Монгол хүнийг хамгийн бага үнэлэмжээр ажиллуулаад байж болохгүй
Хөдөлмөрийн яамнаас зохион байгуулж буй “Хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг хэрэгжүүлэх арга зам” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Энэ үеэр Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхантай хөдөлмөрийн салбарын цаг үеийн асуудлаар ярилцав.
“Хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг хэрэгжүүлэх арга зам” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна. Өнөөдрийн сургалтын талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Хөдөлмөрийн яамнаас зохион байгуулж буй “Хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг хэрэгжүүлэх арга зам” сэдэвт хоёр өдөр үргэлжлэх сургалт өнөөдөр /өчигдөр/ “Чингис” зочид буудлын хурлын танхимд эхэлж байна. Өргөн бүрэлдэхүүнтэйгээр анх удаа зохион байгуулж буй энэ удаагийн сургалтад аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий 300 гаруй ажилтан оролцож байна.
Сургалтаар 2015 оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаас баталсан дэлхийн улс орнуудын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн 17 зорилтын найм дахид нь “Эдийн засгийн тогтвортой өсөлтөөр зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих явдал” хэмээн тунхагласны хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг хөдөлмөрийн нөөцийг зохистой ашиглах замаар салбар дундын болон бүс, орон нутгийн зохицуулалт, эдийн засаг, хөрөнгө оруулалт, санхүү, татвар, зээлийн бодлоготой уялдуулж хэрэгжүүлж байгаа болон цаашид хэрхэн сайжруулах асуудлыг голчлон хөндөхөөр төлөвлөсөн.
Түүнчлэн сургалтын явцад оролцогчид төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримталж буй бодлого, үйл ажиллагаа, түүний дотор хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, хөдөлмөр эрхлэлт дэх түншлэл, хамтын ажиллагаа, иргэний нийгмийн байгууллагуудын үүрэг оролцоо, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хэрхэн сайжруулах асуудлаар чадавхиа дээшлүүлэх юм.
-Мэргэжлийн боловсролын салбарт энэ онд хэдэн төсөл хөтөлбөр хэрэгжих вэ. Мэдээлэл өгөхгүй юу?
-Монгол Улсад нийт 87 МСҮТ үйл ажиллагаа явуулж байгаагаас 37 нь улсад харьяалалтай байдаг. Өнгөрсөн 20 гаруй жилд Засгийн газраас хөдөлмөрийн салбарыг дэмжиж 100 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байдаг. Мөн Мэргэжлийн боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ салбарт олон улсын цөөнгүй байгууллага хөрөнгө оруулж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Өнгөрсөн жил 10 төсөл хэрэгжиж байсан бол энэ жил долоо хэрэгжинэ. 2019 онд ихэнх нь хаагдаад хоёр төсөл үлдэнэ. Мэргэжлийн боловсролын салбарт хэрэгжиж байгаа төслүүдийн давхцлыг арилгах шаардлагатай байгаа учраас яаман дээр Төслийн нэгдсэн удирдлагын алба байгуулсан.
Давхардлыг арилгаснаар үр дүн сайжирна. Тухайлбал, олон мэргэжлийн сургалтын төвүүд дээр нэг чиглэлээр олон багш бэлтгэх хөрөнгө гаргаж байна. Аль болох үр дүнтэй байх өөр өөр мэргэжлийн чиглэлээр донор байгууллагуудын туслалцааг авах бодолтой байгаа. Цаашид МСҮТ-үүд дээр донор байгууллагуудын тусламжийг авахдаа залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр ажиллахаар төлөвлөж байгаа. Залуучуудын хөдөлмөр эрхлэлт ажилгүйдэлтэй шууд холбоотой. Тиймээс залуучууд сургуулиа төгсөөд аль нэг байгууллагад зуучлагдаад ажилтай болох хэдий ч өөртөө ажлын байр бий болгож, ажил олгогч болох тал дээр, мөн бизнес эрхлэлтийг нь дэмжих бодлого барьж байна.
-Залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр салбарын яамнаас ямар бодлого барьж байна вэ?
