Хуулийн төсөлд санал авахаар ШШГЕГ-т ажиллалаа
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, уг ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл, Ё.Отгонбаяр, Х.Тэмүүжин нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, түүний харьяа Цагдан хорих 461 дүгээр анги, Төв аймаг дахь Цагдан хорих байр болон Тахарын ерөнхий газарт ажиллалаа.
Ажлын хэсгийн гишүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Б.Билэгт, дэд дарга, хурандаа Г.Туулхүү болон албаны бусад хүмүүс угтан авч, байгууллагынхаа үйл ажиллагааг товч танилцуулсан. Мөн хуулийн төсөлд оруулах санал солилцож, тулгамдаж буй асуудлаа хэлэлцсэн юм. Тухайлбал, ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалж алба хаагчид нэг газраа удаан ажиллах боломжгүй болдог тул хооронд нь сольж ажиллуулах шаардлага гардаг бөгөөд ингэснээр ар гэрт нь хүндрэл үүсдэг. Нийгмийн халамж, цалин хөлс, урамшууллын системийг сайжруулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчдийг хувцас формоор хангах зэрэг хэд хэдэн асуудлыг хуулийн төсөлд тусгуулах шаардлагатай байгааг гишүүдэд танилцууллаа. Ажлын хэсгийн гишүүд ч энэ тал дээр анхаарч ажиллахаа илэрхийлээд даваа гарагт хуралдах ажлын хэсгийн хуралд дээрх дурьдсан асуудлуудаа саналын томьёолол болгон оруулахыг зөвлөв.
Үүний дараагаар ажлын хэсгийн гишүүд Тахарын ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцаж, санал солилцлоо. Тус байгууллага нь долоон чиглэлээр 551 алба хаагч үйл ажиллагаагаа явуулж байгааг тэргүүн тахар Ц.Азбаяр танилцуулав. Хуульзүйн байнгын хорооны гишүүд танилцуулгатай холбоотой асуулт асууж, хариулт тавьсны дараагаар хуулийн төсөлд оруулах асуудлаар санал солилцлоо.
УИХ-ын гишүүн Л.Болд Ц.Оюунгэрэл нар үргэлжлүүлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид ажиллахад тус ангийн дарга Д.Дамдинцэрэн “Манайх 283 алба хаагчтай. Үүний 60 гаруй хувь нь эрэгтэй. Одоогийн байдлаар цагдан хорих байранд 489 хоригдогсод байгааг танилцуулаад алба хаагчид 24/72 цагийн хуваариар ажиллах ёстой боловч 24/48 гэсэн хуваариар гурван ээлж ажиллаж байгаа гэлээ.
Мөн тэрээр, хэдийгээр Хууль сахиулах их сургуульд боловсон хүчин бэлтгэгдэн ирж байгаа ч ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн халамжийн асуудлаас шалтгаалан тогтвор суурьшилтай ажиллах сонирхолгүй байна. Иймд хуулийн төсөлд энэ талын асуудлыг нарийвчлан тусгах хэрэгцээ шаардлага зүй ёсоор тулгарч буйг онцлов. Дараа нь гишүүд Төв аймаг дахь Цагдан хорих байранд ажиллаж хуулийн төсөлтэй холбоотой санал хүсэлтийг сонсов.