Дэлхийн зарим орны машин зогсоолын дүрэм
Финланд
Энэ улсад замын хөдөлгөөнийг хоёр эрх зүйн баримтаар зохицуулдаг. Нэг нь “Замын хөдөлгөөний дүрэм”, нөгөө нь “Машин зогсоолын дүрэм зөрчигчдөд ногдуулах торгуулийн тухай” хууль юм. Уг хуулийн хүрээнд зогсолт, зогсоолтой холбоотой хорио, хязгаарлалт, гомдол гаргах журам, зөрчилд ногдуулах торгуулийн хэмжээг тодорхойлсон байдаг.
Финландад машин зогсоол төлбөртэй, төлбөргүй гэсэн хоёр төрөлтэй. Төлбөртэй зогсоол талбайн (автомат машинаар төлбөрөө хийдэг), газар доорхи (зогсоолоос гарахдаа мөн автомат машинаар төлнө) гэсэн хэлбэртэй. Төлбөргүй зогсоол ч бас энгийн болон нарийн цагийн хуваарьтай гэж хуваагдана.
Финландын 30 орчим хотод машин зогсоолын дүрмийн хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий орон нутгийн тусгай алба цагдаагийн хамт, харин бусад хотод зөвхөн цагдаа ажилладаг.
Зогсоолын дүрэм зөрчигчдийг зөвхөн орон нутгийн эрх баригчид, эсвэл цагдаа торгох эрхтэй. Хувь хүн зөрчил гаргагчаар хохирлоо нөхөн төлүүлэх талаар орон нутгийн удирдлагад хүсэлт гаргаж болно.
15 жилийн өмнө тус улсад “зогсоолын цаг”-уудыг байрлуулах болжээ. Энэ нь 10х15 см-ийн хэмжээтэй цэнхэр өнгөтэй, эргэлддэг хавтгай юм. Цагийн нэг тал нь фин, швед хэлээр “зогсох цагийн эхлэл” гэсэн бичигтэй. Жолооч машинаа тавихдаа нийт зогсолтын хугацааг тооцож цагийг тохируулах ёстой. Тохируулсан хугацааг өөрчлөх боломжгүй.
Чех
Чехэд замын зорчих хэсгийн зөвхөн баруун гар талд машин тавихыг зөвшөөрдөг. Гэхдээ энэ дүрэм нэг урсгалтай замд хамаарахгүй.
Уулзвар, явган хүний гарц, нийтийн тээврийн зогсоолоос таван метрээс дотогш, төмөр замаас 15 метрээс дотогш зайд машин тавих хориотой.
Замын зорчих хэсгийн хөх шугамд зөвхөн зогсоолын тусгай карттай машинууд тавихыг зөвшөөрнө. Харин шар шугамд ямар ч машин тавьж болно.
Буруу байрлуулсан машиныг цагдаа нар тусгай төхөөрөмжөөр түгжиж, эсвэл журмын хашаа руу авч явдаг. Машинаа буцаан авахын тулд журмын хашааны төлбөр, торгуультай нийлээд 3000-5000 крон төлөх хэрэгтэй.
Их Британи
2007 оноос Их Британий зарим хотод “мэссэжний зогсоол”-ыг ашиглах болжээ. Энэ хотуудад зогсоолын ухаалаг системийг нэвтрүүлж, “Рay-and-display” нэртэй, СИМ картаар цэнэглэсэн 150 төхөөрөмжийг суурилуулсан байна. Хэрэв хэн нэгэн нь төхөөрөмжийг эвдэх, эсвэл мөнгө төлөлгүй машинаа байрлуулах гэвэл төхөөрөмж автоматаар мэссэж илгээдэг.
Харин нийслэл Лондон хотод мэссэжний зогсоолыг нэвтрүүлээд зогссонгүй, замын цагдаагийн ажлыг халах эхлэл тавигджээ (Их Британий цагдаа нар голдуу хөдөлгөөнийг биш зогсоол, зогсолтын дүрмийг сахиулдаг). Машин зогсоол дээрх нөхцөл байдлыг цагдаа нар биш, CCTV систем бүхий төхөөрөмжүүд хянадаг болно.
Итали
Италид 30 метрийн диаметртай цагираган хэлбэртэй автомат зогсоолыг ашигладаг. Машиныг доороос нь өргөж чөлөөтэй байгаа зайд аваачиж тавина. Хот болон тухайн газраасаа хамаараад нэг зогсоол арваас 100 мянга хүртэл еврогийн төлбөртэй.
Голланд
Голландын Засгийн газар газар доорх олон давхар машин зогсоолоос гадна Амстердамын төв хэсгийн яг дор машин зогсоолоос бүрдсэн бүхэл бүтэн хотхон байгуулах төслийг баталжээ. Машин зогсоолын хотхон нь машин угаалгын газар, авто дэлгүүр, түүгээр барахгүй спорт заал, усан сан, кинотеатртай байна. Гэхдээ бүтээн байгуулалтын ажил 20 жил үргэлжлэх бөгөөд 10 тэрбум евро шаардагдана.
Дани
Орон сууцны хорооллуудад машин зогсоолын асуудлыг хамгийн сайн шийдсэн орон. Эндхийн машин зогсоолууд нь том цэнгэлдэх хүрээлэнгийн индрийн хэлбэртэй бөгөөд үзэгчдийн сандлыг санагдуулам шаталсан зүлэгний дор зогсоолууд байрласан байдаг.
АНУ
АНУ-д хамгийн түгээмэл машин зогсоол бол ханагүй, дээвэргүй, олон давхар зогсоолууд. Жолооч машин өргөх лифтэнд машинтайгаа орж тавих газраа сонгоно. Ийм зогсоолууд багахан талбайд ойролцоогоор 250 машин байрлуулах хүчин чадалтай. Америкт машиныг зүгээр нэг замын хажууд, эсвэл явган зам дээр тавих хориотой.
Хятад
Нэг үе Бээжин хотод унадаг дугуйчин метро руу орохдоо метроны буудлын үүдэнд дугуйгаа тусгай зогсоолд үлдээж номер аваад дараагийн буудлаас гарахдаа түрээсийн цэгээс өөр дугуй авдаг практик нэвтэрчээ. Удалгүй машины тоо өсөхийн хэрээр энэ аргыг жолооч нар ашиглах болсон байна.
Япон
Японд бүх зогсоол газар доор байрлалтай. Япончууд унадаг дугуйг метроны эсвэл ойролцоох галт тэрэгний буудал хүрэхэд шаардагдах завсрын тээврийн хэрэгсэл болгон ашигладаг.