Судалгаа маань үргэлжлэн хийгдээд нийт элэгний В вирүст архаг хепатиттай 380 хүнийг хамраад байна
"Хүрэлтогоот-2015" эрдэм шинжилгээний бага хуралд Анагаах Ухааны, салбараас “В ба Дельта Вирүст Архаг Xепатитийн уeд qHBsAg , M2BP -ийг xарьцуулан судалсан дүн” сэдэвт судалгааны бүтээлээрээ түрүүлэн БСШУЯ-ны сайдын нэрэмжит грантын эзэн болсон Xvний их Эмч АУ-ны Магистр Гидаагаяа овогтой Сарантуяаг бид энэ удаагийн “Залуу Эрдэмтэн” булангийнхаа зочиноор урин ярилцлаа.
Танд энэ өдрийн мэндийг хүргэе!
Баярлалаа. Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая.
Та өөрийнхөө тухай танилцуулахгүй юу?
Би 2004 онд Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийг хүний их эмч мэргэжлээр дүүргэсэн. 2005-2009 онуудад дотрын эмч, хоол боловсруулах эрхтэн судлаач буюу гастроэнтеролог эмчийн нарийн мэргэшил эзэмшсэн. 2011 оноос ЭМШУИС-ийн Их Сургуулийн Эмнэлэгт ажиллаж байгаад 2013 оноос хойш Интермед эмнэлэгт гастроэнтеролог эмчээр ажиллаж байна.
2011 оноос Шинжлэх Ухаан Технологийн Сангийн инновацийн төслийн хүрээнд “Хеликобактерийн халдварыг илрүүлэх MON-HP уреазийн түргэвчилсэн оношлуурыг үйлдвэрлэх” төсөл ЭМШУИС, Анагаах Ухааны Сургуулийн гастроэнтерологийн тэнхим, Сувилахуйн сургууль дээр хэрэгжсэн.
Миний бие АУ-ны доктор, дэд профессор Х.Оюунцэцэг, АУ-ны доктор, профессор Н.Бира багш нарынхаа удирдлаган дор энэхүү төслийн багт орж ажилласан. Төслийн хүрээнд манай улсад тархалт өндөр байдаг, ходоодны хавдар үүсгэх үндсэн шалтгааны нэг гэж үздэг хеликобактерийг илрүүлэх уреазийн түргэвчилсэн оношлуурыг үйлдвэрлэх жишиг үйлдвэрийг Монгол улсад анх удаа байгуулж, оношлуураа үйлдвэрлэж эхэлсэн. 2013 онд энэхүү шинэ оношлуураа гадаадын ижил төрлийн болон бусад стандарт шинжилгээнүүдтэй харьцуулан “Хеликобактерийн халдварыг илрүүлэх MON-HP уреазийн түргэвчилсэн оношлуурын мэдрэг өвөрмөц чанарыг судалсан дүн” сэдвээр АУ-ны магистрийн зэрэг хамгаалсан. Харин докторын зэрэг горилсон эрдмийн ажлаа элэгний В ба Дельта вирүст хепатитийн оношилгоо, эмчилгээний чиглэлээр хийж байна.
Таны судалгаа “В ба Дэльта Вирүст Архаг Xэпатитийн уeд qHBsAg , M2BP -ийг xарьцуулан судалсан дүн’’ сэдэвтэй, судалгааны ажлынхаа талаар дэлгэрэнгүй яривал?
Монгол улсад элэгний В, С вирүсийн архаг халдварын зэрэгцээ Дельта вирүсийн халдвар өндөр тархалттай байгааг өмнөх судлаачид тогтоосон байдаг. Дельта вирүс нь бие даан өвчин үүсгэх чадваргүй мутацитай вирүс бөгөөд зөвхөн В вирүст хепатиттай хүнд халдварласнаар элэгний өвчний явцыг түргэсгэн богино хугацаанд цирроз, хавдрыг үүсгэдэг.
