“Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ” өдөрлөг болов
Элсэлтийн ерөнхий шалгалт хаяанд ирчихжээ. Энэ үед төгсөх ангийн сурагчид ирээдүйн мэргэжлээ хэрхэн сонгох вэ хэмээн бодож суугаа.
Үнэхээр ч мэргэжил сонгоно гэдэг хормын төдийх сэтгэл хөдлөл, эцэг эхийн хүслээр шийдчихдэг асуудал биш. Тиймээс ч мэргэжил сонголтын асуудалд зарим хүүхдүүд бүдрэх тохиолдол байдаг нь нууц биш. Тэгвэл ахлах ангийн сурагчдад мэргэжлээ сонгоход нь туслах зорилгоор Хөдөлмөрийн яам, “Бодлого стратегийн судалгааны хүрээлэн” ТББ, ШУТИС-ийн захиргаа хамтран “Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ” нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа.
Өдөрлөгийн үйл ажиллагаанд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан болон холбогдох албаны хүмүүс оролцсоноос гадна нийслэлийн өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулж буй 10 гаруй сургуулийн 200 гаруй сурагчид, эцэг эхчүүд хүрэлцэн ирсэн байлаа. Хөдөлмөрийн сайд хэдхэн хоногийн дараа ахлах сургуулиа төгсч, амьдралын их далайд гарах гэж буй сурагчдыг энэхүү өдөрлөгийн үйл ажиллагаанд анхаарлаа хандуулахыг уриалсны зэрэгцээ “Монгол Улсын Засгийн газар хэдийгээр эдийн засгийн хүндхэн нөхцөл байдалд байгаа ч гэсэн өнөөдрийн үйл ажиллагааг хойч үе болсон хүүхэд залуус та бүхний төлөө зохион байгуулж байгаа юм.
Амьдрал гэх их далайд та нар тун удахгүй гарна. Тиймээс Хөдөлмөрийн яам Бодлого стратегийн судалгааны хүрээлэнгийн ах эгч нарыг нь урьж, зөвлөгөө мэдээллийг өгч байгаа юм. Тэдгээр хүмүүсийн яриаг сайн сонсоорой. Та нар мэргэжлээ зөв сонгож чадвал, тэр чинь насан туршийн чинь амьдралын баталгаа болдог юм шүү. Ажилтай, орлоготой, мэргэжилдээ дуртай байх юм бол амьдралаа зөв зохиож, өнөр өтгөн айл болж чадна. Хамгийн гол нь амьдралдаа сэтгэл хангалуун байж чадна. Мөн та нарын араас өдөр шөнөгүй санаагаа чилээж явдаг аав ээж тань сэтгэл хангалуун байх болно. Монгол Улсын ирээдүй бол та бүхэн. Яах вэ буруу мэргэжил сонгож болно. Тэгсэн ч дахиад хоёр дахь мэргэжлээ зөв сонгох хэрэгтэй. Би нэг л зүйлийг хэлмээр байна. Та нар Монгол улсынхаа ирээдүйг нуруундаа үүрч авч яваа тул мэргэжлээ л зөв сонгоорой.
Та нарын дунд мундаг инженер, улстөрч, эдийн засагч гээд Монгол орныхоо ирээдүйг нүүр бардам аваад явах хүмүүс сууж байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна” хэмээсэн юм. Цаг завгүй ажлын хажуугаар хойч үедээ зөвлөгөө өгөхөөр хүрэлцэн ирсэн Хөдөлмөрийн сайдын яриаг Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид анхааралтай сонсч байсан. Тиймээс ч захиас зөвлөгөөг нь сайтар биелүүлэх бизээ. “Мэргэжлээ хэрхэн сонгох вэ” өдөрлөгт салбарын олон байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирж, сурагчдад зөвлөгөө мэдээллийг өгч байв.
Тухайлбал, Бизнетворк консалтингийн гүйцэтгэх захирал Н.Жавхлан “Мэргэжлээ сонгох арга зүй” сэдвээр илтгэл тавьсан бол Монголын оюутны холбооны үйл ажиллагааны талаар тус холбооны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Ган-Эрдэнэ танилцуулсан юм. Түүнчлэн “Инженер технологийн дээд боловсрол” төсөл буюу Япон улсад 1000 инженер бэлтгэх талаар төслийн ажилтан М.Нарантуяа, ШУТИС-ийн оюутанд үзүүлж буй үйлчилгээ тэтгэлэгт хөтөлбөрийн талаар Оюутны хөгжил, үйлчилгээний салбарын ахлах мэргэжилтэн Д.Цогзолмаа нар тус тус танилцууллаа. Үүнээс гадна мэргэжлийн боловсрол сургалтын онцлог, Монгол Улсын хөгжилд оруулж буй хувь нэмэр сэдвээр Хөдөлмөрийн яамны харьяа Мэргэжлийн боловсрол сургалтын бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Р.Эрдэнэтуяа сурагчдад зөвлөгөө мэдээллийг өгсөн юм.