Тэтгэлэгтэй оюутнууд үзэсгэлэн гаргалаа
Монгол Улсын Боловсролын их сургуулийн оюутнууд өчигдөр дадлагын ажлаа тайлагнаж, өөрсдийн хийсэн сургалтын хэрэглэгдэхүүнээр үзэсгэлэн гаргалаа.
Энэхүү үзэсгэлэнгийн нээлтэд БСШУ-ны сайд Л.Гантөмөр, МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал, тус сургуулийн төгсөгчид болох Улсын аварга О.Балжинням, Ардын багш Ү.Маам, Академич Б.Жадамбаа, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн зураач Ш.Чимэддорж, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Равдан, Ардын жүжигчин Г.Хайдав болон оюутнууд оролцлоо.
Уг үйл ажиллагааны үеэр БСШУ-ны сайд Л.Гантөмөр “Бид багш бэлтгэхийн тулд сайн дадлага хийх хэрэгтэй гэж шийдсэн. Үүний тулд дэмжлэг хэрэгтэй. Дадлага хийнэ гэдэг хөдөө, орон нутагт очиж ажиллана. Өдөр бүр багш шиг ажил хийнэ гэсэн үг. Тиймээс бид дадлага хийж буй оюутнууддаа санхүүжилт олгохоор болсон юм. Энэ хүрээнд миний сайд байх бүрэн эрхийн хугацаанд 2750 оюутан тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж дадлага хийсэн. Их сургуульд ажиллаж байгаа багш, хөдөө орон нутагт ажиллаж байгаа багш, оюутан буюу маргаашийн багш гэсэн гурван хүний холбоосон дээр боловсролын шинэчлэлийг яаж үргэлжүүлэх, арга зүйг хэрхэн сайжруулах, багшлах аргад суралцах ажил бодитойгоор ажлын байранд ирснээрээ онцлогтой. Оюутнуудын сурагчидтайгаа хамтарч хийсэн бүтээл, мөн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр зэрэг олон зүйлд анхаарч ажилласан нь харагдана. Энэ мэтчилэн оюутнуудыг практикт суралцуулснаар ажлын байранд гараад туршлагагүйтэхгүй байх, сурагчидтайгаа харилцах арга зүйд суралцах гэх мэт олон эерэг давуу талтай” хэмээсэн. Мөн тэрбээр тус сургуулийн 65 жилийн ой болон оюутнуудын үзэсгэлэнг тохиолдуулан 20 сая төгрөгийн сургалтын хэрэглэгдэхүүнийг МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргалд гардуулсан юм. Тус сургууль багшлах дадлагын шинэчлэлийг 2013-2015 онд хэрэгжүүлжээ.
Энэхүү шинэчлэлийн хүрээнд 4570 багш тэтгэлэгтэй багшлах, дадлага удирдах багшийн шинэ арга зүйд суралцаж, давхардсан тоогоор 300 суманд тэтгэлэгтэй багшлах дадлагыг зохион байгуулсан байна. Мөн орон нутгийн 1250 багшийг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах, багшлах дадлагын 750 зөвлөх багш бэлтгэх зэрэг ажлыг зохион байгуулжээ. Багшлах дадлагын чанарыг шинэчлэх хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш тус сургуулийн сурагчид суралцах хугацаандаа нийт 4-6 удаа дадлагад гардаг байна. Энэхүү үзэсгэлэнд монгол хэл, математик, биеийн тамир, газар зүй, технологи, уран зураг гэх зэрэг хичээлийн сургалтад хэрэглэсэн хэрэглэгдэхүүнийг дэлгэсэн байв. Тухайлбал, хүүхдийн гарыг хөгжүүлэх цаасан бөмбөг, гариг эрхэстэй танилцуулах хөөсөн загвар, тооны ухаанд суралцуулах гурилаар хийсэн тоог хийжээ. Энэ бүхнийг МУБИС-ийн оюутнууд дадлагад гарч байх хугацаандаа хичээлийнхээ агуулгад зориулж, гар доорх материал ашиглан өөрсдөө хийжээ. Дамшрамд дурьдахад, тус сургууль хөдөө орон нутагт дадлага хийсэн оюутнууддаа 300-500 мянган төгрөгийн тэтгэлэг олгодог байна. Үзэсгэлэнгийн үеэр оюутнуудтай уулзаж, хийсэн бүтээлүүдийнх нь талаар сонирхлоо.
З.Болормаа: Шинэлэг арга зҮйг туршин шалгаж, олон хэрэглэгдэхҮҮн бэлтгэсэн
/Нийгмийн ухааны багшийн ангийн оюутан/
-Бид 29 дадлагажигч багшийн бүрэлдэхүүнтэйгээр Сэлэнгэ аймагт дадлагад гарсан. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот болон Мандал суманд хуваагдаж ажиллалаа. Сургалтын чиглэл маань “Цөм” хөтөлбөр байсан. “Цөм” хөтөлбөрийн хүрээнд шинэлэг арга зүйг туршин шалгаж, маш олон хэрэглэгдэхүүнийг бэлтгэсэн. Жишээлбэл, биеийн тамирын хичээлд зориулж сурагчдын хөдөлгөөний чадварыг хөгжүүлэх хэрэглэгдэхүүн хийсэн. Гар хөгжүүлэх цаасан бөмбөг хийлээ. Энэ бөмбөг нь гар бөмбөгийн зөв барилтыг заахын туолд сурагч болгонд хүрэлцээтэй байдлаар хийсэн нь маш давуу талтай байгаа. Хөтөлбөрийн зорилго хүүхэд нэг бүрийг чадваржуулах, дадлагажуулах юм. Тиймээс бид хүүхэд нэг бүрт хүрсэн хэрэглэгдэхүүн хийсэн. Дадлага маш үр дүнтэй болсон