Үндэсний бичиг үсэг, соёлын баримтат өвийг судалгааны эргэлтэд оруулахыг чухалчлав
Эх хэлээ эрхэмлэн дээдлэх, бичиг соёлын дурсгалаа сурталчлах зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын нээлтийн ажиллагаа өнөөдөр Монгол Улсын Үндэсний номын сангийн Их уншлагын танхимд боллоо.
БСШУ-ы сайд Л.Гантөмөр нээж хэлэхдээ, “Монгол бичиг үсэг нь хүн төрөлхтний түүхийн урт замд улс үндэстнүүд, ястан угсаатнуудын удаа дараа зохион хэрэглэж, гээж, мартаж, сэргээн шинэчилж ирсэн бичиг үсгийн дотроос түүхэн нас, хэв хэлбэр, зурлага татлага, байрлалаараа ч давтагдашгүй өвөрмөц юм. Эх хэл бичиг соёлоо үндэсний хэмжээнд сурталчлаад зогсохгүй дэлхийн түвшинд таниулах, эх хэлээ эрхэмлэн дээдлэх, соёлын баримтат өвийг судалгааны эргэлтэд оруулах нь чухал ач холбогдолтой. Монгол Улс мөнхөд оршиж, монгол бичиг соёлоо ард иргэд, хойч ирээдүй болсон оюутан залуус, хүүхэд багачууд та бүхэн улам бүр ойлгон ухамсарлаж, түүнийг сурах, судлах, түгээн дэлгэрүүлэх, хойч үеийнхэндээ өвлүүлэн үлдээх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна” хэмээн онцлов.
Энэ үеэр БСШУЯ-наас үндэсний бичиг үсгээ дээдлэн, түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсан хүмүүст олгодог “Үндэсний бичиг соёлыг дэлгэрүүлэгч” цол тэмдэг болон Ардын багш Д.Чойжилсүрэнгийн нэрэмжит “Монгол бичгийн улсын уралдаан”-ны шилдгүүдийг тодрууллаа.
“Үндэсний бичиг соёлыг дэлгэрүүлэгч” цол тэмдгээр Шашны их сургуулийн монгол хэлний багш Б.Жамбал, Хөвсгөл аймгийн Галт сумын ЕБС-ийн багш Б.Сэнгээ, “Төрөлх монгол” сэтгүүлийн эрхлэгч, яруу найрагч Б.Батхүү, “Монголын нууц товчоо” 180 метр хатгамал торгон номыг бүтээсэн Т.Сумъяа нарыг тус тус шагнаж урамшуулав.
Мөн тус номын санд “Үндэсний баримтат өвийн дурсгалаас”, “Нүүдэлчин Монголчуудын ном, цаг хугацаа, орон зайгаар аялах нь”, “Монголчуудын бичиг үсгийн дурсгал” сэдэвт үзэсгэлэнг дэлгэснээс гадна монгол бичгийн ховор дурсгал бүтээл, номын худалдаа зохион байгуулж, уран бичээчид үзүүлбэр үзүүлэв.
Ирэх сарын 03-ныг хүртэл үргэлжлэх “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын хүрээнд Монгол бичгийн тэргүүний уншигч шалгаруулах “Үндэсний бичиг соёл” улсын XI уралдаан, Б.Батхүүгийн нэрэмжит “Уран бичлэгийн уралдаан”, “Монголын нууц товчоо” 180 метр хатгамал номын үзэсгэлэн, “Төрөлх монгол хэл” үзэсгэлэн, "Монголчуудын бичиг үсэг-соёлын баримтат өв болохнь " сэдэвт эрдэм шинжилгээ-онол практикийн хурлыг тус тус зохион байгуулна.
Хамтран зохион байгуулагчаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Үндэсний Архивын газар, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Хүүхдийн төв номын сан, МУИС-ийн МХСС, МУБИС, “Хүмүүн бичиг” сонин, “Сод номун” төв, “Бичиг соёл” төв ажиллаж байна.
Нээлтийн ёслолын ажиллагаанд БСШУЯ-ны Соёлын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Гантөмөр, БСШУЯ-ны Соёлын өвийн хэлтсийн дарга С.Урантөгс, Төрийн соёрхолт, гавьяат багш, доктор, профессор Ш.Чоймаа, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун, Ардын уран зохиолч Т.Галсан, Монгол судлалын Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, доктор Д.Заяабаатар, нийслэлийн болон орон нутгийн нийтийн номын сан, их, дээд сургуулиудын номын сангийн захирал, эрхлэгчид, ахмад номын санчид, ЕБС-ийн сурагчид оролцов.