байна. Хуулиас гадуур байгаа нь хожиж, хуулийн дор байгаа нь хохирох тогтолцоо байгаа учраас үүнийг өөрчлөх гэж оролдож байна. Энэ шинэтгэлийн үзэл санааг тайлбарлаж таниулаад амьдралд хэрэгжүүлээд эхлэхээр олон хүн “Аан. Нөгөө их эсэргүүцэлтэй тулаад, дарга цэрэг, хурандаа нартай тулаад байсан өөрчлөлт чинь тэр хүмүүст биш бидэнд, жирийн иргэнд зориулсан хуулийн тогтолцоо юм байна” гэдгийг ойлгоно.
-Сая Ерөнхийлөгч Дарханд иргэдтэй уулзахдаа хэлж байна лээ. Процессийн гээд байгаа шинэтгэл чинь малыг хувьчилж, орон сууцыг иргэдэд үнэгүй өгсөнтэй яг ижил нийгмийн шинжтэй маш том реформ юм шүү гэж?
-1992 оны Үндсэн хуульд “Иргэний эрх, эрх чөлөө” гэж маш том бүлэг бий. Тэнд Монгол Улсад хууль ёсоор оршин сууж байгаа хэн боловч салшгүйгээр эдлэх эрхийг жагсаасан байгаа. Тэр жагсаалт өмнө нь тунхгийн шинжтэй, цаасан дээр үлддэг байсан бол энэ шинэтгэлийн үр дүнд бодитойгоор хүний салшгүй эрх болж хувирч байна. Тэр салшгүй эрх лүү нь халдаж байгаа шударга бус байдал, эрх чөлөөгөө дур зорго гэж андуурдаг, зөвхөн өөрийгөө бүхний орой дээр тавьж бусдыг үгүйсгэдэг хэсэгт нь бас “Хуулийг ингэж сахидаг, сахиулдаг юмаа” гэдгийг ухаалгаар, үр дүнтэйгээр харуулах тогтолцоо бүрдэж эхэлж байна. Өмнө нь хүмүүс итгэдэггүй байлаа шүү дээ. Буруутай ч бай, зөв ч бай “Хэлмэгдүүлж байгаа даа” гэж нэг хэсэг нь харж байхад нөгөө хэсэг нь “хүчирхийлж байгаад ч хамаагүй хэргээ илрүүлэх ёстой, авлигачдыг явуулах ёстой” гэж зүтгэдэг. Одоо бол асуудлыг ингэж хоёр туйлд гаргаж хэрэлдэхгүй.
-Нөгөө талаас төрийг ч бас хүчтэй болгож байгаа юм биш үү? Ямар нэг нөлөө, эрх ашиг, бүлэглэлийн сонирхлоос хамгаалж байна гэсэн үг биз дээ?
-Төр гэхээсээ илүү хууль өөрөө хүчтэй байх боломж нээгдэж байна. Бид ихэнхдээ, Эрүүгийн хууль гэх мэт материаллаг гэж ярьдаг хуулиуддаа албан тушаалтанд эрх мэдэл олгоод байдаг. Гэтэл албан тушаалтан тэр эрх мэдлээр нийтийн ашиг сонирхол, төрийн мөн чанарын төлөө ажиллах биш төрд хувалж болж наалдсан өөрийн, бүлэглэлийн эрх ашгийн төлөө ажиллаад байсан. Одоо энэ эрх мэдлээ ямар үед яаж хэрэглэх вэ гэдгийг нь хуулиар заагаад өгөхөөр нөгөө хүн хууль зөрчсөн үйлдэл хийвэл өөрөө гэмт хэрэгтэн болно. Хүссэн хүсээгүй нийтийн ашиг сонирхол, иргэний эрх эрх чөлөө, төрийн мөн чанар луу орж ажиллахаас өөр аргагүй болно. Гав, бороохойтой, албардлага хэрэглэх эрх мэдэлтэй хүн өөрийгээ “би хүчтэй” гэж харах биш, “би хууль, нийтийн ашиг сонирхол, шударга ёсны төлөө үүнийг хийх ёстой” гэдэг дүрэм журамтай л тулгарч байгаа байхгүй юу.
-Энэ хуулиудыг хэрэгжүүлэх субект буюу салбарынхан дээр одоо гол ачаа ирэх нь дээ?
-Тийм. Өмнө нь айж бэргэдэг байсан албан тушаалны биш, хүндэтгэж итгэдэг хуулийн засаглал тогтоно гэсэн үг. “Шударга ёс хүчгүй байх аюултай. Хүч чадал шударга бус байх бас аюултай” гэж үг бий. Энэ хоёрын сул талыг нөхсөн тогтолцоо руу бид алхчихлаа. Хэн нэг хүчтэй удирдагчид захируулах, хэн нэгний ааш аягаар амьдрах биш, ухаалгаар бодож олсон, амьдралын үнэнээс гарсан хууль дүрэмд захирагдаж сурах тухай соёл руу алхаж байна. Ийм хууль байна, энэ хуулийг ингэж хэрэгжүүлнэ гэсэн хоёрдагч систем ажиллаж эхэлнэ. Манайд энэ хоёрдагч систем өмнө нь байгаагүй.