-Залуучуудын хөдөлмөр эрхлэлтэд онцгой анхаарч дэмжиж байгаагийн хувьд есөн төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. Залуучууд бүлэг хоршоо болоод техник тоног төхөөрөмж худалдаж авах төслөө яам, хөдөлмөрийн хэлтсүүдэд ирүүлээд санхүүжилт авах боломжтой. 35 хүртэлх настай, МСҮТ-ийг төгссөн залуус энэ хөтөлбөрт хамрагдана. Залуусыг ур чадвартай болгох тал дээр нь анхаарч байгаа учраас заавал МСҮТ төгссөн байх шаардлагыг тавьж байгаа юм. Нөгөө талаас МСҮТ-д суралцах хүсэл эрмэлзэл нэмэгдэнэ гэж харж байгаа.
Түүнчлэн дэлхийн эдийн засгийн өсөлтийн чиг хандлагыг харвал уул уурхай, үнийн өсөлт ажиглагдахгүй гэсэн тооцоо судалгааг судлаачид хэлж байна. Ийм нөхцөлд бид бичил буюу өрхийн бизнесийн хөтөлбөрөөр дамжуулаад ард иргэдийг мөнгөжүүлэх, ажлын байр бий болгох тал дээр онцгой анхааръя гэдэг зарчмыг баримталж байна. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хамгийн гол нь албан бус секторт байгаа хүмүүсийг албан секторт хамруулах буюу ил гаргах, татвар, бусад төлбөр хураамжийг зохих журмын дагуу төлөгдөөд явж байх орчинд оруулж байгаа юм. Нөгөө талаар бид манай хөдөлмөрийн зах зээлд бэлтгэгдэн гарч буй мэргэжилтэй, ур чадвартай, боловсролтой залуучуудыг бэлтгэх тал дээр онцгой анхаарч, олон хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Эдгээр хөтөлбөрүүдэд залуусыг хэрхэн хамруулах вэ гэхээр залуучууд мэргэжлийн боловсролтой байх ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа. Тухайлбал, өндөр хөгжилтэй зарим орнуудад мэргэжил боловсролтой залуучуудын ур чадварыг нь дээшлүүлэх, дадлагажуулах ажлыг хийхээр онцгой анхаарч байна. Япон улсад залуучуудын ур чадварыг нь дээшлүүлэх, дадлагажуулах ажилд явуулахдаа МСҮТ-ийг төгссөн залуусыг илгээе гэсэн зорилготой байна. Ингэснээр хөдөлмөрийн зах зээл эрүүлжихэд асар их ач холбогдолтой. Мэргэжилгүй хүнийг авч ажиллуулдаг, бага цалин өгдөг асуудал байдаг шүү дээ. Тэгэхээр залуус маань заавал мэргэжлийн боловсролтой байж, цаашид албан секторт хамрагдаж, хөдөлмөр эрхлэхэд нь онцгой ач холбогдолтой зүйл болно.
-Хэдэн төгрөгийн санжүүжилт олгох боломжтой вэ?
-Нэг төсөл хоёр жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээлээр 10 хүртэлх сая төгрөгийн санхүүжилт олгоно. 35-аас дээш настай бол гурав хүртэлх сая төгрөгийн буцалтгүй дэмжлэг үзүүлнэ. Энэ онд эдийн засаг хүндрэлтэй байгаа учраас өрхийн аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжиж буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн.
-Төслүүдийг хүлээж авч эхэлсэн үү?
-Хөдөлмөрийн хэлтсүүд ажлын төлөвлөгөөнийхөө дагуу төслүүдийг хүлээж авна. Чингэлтэй дүүрэгт өмнө нь 60-70 төсөл ирдэг байсан бол энэ жил 1000 гаруй ирсэн байна. Санхүүгийн боломжид тулгуурлаад аль болох олон төслийг дэмжинэ. Иргэдээс ирүүлсэн төсөл хөтөлбөрийг дэмжиж санхүүгийн шинэ эх үүсвэл олохын тулд өнөөдөр донор байгууллагуудтай уулзаж байна. Мөн цаашид олон улсын байгууллагуудаас шинэ төсөл хөтөлбөр санхүүжилт авах талаар ярилцлаа. Мэргэжлийн боловсролын салбарт дэмжлэг үзүүлж байгаа 10 гаруй байгууллага байна.Төсөл хөтөлбөрт хамрагдаж, өрхийн бизнес эрхлэх хүсэлтэй иргэд харьяа дүүргийнхээ Хөдөлмөрийн хэлтэст хандах ёстой.