Гадаадад нийт архаг В вирүст хепатиттай өвчтөнүүдийн 5% орчим нь Дельта вирүсийн хавсарсан халдвартай байдаг бол манай улсад энэ тоо 30-60% байдаг гэж судлагдаад байна. Бид В ба дельта вирүсийн хавсарсан халдварыг дан В вирүст хепатиттай харьцуулан судалж байгаа. Судалгаандаа АУ-ны салбарт сүүлийн жилүүдэд нэвтэрсэн qHBsAg, M2BP гэсэн 2 маркерийг ашигласан. qHBsAgмаркер нь дан ба хавсарсан халдварын үед хавдар үүсэх эрсдэлийг тодорхойлох, вирүсийн эсрэг эмчилгээний үр дүнг тогтооход ашигладаг бол M2BP уураг нь элэгний циррозын зэргийг тогтооход ашигладаг. “Хүрэлтогоот -2015” эрдэм шинжилгээний хуралд судалгааны эхний үр дүнгийн хэсгээс танилцуулсан.
Үүгээр сонгон авсан дан В вирүст хепатит ба В, Дельта вирүст хавсарсан халдвартай 2 бүлэг өвчтөнүүдийн нас, хүйсний хооронд ялгаа байхгүй ч хавсарсан халдвартай бүлэгт элэгний үйл ажиллагааны болон M2BP гэсэн үзүүлэлтүүд өндөр гарсан. Энэ нь хавсарсан халдварын үед элэгний үрэвсэл давшингуй явж, богино хугацаанд цирроз үүсгэж байгааг харуулсан юм. Судалгаа маань үргэлжлэн иммунолог болон молекул биологийн шинжилгээнүүд хийгдэж байна.
Сүүлийн 20 жилийн судалгаагаар элэгний архаг өвчний нэлээд их хувийг HDV нь эзэлж байгаа гэсэн судалгаа гарсан байсан гол шалтгаан юутай холбоотой вэ?
Энэ нь нэг талаас В вирүсийн өвчлөл, эмчилгээний асуудал, нөгөө талаас хүн амын эрүүл мэндийн боловсрол муу байгаатай холбоотой. Манай улсын хүн амын 10% орчим нь В вирүстэй буюу монгол улс тархалт өндөртэй бүс нутагт хамаарагддаг. Элэгний вирүст хепатитийн өвчлөл өнгөрсөн зууний 70-80аад оноос хойш их дэгдэлттэй байсан. Харин 1992 оноос В вирүст хепатитийн дархлаажуулалтын хөтөлбөр хэрэгжиж бүх нярайг дархлаажуулж эхэлсэн.
Гэтэл вирүсийн эсрэг эмчилгээнүүд 2000 оноос хойш хийгдэж эхэлсэн ч өрдөг өндөр тул өвчтөнүүд тэр бүр авч ууж чаддаггүй, эмчилгээ эхэлсэн ч замаасаа эмчилгээгээ хаях тохиолдол их гарч байсан. Өнгөрсөн жилээс элэгний В вирүсийн эм хөнгөлөлттэй үнэтэй орж ирснээр өвчтөнүүд эмээ авч уух боломжтой болсон. Гэтэл одоо элэгний Дельта вирүсийн эмчилгээний зардал жилийн 18сая төгрөг болж байна. Үүнийг дааж эмчлүүлэх өвчтөн маш цөөн байдаг. Ер нь бол өвчтэй хүмүүсээ эмчилснээр эрүүл иргэдээ хамгаалах боломжтой. Элэгний В вирүс нь зөвхөн цус цусан бүтээгдэхүүн, буцалгадаг тариураар дамждаггүй сахлын татуурга, сойз зэрэг ахуйн хэрэгсэл, дутуу халдваргүйтгэсэн эмнэлгийн багаж хэрэгсэл, шивээс, бэлгийн замааар халдвар дамждаг. Хүн амын дунд халдвараас сэргийлэх эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр их ажил хийх шаардлагатай санагддаг.
Элэгний цирроз нь цусны шинжилгээнүүдэд ямар үзүүлэлтээр илэрдэг вэ?
