Оюутны сургалтын зээлд 100 гаруй тэрбум төгрөг зарцуулна
2016.04.29

Оюутны сургалтын зээлд 100 гаруй тэрбум төгрөг зарцуулна

Өчигдөр болсон Сайдын цаг уулзалтад Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр оролцлоо.

Тэрээр шинээр баталсан боловсролын хуулиудын онцлог, "Зөв монгол хүүхэд" үндэсний чуулган, сургалтын зээл, дээд боловсролын шинэчлэл гэсэн үндсэн дөрвөн сэдвээр мэдээлэл өгсөн юм.

Энэ сарын 14-ний өдөр Боловсролын багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-аар батлуулсан. Энэхүү багц хуулийн зарим онцлогийг тэрээр тайлбарлалаа. Уг хуульд өмнөхөн байгаагүй буюу шинээр хэд хэдэн заалт оржээ. Тухайлбал, "... цэцэрлэг, сургуулийн удирдах албан тушаал эрхэлж байгаа багшийн мэргэжлийн зэрэг хэвээр хадгалагдах", "... зайлшгүй нөхцөл байдлын улмаас хүүхдээ зургаан наснаас нь сургуульд элсүүлэх боломжгүй малчин эцэг, эхийн хүсэлтийг үндэслэж сургуулийн зөвлөл шийдвэрлэх", "Бүх шатны боловсролын хөтөлбөрт Монголын түүх, хэл, соёл, үндэсний өв уламжлал, зан заншил, эх оронч сэтгэлгээ, хувь хүний төлөвшил, хөгжил, гэр бүл, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйл, суралцагчийн гүйцэтгэх сайн дурын үйл ажиллагааны төрөл, агуулгыг заавал тусгаж, музей, номын сан, кино зэрэг соёл, урлаг, спортын байгууллагын боломжийг ашиглахаар зохион байгуулна" гэхчилэн заажээ. Уг хуулиар дээд боловсролын зэрэг олгох коллеж байгуулж болохыг хуульчилсан байна. Ингэснээр

ерөнхий боловсролын сургуулийн сурагчид заавал 12 жил суралгүйгээр дээд боловсрол эзэмшиж болно. Нэг ёсондоо аравдугаар ангиасаа дээд боловсрол эзэмшүүлэх коллежид суралцажболох ажээ. Мөн бүх их, дээд сургуулийг магадлан итгэмжлэлд оруулахыг шинэ хуулиар зохицуулж байгаа юм байна. Ингэснээр тухайн сургууль шинээр мэргэжилтэн бэлтгэх анги нээхдээ заавал магадлан итгэмжлэгдэнэ. Ингэснээр чанаргүй боловсрол эзэмшүүлэх үндэслэлгүй болж байгаа гэнэ.

Түүнчлэн Засгийн газраас баталсан "Сайн оюутан" хөтөлбөрийн талаар танилцуулав. Уг хөтөлбөрийн үр дүнд оюутнууд сургалтын төлбөрөө банкны хөнгөлөлттэй нөхцөлөөр зээлж авах боломж бүрдэж байгаа. Энэхүү зээлийг гурван төрлөөр олгох бөгөөд нийт оюутнуудын сурлагын голч дүн 2.5-аас дээш байх ёстой. Харин 3.1 хувиас дээш голчтой оюутнуудад банкны ямар нэгэн барьцаагүй зээл олгохоор төлөвлөж байгаа юм байна. Харин сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд энэ оны эхний сард эхний  шатанд 200 сургуулийн төсөл шалгарч амжилттай хэрэгжиж байгаа ажээ.

Тэрээр ийн мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

-Сургалтын төлбөрийн зээл таван хувийн хүүтэй байна гэсэн. Энэ тал дээр арилжааны банкуудтай зөвшилцөлд хүрсэн үү. Зээлийн санхүүжилтийн эх үүсвэр бий юу. Мөн оюутнуудад ямар шалгуур тавих вэ?