-МСҮТ-ийг төгссөн хүмүүсийн хэчнээн хувь нь ажлын байртай болж байна. Судалгаа хийж үзсэн үү?
-Он гарсны дараах судалгаа байгаа. Улаанбаатар хотод л гэхэд политехникийн гурван коллеж бий. Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл-Урлалын Политехник коллеж, Барилгын Политехник Коллеж, Монгол Солонгосын Политехник Коллежийг төгссөн төгсөгчдийн хөдөлмөрийн зах зээл дээр гараад ажлын байраа олж байгаа нь 80 гаруй хувь нь ажлын байраар бүрэн хангагдсан байгаа. Хамгийн чухал нь зах зээлд эрэлт хэрэгцээтэй байгаа мэргэжлээр залуусаа сургаж байна. Бид ч бас бодлогоо зөв барьж байна. Тухайлбал, сая хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүллээ.
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлснээр дагаад бусад хуулийн заалтад багтах хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй холбоотой торгууль мөн адил 25 хувиар нэмэгдэх нь гэдэг ойлголт байна?
-Ийм нэг буруу ойлголт хүмүүсийн дунд яваад байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмсэнээр жолооч нар торгуулиа 25 дахин нэмж төлөх нь гэж гуйвуулаад байгаа. Яг үнэндээ тийм зүйл байхгүй. Яагаад гэхээр ирэх есдүгээр сарын 01-ээс Зөрчлийн хууль хэрэгжээд эхлэхээр жолооч, иргэд хууль зөрчвөл торгуулийн нэгжээр төлдөг болоод эхэлнэ. Бид яагаад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмээд байна гэхээр монгол хүний ажлын үнэлэмжийг нэмэгдүүлэх, сайжруулахын төлөө л нэмсэн юм.
192 мянгаас 240 мянга болгосон. Нөгөө ач холбогдол нь юу гэхээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид гаднаас ажиллах хүчин авах уу, монгол ажилчид авах уу гэдэг эдийн засгийн хөшүүргийг бий болгож байгаа юм. Жишээ нь, гадны хөрөнгө оруулалттай компани хятад ажилчин оруулж ирье гэвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нугалсантай тэнцэх хэмжээний мөнгө төлж байж хөдөлмөрийн зах зээлд оролцох эрхээ авдаг. Тэгэхээр 240 мянган төгрөгийг хоёр дахин нугалах уу эсвэл дотоодын ажилчдаа 240 мянгаар ажиллуулах уу гэдэг эдийн засгийн хөшүүргийг өндөрсгөх бодлого барьснаар залуучуудаа ажилтай болгох боломжийг бүрдүүлж байгаа юм.
-Тэгвэл энэ жил гаднаас ажиллах хүчин оруулж ирэх квот хэр буурах бол. Жил бүр 28-30 гаруй мянган ажилчин орж ирдэг гэсэн тооцоо байдаг?
-30 гаруй мянган гадны ажилчин ажиллаж байгаа гэсэн тоо баримт бий. Манай Хөдөлмөрийн яам гаднаас ажиллах хүчин оруулж ирэх тоог 30-50 хувь хүртэл бууруулна гэсэн бодлоготой ажиллаж байгаа. Учир нь жил болгон бид энэ салбартаа 20 гаруй мянган залуучуудыг бэлдэж гаргаж байна. Тэднийгээ ажлын байраар хангах үүрэг бидэнд ногдоод байгаа учраас гадны ажилчдыг биш дотоодын ажилчдаа ажиллуулахын тулд шаардлагатай шийдвэрүүдийг гаргаж байна.
-40-өөс дээш насныхныг ажлын байраар хангах чиглэлд Хөдөлмөрийн яамнаас ямар ажлуудыг хэрэгжүүлж байна. Мөн ажилгүйдлийг бууруулах тал дээр ямар бодлого хэрэгжүүлж байгаа вэ?