Ер нь элэгний циррозийг илрүүлэх “алтан стандарт” арга нь элэгний эдийн шинжилгээ юм. Энэ нь арьс салстыг гэмтээдэг, цус алдах, өвдөлт үүсгэх зэрэг хүндрэлтэй тул сүүлийн жилүүдэд инвазив бус буюу хүнд гэмтэл бага үүсгэн элэгний циррозийн зэргийг тогтоох шинжилгээнүүд,багажууд анагаах ухаанд нэвтэрсэн. Үүнд фибросканийг дурьдаж болно. Хэвлийн ЭХО шинжилгээнд дээр суурилсан уг багажаар элэгний өөхлөлт, циррозын зэргийг үнэн магадтай гаргах боломжтой болсон.
Цусны шинжилгээний хувьд шууд ба дам аргаар циррозийг тогтоодог. Дам арга гэдэг нь цусны ерөнхий, элэгний биохимийн зарим үзүүлэлтийг тусгай томъёонд оруулан тооцоолж гарсан утгаар нь циррозыг зэргийг барагцаалах боломжтой. Шууд арга гэдэг нь элэгний циррозийг илтгэх тусгай маркерийг цусанд илрүүлж утгаар нь циррозын зэргийг тогтоох боломжтой. Энэ чиглэлээр маш олон судалгаанууд хийгдэж байна. Миний судалсан M2BP маркер энэ төрөлд багтдаг. Энэхүү уургийг саяхан буюу 2011 онд Японы эрдэмтэд нээсэн ба циррозын үед элэгний эсийн гадаргуугийн уургийн молекулын бүтэц өөрчлөгддөгт суурилсан шинжилгээ. ОдоогоорЯпоны эрдэмтэд M2BP маркерийг С вирүст элэгний хепатит, элэгний өөхлөлт зэрэг өвчний үед судалсан судалгаанууд олон улсын сэтгүүлд хэвлэгдсэн. Бид анх удаа В вирүст хепатит болон В, Дельта хавсарсан халдварын үед судалж байна.
Элэгний дельта буюу ввирус гепатиттай өвчтөнүүд ямар шалтгаанаар хөдөлмөрийн чадварын насандаа элэгний өмөнгөөр өвчлөх болов?
Дээрх дурьдсанаар элэгний В вирүстэй хүн Деьта вирүсийн халдвар авсан тохиолдолд элэгний өвчин богино хугацаанд даамжирч 5-10 жилийн дотор элэгний цирроз үүсгэдэг. Цирроз үүснэ гэдэг нь элэгний өмөн үүсэх өндөр эрсдэлтэй гэсэн үг юм. Дан В вирүст халдвартай өвчтөнд 35 наснаас хойш цирроз үүсдэг бол В, Дельта хавсарсан халдварын үед 20 настайдаа цирроз оношлогдох нь элбэг.
Дэлхийн гепатитын өдөр жил бүр тохиодог энэ өдрөөр иргэдийг элэгний вирусийн шинжилгээнд хамруулж байна. Одоогоор хичнээн хувь нь шинжилгээнд хамрагдсан тухай статистик тоо, баримт бaйдаг уу?
Монгол улсад нийт хүн амын тэдэн хувь нь шинжилгээнд хамрагдсан гэсэн тоог одоогоор хэлж мэдэхгүй байна.
Монгол улсын хүн амын дундах вирүст хепатитийн өвчлөлийг гаргасан эпидемиологийн судалгаа одоогоор байхгүй. Өөрөөр хэлбэл жинхэнэ тархвар зүйн түүврийн аргаар судалгаанд оролцогчдоо санамсаргүйгээр түүвэрлэж сонгоод вирүсийн тархалтыг судалсан судалгаа байхгүй байна. Өмнөх судалгаанууд нь голдуу эмнэлэгт суурилсан, элэгний архаг өвчтэй, цусны донороор шинжлүүлсэн эсвэл доторхой насны хүүхдүүд, Улаанбаатар хотын оршин суугчдын дунд зэрэг хязгаарлагдмал хүн амын дунд хийгдсэн байдаг.