-Мэдээж хэрэг тодорхой шалгуур бол байна. Голч дүнг голлоно гэж төлөвлөж байгаа. Түүнчлэн тухайн хүүхдийн эцэгэхийн санал, сурах идэвх, сургуулийн тодорхойлолт зэргийг үндэслэнэ. Бидний зүгээс энэхүү зээлд 50 гаруй мянган оюутан хамрагдах болов уу гэж тооцоолж байгаа. Тэгэхээр 100 орчим тэрбум төрөгийн санхүүжилтийн эх үүсвэр шаардпагатай. Засгийн газар бонд гаргаж түүнийг нь Монголбанк санхүүжүүлэх юм. Зээл олгох журам ирэх долоо хоногт батлагдчих байх.

-Их, дээд сургууль дээр инноваци хөгжиж байгаа. Яг үйлдвэрлэлийн хэмжээнд хүртлээ хөгжсөн төсөл бий юу?

-Үйлдвэрлэлд нэвтрэхээс өмнө хэрэглээ болоод зах зээлээ олоод ажиллаж байгаа бүтээгдэхүүн цөөхөн байна. Гэхдээ бид эмчилгээний төрлийн, анагаахын чиглэлийн цай, бэлдмэлийг зах зээлийн эргэлтэд оруулж байгаа. Дараагийн бүтээлийнхээ туршилт, судалгааг хийгээд явж байна.

-Малчдын хүүхдийг долоон настайд ньсургуульд оруулж болно гэж байгаа. Гэвч хүүхдүүдийн хувьд нас чацуутнуудтайгаа хамт нэг ангид суралцахгүй бол сургуулиа орхих тохиолдол олон. Яваандаа сургуульд сураагүй "малчдын омог"- той болчих юм биш үү?

Боловсролын хуулиар зургаан настай хүүхдүүдийг сургуульд оруулах хаалгыг л нээж өгч байгаа юм. Өөрөөр хэлбэл таван настай хүүхдийг сургуульд оруулахгүй байхаар хуульчилсан. Хуулийн логикийг ойлгох хэрэгтэй. Өнөөдөр ч гэсэн жил бүр мянга гаруй хүүхэд долоон настайдаа элсэж байгаа. Тиймээс заавал малчны хүүхэд гэж онцлоод байх хэрэггүй. Найман настайдаа элсэж байгаа хүүхэд ч бий. Харин малчны хүүхдэд тусгайлсан бодлого хэрэгтэй юм. Тэрийг нь бид гаргасан. Зургаан настай хүүхдүүдэд зайны сургалт явуулж байна. Улмаар хоёрдугаар ангидаа элсэж болно. Эсвэл хоёрдугаар ангидаа шууд  ороод түргэвчилсэн сургалтад хамрагдаж болно. Ер нь нэг насны зөрүүг арван насных мэт хүлээж авах хэрэггүй.

-ЕБС-иуд сургалтын онцлогоос хамаарч өөр өөр хөтөлбөртэй байдаг. Тухайлбал, хятад хэлний сургалттай сургууль тухайн улсынхаа түүх, уран зохиолыг судалдаг. Ингэснээр 30, 40 жилийн дараа Монголын түүх, уран зохиолыг мэдэхгүй иргэдтэй болох юм биш биз дээ?

-Түүхийн хичээлийн агуулга, цаг маш их нэмэгдэж байгаа. Сургалтын аргачлал ч нэмэгдэж байна. Түүхэн үйл явдал бидэнд ямар сургамж үлдээв гэдэг амьд сургалт руу шилжиж байгаа. Хоёрдугаар ангийнхан гэхэд монгол хэлээ ямар мундаг сурч байна вэ. Тэднийг хичээл дээрээ шагайгаар наадаж байгааг нь ганцхан удаа сургууль дээр очоод хар л даа. Энэ бүх сургалтын хөтөлбөр ямар ч сургалтын онцлогтой байсан бүх сургууль дээр хэрэгжиж байгаа.