-40-өөс дээш насныхан болоод иргэдийг ажлын байраар хангах асуудал ганцхан манай яамны ажил биш л дээ. Бүгд уялдаа холбоотой ажиллах, их цогц асуудал. Монгол Улсын Засгийн газар, төр, хувийн хэвшлийнхэн идэвх зүтгэлтэй ажиллах ёстой юм. Засгийн газар хуулиа хэрэгжүүлээд явах ёстой. Энэ юу вэ гэхээр, төрийн байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах учиртай. Үүнд хувийн хэвшлийн байгууллагууд ч хамрагдана. Ялангуяа ямарваа нэгэн байдлаар ялгаварлан гадуурхахгүй байх нь чухал байна.
Мөн нэг гол зүйл нь иргэдийг дахин сургах, мэргэшүүлэх чиглэлд анхаарах ёстой. Ганцхан мэргэжилтэй, тухайн мэргэжлээр нь ажлын байр олдохгүй байгаа тохиолдолд давтан сургалтад хамруулж, мэргэжлийн чиг баримжаа олгох шаардлагатай. Үүнийг бид бас их өргөн цар хүрээтэй хийж байгаа. Нөгөөтэйгүүр эдгээр хүмүүст заавал төрийн байгууллагад ажиллахад бэрхшээл тулгараад байгаа бол манай яамнаас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой. 35-аас дээш насныхан гэхэд л бичил бизнес эхлүүлээд, дэмжих хөтөлбөрт оролцож, өөртөө ажлын байр бий болгоод явах бүрэн боломж бий.
Энэ хөтөлбөрт хамрагдаж буй иргэдийн тоо нэлээд өсөлттэй, хөтөлбөр эрэлттэй байгаа учраас зөв бодлого явуулж байгаа юм байна гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа. Мөн Хөдөлмөрийн яамны зүгээс монгол ажилчдаа сайн бэлтгэе, гаднаас оруулж ирэх ажилчдын тоог бууруулья, ажилчдынхаа ур чадварыг сайжруулья л гэдэг бодлого бариад байна. Монгол барилгачдаа бэлдэхгүй бол хятад ажилчдаар л барилгаа бариулна биз дээ. Энэ үүднээс МСҮТ-ийн сургалтын чанарыг сайжруулж байна, гадны төсөл хөтөлбөрүүдийг тэдгээр сургуулиуд дээр хэрэгжүүлж байна.
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гарчихлаа. Тэгвэл ирэх оны төсөвт ийм чадамж байгаа юу. Төсөвт хэчнээн төгрөг нэмэгдэх вэ?
-Нэгдүгээрт, бизнес хийж байгаа бол, хүнийг ажиллуулсан л бол хөлсийг нь өгөх л ёстой. Эдийн засаг муу байна гээд монгол хүнийг хамгийн бага үнэлэмжээр ажиллуулаад байж болохгүй. Хөдөлмөрийн сайдын хувьд хэлэхэд, ажил олгогч, бизнесмэнүүд өгөх ёстой мөнгөө өгөөд явах ёстой. Хоёрдугаарт, ажил хийх ид насандаа яваа залуучууд тэтгэврийн хүнээс бага цалин аваад ажиллаад байж болохгүй.
Энэ бол олон улсын хөдөлмөрийн байгууллагаас баримталж байгаа, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зарчим. Тиймээс бид өөрсдөө л үнэлэхгүй бол өөр хэн ч үнэлэхгүй шүү дээ. Төсөвт айхтар их ачаалал өгөхгүй. 50 гаруй мянган хүний 15.6 тэрбум төгрөгийг ирэх оны нэгдүгээр сарын 01-ээс суутгах бичгийг манай үндэсний зөвлөлөөс Сангийн яам руу явуулсан. Бидний шийдвэрийг Засгийн газраар батлуулах, тогтоол гаргуулах, УИХ-аар шийд гаргуулах шаардлага байхгүй. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль гэж байдаг. Тус хуульд үндэсний зөвлөлийн тогтоол бол эцсийн шийд гэж заасан байдаг. Тэгэхээр гадны компанийн 30 гаруй тэрбум төгрөгийг өршөөж л байдаг. Том том компаниудын өчнөөн зуун сая төгрөгийг чөлөөлж л байдаг шүү дээ. Тийм болохоор бид монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэхэд 15 тэрбум төгрөг гаргах ёстой гэсэн л байр суурьтай байна.
