МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва намуудын дарга нарт уриалга хүргүүлэв
УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва улс төрийн намуудын дарга, дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нарт хандан уриалга гаргажээ.
Тэрбээр, уриалгадаа “УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга миний бие 2012 оны сонгуулиар сануулж байсан зүйлээ та бүхэнд дахин сануулж, уриалж байна. одоогоос дөрвөн жилийн өмнө намуудын удирдлагуудыг жагсаалт гэх халхавчийн ард оролгүй намаа манлайлан тойрогт нэр дэвшихийг уриалсан ч дэмжээгүй билээ.
Намынхаа өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлж, бодлого шийдвэрийг чиглүүлэн ажиллаж байгаа намын дарга, дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нар 2012 оны сонгуулиар жагсаалтад бичигдсэн улстөрчид, намыг санхүүжүүлэгч бизнесийн бүлэглэлийн төлөөлөгчдийг УИХ-д жагсаалтаар сонгогдохыг ард иргэд эсэргүүцэж шүүмжлэлтэй хандаж байсан.
Ийм учир та бүхэн УИХ-ын сонгуулийн тодорхой тойргуудад нэр дэвшиж ард иргэдийнхээ өгсөн санал сонголтын дүнгээр үнэлүүлж манлайлан оролцохыг уриалж байна” хэмээжээ.