Бүх мэдээллийг иргэний үнэмлэх дотор багтааж болох уу?
2016.04.29

Бүх мэдээллийг иргэний үнэмлэх дотор багтааж болох уу?

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Иргэний улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл нар танилцуулав.

Хууль санаачлагын илтгэл болон байнгын хорооны санал дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын зарим гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Хоёр том хөрштэй жижиг улсын хувьд энэ хуулийг нилээн нухацтай хэлэлцэх ёстой. Гэтэл бидний бодол санаа Сонгуулийн хуульд л анхаарч байна. Ийм үед энэ чухал хуулийг хэлэлцэж байна гэдэг дэндүү хариуцлагагүй зүйл. Иргэний харьяалалд шилжих замаар гадны нөлөөлөл Монгол Улсад орж ирж болзошгүй.

Ямар нэг уул уурхай дагаж орж ирсэн, гадны харьяалалтай Монголд төрсөн хүүхэд 16 жилийн дараа Монгол улсын харьяат болох бололцоог энэ хоёр хуулиар нээж өгч байна.

 УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Монгол Улсын иргэний бүртгэл, шилжилт хөдөлгөөнтэй холбоотой ажилд мэдээллийн технологи хэр нэвтэрсэн байгаа вэ?

Олон Улсын дундажтай харьцуулахад ямар түвшинд байна? Шаардлагатай тохиолдолд Монгол Улсад оршин суугаа болон, гадаадад буй иргэдийн тоог хэдий хэр хугацаанд гаргаж чадах вэ? Хууль гарснаар үүнд чанарын өөрчлөлт гарах уу? гэдгийг тодрууллаа.

Харин УИХ-ын гишүүн  С.Бямбацогт “Иргэний бүртгэлийн тухай хууль батлагдахаар Иргэний үнэмлэхийг дахин шинэчлэх үү?  Хэдэн жилийн өмнө Иргэний үнэмлэхийг  солихын тулд хөрөнгө, мөнгө, цаг  хугацаа их зарцуулсан. Бүх мэдээллийг иргэний үнэмлэх дотор багтааж болох уу?

 

Өөр нэг асуудал бол Цахим гарын үсэгний тухай асуудал. Хэрэв цахим гарын үсгийг хэрэглэвэл нилээд их хөрөнгө мөнгө хэмнэх бололцоо бий”.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлийн талаар тодорхой мэдээлэл өгнө үү.

Шилжилт хөдөлгөөний бүртгэл болон сонгогчийн бүртгэл их маргаантай асуудал. Нас барсан хүмүүсийн нэрээр санал өгсөн тохиолдол их бий.

Ирэх сонгуульд зориулан шилжилт хөдөлгөөн их хийж байна гэсэн мэдээлэл байна. Тиймээс ийм зүйлсийг хаах хэрэгтэй” гэлээ.

Иргэний улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийг төслүүдийг хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналаар санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 59.6 хувийн саналаар дэмжсэнээр хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