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхээр дагаад бусад хүмүүсийн цалин нэмэгдэх ёстой юу?
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах энгийн ажилд ажиллаж байгаа ажилтанд төлөх хөдөлмөрийн хөлсний хамгийн доод хэмжээ юм. Тиймээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлж байгааг ажиллагсдын цалин хөлсийг нэмэгдүүлж байгаа мэтээр ойлгох нь учир дутагдалтай. Учир нь манай хөдөлмөрийн зах зээл дэх ажилчдын зөвхөн дөрөв орчим хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин хөлс авдаг гэсэн судалгаа бий. Тийм учраас энэ шийдвэрийг бага орлоготой иргэд, хөдөлмөр эрхэлж байгаа боловч бага цалин хөлс авч байгаа хүмүүсийнхээ амьжиргааг дэмжсэн арга хэмжээ гэж ойлгож болно.
-Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжсэн маш олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Гэтэл орон нутагт очоод харахад, талхны цех гэхэд л хэд хэдээрээ байх жишээтэй. Үүнийг зохицуулах боломж бий юу?
-Монгол Улсын Засгийн газраас Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, үйлдвэрлэлийг хөгжүүлэх тал дээр онцгой анхаарч байгаа. Чингис бондоос гэхэд л Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих нэлээд их хөрөнгө оруулалтыг хийсэн. Тэгэхээр бизнесийн сегментийг харахад, хамгийн дээр нь том компани, дунд нь жижгүүд, суурь нь бичил өрхүүд байдаг.
Тэгэхээр өөртөө ажлын байр бий болгочихоод цаашлаад олон хүнийг ажлын байраар хангадаг, үр өгөөжтэй, шууд хөрөнгө оруулалт нь нэмэгддэг, бичил өрхийн бизнесээ бага гэж голоод байж болохгүй. Улс эх орны эдийн засгийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, өсөлтийг хангах нэг гол чухал ач холбогдолтой суурь нь юу вэ гэвэл хөдөлмөр эрхлэлт. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн салбар буюу бүтцээр нь авч үзвэл мал аж ахуйн салбарт гэхэд 313 мянган иргэн хөдөлмөр эрхэлж байна.
Энэ бол 29.4 хувь болж байгаа. Харин хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэд 19.7 хувь буюу 210 мянга, бичил өрхийн үйлдвэрлэлийг 546 мянган иргэн эрхэлж байна. Томоохон аж ахуйн нэгжүүдийн хөдөлмөр эрхлэлтийн тоо бол сая миний дурьдсан тооноос арай бага байгаа. Бусад нь төрийн албан хаагчид байгаа юм. Би яагаад 546 мянга гэсэн тоог хэлж байна гэхээр Монгол Улсын Хөдөлмөрийн яамнаас энэ 546 мянган иргэнийг хамарч байгаа секторт илүү их ач холбогдол өгч, анхаарах ёстой гэсэн байр суурийг баримталж байна. Тэр 546 мянган хүнийг дэмжих үүднээс бичил, өрхийн зээлийг дэмжих үүднээс Хөдөлмөрийн яам Засгийн газраар хөтөлбөр хэрэгжүүлье гэсэн тогтоол гаргуулж, зорилт тавиад ажиллаж байгаа. Энэ зорилтын хүрээнд ойрын жилүүдэд 100 гаруй тэрбум төгрөгийг зарцуулна.
-Бичил бизнесийг дэмжих 100 тэрбум төгрөг хэзээнээс иргэдэд хүрэх вэ. Мөн ажилгүй иргэдийн тоо нэмэгдэх болсон. Энэ тал дээр салбар яамнаас ямар бодлого баримтлан ажиллаж байна вэ?
-Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн бүтцийг харвал манай зарим үйлдвэрүүд улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал, уул уурхайн салбар гэхэд өвөлдөө ажилтнуудаа амраачихдаг. Энэ мэтчилэн улирлаасаа шалтгаалаад тухайн улиралд ажилгүй иргэдийн тоо өссөн үзүүлэлт гардаг. Мөн эдийн засгийн агшилттай үед энэ тоо тодорхой хэмжээгээр нэмэгдсэн нь үнэн. Үүнийг бид нуух арга байхгүй. Бодитой, бидний байгаа л байдал юм чинь. Ажилгүй байгаа иргэд өөрсдийгөө ажлын байраар хангах боломж бий.
