Эдийн засгийн байнгын хороо ажлаа тайлагналаа
2012.02.27

Эдийн засгийн байнгын хороо ажлаа тайлагналаа

УИХ-ын 2011 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулсан ажлын талаар тус Байнгын хорооны дарга Р.Буд, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

Тус байнгын хорооны гишүүд Төрөөс мөнгөний бодлогын талаар 2012 онд баримтлах үндсэн чиглэл, Банк, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах хүрээнд Зээлийн мэдээллийн тухай, Зээлийн батлан даалтын сангийн тухай, Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулиудыг хэлэлцэн батлах, жижиг, дунд үйлдвэрийн тогтвортой хөгжлийг эрчимжүүлэх, Компанийн засаглалыг боловсронгуй болгох замаар тэдний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, эрх зүйн орчинг шинэчлэх чиглэлээр Компанийн хуулийг шинэчилж найруулах, Газрын тосны салбарын үйл ажиллагааны бодлогыг тодорхойлсон баримт бичгийг батлах, 2012 оны Улсын төсвийн тухай, Хүний хөгжил сангийн төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн төсвийн тухай хуулийн төслүүдийн талаар санал дүгнэлт гаргах, зарим хууль, тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, тодорхой сэдвээр Засгийн газар, холбогдох сайдын мэдээлэл сонсох зэрэгт үндсэндээ төвлөрч ажиллажээ.Тайлант хугацаанд тус Байнгын хороо нийтдээ 25 удаа, хуулийн төсөл хэлэлцүүлэгт бэлтгэх болон хяналтын чиглэлээр хорооноос байгуулагдсан ажлын хэсэг 40 гаруй удаа тус тус хуралдаж, эдгээр хуралдаанд ойролцоогоор 300 гаруй цаг зарцуулсан байна.Байнгын хороо давхардсан тоогоор 80 гаруй асуудал хэлэлцэж, тэдгээр асуудлаар нийтдээ 60 гаруй санал, дүгнэлт, танилцуулга бэлтгэн гаргаж, УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсний зэрэгцээ хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх чиглэлээр Байнгын хорооноос 20 гаруй ажлын хэсгийг байгуулан ажиллуулжээ.

Дээрх хугацаанд хэлэлцэж баталсан Монгол Улсын статистикийн салбарыг 2011-2015 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөр нь Статистикийн үйл ажиллагааны дунд хугацааны зорилтыг тодорхойлох, статистикийн байгууллагын үйл ажиллагаа, үзүүлэлтүүдийг олон улсын стандартад нийцүүлэх, зорилго, зорилт, цаашид хийх үйл ажиллагааг дэвшүүлэх, түүнд хүрэх арга зам, шаардагдах хөрөнгө, хүн хүчний нөөцийг нарийвчлан тооцож, дэс дараатай хэрэгжүүлэх тулгуур баримт бичиг болсон байна.

Зээлийн мэдээллийн тухай хууль нь иргэн, аж ахуйн нэгж байгууллагын банк, санхүүгийн байгууллага болон бусдаас авсан зээлийн түүхийн мэдээллийн бааз сүлжээ үүсгэж, мэдээллийг шинэчлэх, хадгалах, хамгаалах замаар эзэмшин ашиглаж, хэрэглэгчдэд шаардлагатай мэдээллийг өгөх үйлчилгээ үзүүлэх эрх зүйн үндсийг анхлан бүрдүүлсэн шинэ зохицуулалт болсон бөгөөд нэг талаас зээлийн эрсдэлийг бууруулах, нөгөө талаас иргэд, аж ахуйн нэгжийн зээл авах үйл ажиллагааг ханган шуурхай болгоход чиглэгджээ.

Бичил бизнес, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид банк, санхүүгийн байгууллагаас зээл авахад барьцаа хөрөнгө дутагдалтай тохиолдолд Засгийн газар үүсгэн байгуулагчаар болон давхар батлан даагчаар орж байгаа бөгөөд төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, иргэн, хуулийн этгээд хамтран байгуулсан Зээлийн батлан даалтын сангаас зээлийн батлан даалт гаргаж, эрсдэлийг хуваалцах санхүүжилтийн механизмыг бий болгох, Зээлийн батлан даалтын сангийн эрх зүйн байдал, төрийн болон санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах зарчим, удирдлага, зохион байгуулалт, бүтэц, үйл ажиллагааны зарчмыг тогтоож, хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулахаар Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийг баталсан байна.Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийг батлан гаргаснаар хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаа олон улсын нийтлэг зарчимд нийцэж, цаашид тогтвортой хөгжих эрх зүйн орчин бүрдэх, хадгаламж, зээлийн хоршооны талаарх нийгмийн сэтгэл зүйд эерэг хандлага үзүүлж, санхүүгийн зах зээлийн хөгжилд зохих үр дүн гарна гэж үзэж байгаа аж.

Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан нь хуулийн үйлчлэх хүрээ өргөжиж, банк бус санхүүгийн, даатгал, үнэт цаасны үйл ажиллагаа явуулж буй компани төдийгүй төрийн болон орон нутгийн өмчит компанийн нийтлэг асуудлыг зохицуулах, шинээр хаалттай хувьцаат компани байгуулахад баримтлах журмыг тодорхой болгох, хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах тогтолцоо бий болгох, компанийн төлөөлөн удирдах зөвлөл, түүний дэргэдэх мэргэжлийн хороодуудын чиг үүргийг тодорхой болгосноор төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны бие даасан хараат бус байдал хангагдах, тэдний хариуцлага дээшлэх зэрэг эрх зүйн шинэ орчинг бий болгожээ.

Монгол Улсын үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, стратегийн ач холбогдол бүхий газрын тосны салбарт хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлэх, газрын тосны нөөцийг өсгөх, олборлолтыг нэмэгдүүлж, газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулах, газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээг тогтвортой хангах, үндэсний аж үйлдвэрийн суурийг бий болгох чиглэлээр Төрөөс газрын тосны салбарт 2017 он хүртэл баримтлах бодлогыг баталсан байна.
Эх сурвалж
open-parliament.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.