Тойргоо жижиглэх, томруулах талаар ярилцаж байгаа
2016.05.03

Тойргоо жижиглэх, томруулах талаар ярилцаж байгаа

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга О.Баасанхүүгээс Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтэд ямар байр сууриас хандаж байгааг тодрууллаа. 

-Танай эвслийн бүлэг Цэцийн дүгнэлтийг хэлэлцэхээр завсарлага авсан. Ер нь ямар байр суурьтай байна вэ? 

-Цэцэд маргаан үүссэнтэй холбоотой Хууль зүйн байнгын хорооноос миний бие, Төрийн байгуулалтын байнгын хорооноос Д.Лүндээжанцан гишүүнийг итгэмжлэгдсэн гишүүнээр явуулсан. Гэтэл Хууль зүйн байнгын хороонос явуулсан миний итгэмжлэлийг хүчингүй болгоод Д.Лүндээжанцан гишүүн ганцаараа очсон. Ингээд Цэц нэн яаралтай шийдвэр гаргалаа гэх нэрээр хууль зөрчсөн шийдвэр гаргасан. 

Хоёр хууль зөрчсөн. Юуны өмнө 2012 оны шийдвэрээ хүчингүй болгосон. Дараа нь УИХ-ыг шууд зааварчилсан буюу УИХ-д үүрэг өгсөн шийдвэр гаргасан. Тодруулбал, зарим хуулийн заалтыг хүчингүй болгож өөрчил гэдэг чиглэл өгсөн. Цэц зөвхөн алдаатай заалтыг хянах ёстой болохоос ямар нэг заалтыг өөрчлөх, хэвээр нь байлгах эсвэл шинээр хууль өргөн барих нь УИХ-ын хууль тогтоох бүрэн эрх байдаг. Мөн шийдвэрийг нь яаралтай дэгээр хэлэлцэхээр болж, хоёр намын бүлэг жижигрүүлсэн мажоритараар явуулах мэдэгдэл хийж эхэлсэн. Энэ бол том ухралт гэж бид үзэж байгаа. 

-“Шударга ёс” эвсэл өнгөрсөн баасан гаригт Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт болон Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлтэй холбоотой асуудлаар хуралдсан. Энэ тухайд?

-Манай эвсэл найман гишүүнтэй. Тухайн үед долоон гишүүн хуралд оролцсон. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон гадаадад томилолттой байсан. Гишүүд бүгд Цэцийн шийдвэрийг хүлээж авах нь зүйтэй гэдэгт 100 хувь санал нэгдсэн. Харин хувилбарын тухайд тойргоо жижигрүүлэх, томруулах асуудал дээр ярилцаж байгаа. Монгол Улсаа нэг тойрог гээд 76 гишүүнийг 200-300 мянган хүнээс сонгодог болъё гэдэг дээр бүгд санал нэгдсэн. 

-Сонгуулийн тогтолцооны хувилбарын тухайд тодруулахгүй юу?

-Хууль бол ухралт байж болохгүй. Бид жижигрүүлсэн мажоритараар яваад ухралтыг үзсэн. Өөрөөр хэлбэл, 51 нь ялдаг, 49 нь буюу нийт сонгогчдоос 500-600 мянган хүний санал хаягддаг. Тиймээс алдаатай байна гэж үзээд 2004 онд хуулийг нь өөрчилсөн байдаг. Тэр нь 2008 онд эргээд  зөрчил рүү оруулсан. Тиймээс бид пропорциональ тогтолцоог цаашид илүү боловсронгуй болгох ёстой.