Лавровын цэнхэр жинсний талаар Оросын хэвлэлүүд юу бичив?
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудалд хүндэт харуул бүхий жагсаалын өөдөөс жинсэн өмдтэй онгоцноос бууж ирсэн нь монголчууд, ялангуяа олон нийтийн сүлжээний хэрэглэгчдийн дургүйг багагүй хүргэсэн билээ.
Энэ тухай Оросын сайтуудад хэрхэн бичсэнийг тоймлон хүргэе.
Эвгүй ч гэмээр энэ явдлын талаар Их Британий Кардиффын Их сургуулийн профессор Сергей Радченко «Дипломат» сэтгүүлд нийтлэл бичжээ. Тэрээр “Лавров хүндэт харуулын өөдөөс улаан хивсэн дээгүүр жинстэй гарч ирсэн нь монголчуудыг дорд үзсэн хэрэг болсон. Хөрш орны гадаад хэргийн сайд ирж хоёр улсын хамтын ажиллагаанд томоохон алхам хийсэн ч гэлээ олон нийт жинсний тухай хэзээ ч мартахгүй учир буухаасаа өмнө хувцсаа солих учиртай байсан юм” гэжээ.
"Шилэн Цогоо" буюу Б.Цогтгэрэлийн "Лавров яг гал тогооныхоо харанхуй өрөөнд сантехникийн жижиг ажил хийх гэсэн мэт ирсэн байна. Түүний энэ жинс Монгол Улсын гадаад нэр хүнд ямар байгааг илэрхийлж байна" гэсэн үгийг “Дипломат” сэтгүүлээс гадна Оросын “Московский комсомолец” сонин, flashsiberia.com сайт, “Дождь” телевиз, Украйны “РБК-Украйна” зэрэг сайтууд иш татаж Лавровын цэнхэр жинсний тухай бичжээ. Гадны хэвлэлүүдэд гарсан материал голдуу “Лавровын цэнхэр жинс монголчуудыг доромжилжээ” гэсэн гарчигтай байна.
Лавровын жинсний учрыг Оросын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мария Захарова “тайлжээ”. Тэрээр “Дождь” телевизэд ярилцлага өгөхдөө Лавров жинстэй онгоцноос буусан нь шөнийн нислэгтэй холбоотой гэж тайлбарлажээ. Түүний хэлснээр Лавров шөнийн турш ниссэн учир зочид буудалд очсон хойноо хувцсаа солих төлөвлөгөөтэй байсан аж. Захарова тайлбарлахдаа “Нойргүй хоносны дараа костюмтай гарах нь эвгүй, дипломат ёсонд хувцсыг нөхцөл байдал болгонд өөрчлөх журам байдаггүй учраас үүнд эвгүйцэх зүйл байхгүй. Бид хэнийг ч үл хүндэтгэхийг хүсээгүй” гэж хэлсэн байна.
Харин Онц бөгөөд бүрэн эрх элчин сайд, Москвагийн Олон улсын харилцааны их сургуулийн профессор Павел Лядов “Хэрэв алдаа гарсан гэж үзвэл энэ бол протоколын албаны алдаа. Уг алба нь уулзалтын үед ямар ёслол болох, ёслолд юу юу багтахых урьдчилан мэдэгдэх ёстой бөгөөд, ёслол нь хүндэтгэлийн элементтэй бол хувцас албаных байх ёстой” гэж тайлбарлажээ.