Миний бодлоор хүн амын багахан хэсэг нь вирүсийн шинжилгээ өгсөн байдаг. Гэвч нэг удаа шинжилээ өгөөд вирүс илрээгүй бол санаа амраад яваад байж болохгүй. Шинжилгээг 1-2 жилд давтан өгч байх шаардлагатай. Энэ нь халдвар авсны дараа шинж тэмдэгггүй шууд архагшдагтай холбоотой. С вирүсийн архаг халдварын үед ихэвчлэн шинж тэмдэггүй архагшдаг.
Германы "Хил хязгааргүй" шүдний эмч нар жил болгон Moнголд ирж орон нутагт ажиллаад буцахдаа монголчуудын шүдний өвчлөл дэлхийн хэмжээнд аюултай түвшинд хүрээд байна гэж байсан түүнтэй адил, элэгний өвчлөлөөрөө манай улс сүүлийн жилүүдэд ямар шатандаа явж байна вэ?
Манай улсад хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөл нийт өвчлөлд 2-р байх эзэлдэг. Монгол улсад элэгний өмөнгийн шалтгаант нас баралт дэлхийн дундажаас 6-7 дахин их буюу хамгийн их элэгний өмөнгийн тархалттай орон гэж тооцогдоод хэдэн жил болж байна. Мөн элэгний В, С, Дельта вирүсийн халдварын тархалт өндөр орны нэг. Ийм ч учраас төрийн болон төрийн бус байгууллагын хүчин чармайлтын дүнд өнөөдөр элэгний В, С вирүсийн эм хөнгөлөлттэй үнээр орж ирсэн. Ирээдүйд ойрын 10, 20, 30 жилд элэгний өвчлөл, циррозын хүндрэл, элэгний өмөнгийн өвчлөл мэдэгдэхүйц буурна гэж бодож байна.
Таны судалгааны ажлын практик ач холбогдол нь юунд оршиж байна?
Өмнөх судлаачид маань В, Дельта вирүсийн халдварыг тархалт, вирүс судлалын талаас түлхүү судалсан. Энэхүү судалгаа маань дан ба хавсарсан архаг халдварыг харьцуулан эмнэл зүйн онцлог, эмчилгээний үр дүнг тогтооход чиглэснээрээ практик ач холбогдолтой. Нөгөө талаас qHBsAg, M2BP зэрэг шинэ маркерийг ашигласан нь судалгааны шинэлэг тал болсон гэж бодож байна.
Судлаач хүний хувьд таны цаашдын зорилго юу вэ? Таны судалгааны ажил цаашид хэрхэн өргөжих, илүү судлагдах боломжтой вэ?
Судалгаа маань үргэлжилж байна. “Хүрэлтогоот-2015” эрдэм шинжилгээний хуралд судалгааны эхний үр дүнг танилцуулсан гэж өмнө нь дурьдсан. Судалгаа маань үргэлжлэн хийгдээд нийт элэгний В вирүст архаг хепатиттай 380 хүнийг хамраад байна. Одоо эдгээр хүмүүстээ Дельта вирүсийн хавсарсан халдварыг илрүүлэх шинжилгээ болон вирүсийн идэвхжилийг илрүүлэх шинжилгээг хийж эхэлсэн. Үүний дүнд элэгний В вирүст архаг хепатиттай өвчтөнүүдийн хэдэн хувьд дельта вирүсын халдвар хавсарч байгааг тогтооно.
Судалгааны 2-р шатанд В ба Дельта вирүст хепатиттай өвчтөнүүдэд вирүсийн эсрэг эмчилгээг хийн 1.6 жилийн туршид даган судалж эмчилгээний үр дүнг тогтоохоор төлөвлөсөн.
Хүрэлтогоот-2015ЭШБХ-д хуралд оролцсон сэтгэгдлээсээ хуваалцвал?
Хүрэлтогоот- 2015 ЭШБХ-д Анагаах ухааны чиглэлийн салбар хуралдаанд илтгэл тавьсан. Хурлын эхэнд гадаадад эрдмийн зэрэг хамгаалсан эрдэмтэд судалгааны ажлаа танилцуулсан нь их шинэлэг санагдсан. Мөн тус хуралт тавигдсан илтгэлүүдийг сонсоод байхад жилээс жилд чансаагаар дээшилж, судалгааны арга нарийсч байгаа нь ажиглагдсан.