Үүнийг ашиглаад манай аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсүүдээр хэрэгжиж буй бичил бизнесийг дэмжих хөтөлбөрт хамрагдах иргэдийн тоо нэлээд өндөр үзүүлэлттэй байна. Хамгийн гол нь УИХ, Засгийн газар дээрээ талцаад, фракцилаад байлгүй том том эдийн засгийн төсөл хөтөлбөрүүдээ явуулах шаардлагатай байна. Төмөр зам, Тавантолгойн ард 60-80 мянган ажлын байр бий болгоно гэсэн эдийн засгийн хамгийн энгийн тооцоо байгаа шүү дээ. Тэгэхээр Монгол Улсын улс төрийн намууд ойлголцоод том том эдийн засгийн төсөл хөтөлбөрүүдээ гацаахгүй байх хэрэгтэй гэдгийг Хөдөлмөрийн сайдын хувьд хэлмээр байна. Түүнчлэн 100 тэрбум төгрөгийг ойрын хугацаанд нэн тэргүүнд зохих эх үүсвэрээс нь санхүүжүүлж, бичил бизнес эрхлэгчдээ хамруулна. Манай хөтөлбөрт хамрагдахын тулд бүртгэлтэй. мэргэжилтэй байх ёстой гэх мэтчилэн зохих ёсны шалгууруудыг тавина.
-Нарийн мэргэжилтнүүдийг бэлтгэх тал дээр хэр анхаарч байна. Ер нь уул уурхай, барилга, хуулийн салбарт нэлээд их мэргэжилтнүүд бэлтгэгдэж байгаа боловч усны салбарт гэхэд боловсон хүчин дутмаг байх жишээтэй. Зарим салбар бүр тэр чигтээ орхигдсон байх жишээтэй?
-Өнөөдөр Монгол Улсын мэргэжлийн боловсролын салбарт 298 мэргэжлээр залуучуудыг бэлтгэж байна. Эдийн засгийн нийт бүтцээр нь харвал бүх чиглэлээр л бэлтгэж байгаа. Их, дээд сургуулиудаас тусдаа мэргэжлийн боловсролын салбар чинь яг бүтээн байгуулалтын салбар байхгүй юу. Гэтэл хөдөлмөрийн зах зээл дээр нэг зүйл ажиглагдаад байгаа. Ажлын байрны зар харахад л бакалаврын зэрэгтэй хүнийг цэвэрлэгч, өлгүүрчнээр ажилд авна гэж байх жишээтэй.
Энэ бол нэг мэргэжлээр хэт их боловсон хүчнийг бэлтгэсний үр дүн. Гэтэл одоо хөдөө аж ахуйн салбарт гэхэд тракторчин ховордож байна гэж байна. Газар тариалан эрхэлдэг хоёр ТББ-аас тракторчдыг бэлтгэж өгөөч гэсэн хүсэлт ирүүлсэн. Энэ хүсэлтийн дагуу манай яамнаас хүнд машин механизмын оператор, механикч нарыг төмөр замын бүтээн байгуулалтад бэлтгэж байгаа. Эдгээр залуус маань хөдөө аж ахуйн салбарт хөрвөж ажиллах чадвартай. Мөн бид шинээр уул уурхайн мэргэжилтэн бэлтгэх МСҮТ нээх төлөвлөгөөтэй байгаа. Маргааш /өнөөдөр/ Ховд, Баянхонгор аймгийн политехникийн коллеж дээр залуу малчны ангийг нээж байна. Хөдөө, орон нутагт ажиллаж байхад малчид залуу малчингүй болж байна, монгол төр үүнд анхаарах ёстой гэдгийг хэлж байсан. Тийм учраас бид залуу малчин бэлтгэхээр шинэ анги нээж байгаа юм. Энэ мэтчилэн залуусыг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх гэх зэргээр маш олон ажлыг хийж байна.