Замын цагдаа, даатгалын компани сайтар уялдан ажиллаж чадвал осол, зөрчил буурах боломжтой
Монголын Даатгагчдын Холбооны Сургалт, судалгаа хариуцсан мэргэжилтэн Б.Жавхланцогт
2016.04.14

Замын цагдаа, даатгалын компани сайтар уялдан ажиллаж чадвал осол, зөрчил буурах боломжтой

Монголын Даатгагчдын Холбооны Сургалт,  судалгаа хариуцсан мэргэжилтэн Б.Жавхланцогттой ярилцлаа.

Жолоочийн даатгалын тухай хуулийн ач холбогдлыг та хэрхэн дүгнэх вэ? Хуулийн хэрэгжилт ямар байна вэ?

Сайн дураар жолоочийн хариуцлагын даатгалд хамрагддаг байсан 2011 онд ойролцоогоор дөрвөн тэрбум төгрөгөөр иргэд, ААН-үүд жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулдаг байсан. Харин хууль хэрэгжиж эхэлснээр замын хөдөлгөөнд оролцогч бүр даатгуулах шаардлага тулгарч,  энэ төрлийн даатгалын хураамжийн орлого бүрдүүлэлт 2012 онд 16 тэрбум төгрөгт хүрч байсан.

 Ингэснээр жолоочид замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байх боломж бүрдсэн гэж ойлгодог. Дэлхийн олон улс оронд уг даатгалыг  хүлээн зөвшөөрч жолоочийн хариуцлагын даатгалыг албан журмынх  болгосон байдаг.

Жолоочийн хариуцлагын даатгал гэдэг нь замын хөдөлгөөнд оролцогч бүр хариуцлагаа  үүрэх тогтолцоо юм.  Манай улсад жолоочийн даатгал хэрэгжээд дөрвөн жил болж байна. Энэ хугацаанд жолооч нар даатгалд хамрагдах идэвх нэмэгдэж,  хэрэгжилт сайн байна.

Жолоочийн хариуцлагын даатгал гэдэг нь замын хөдөлгөөнд оролцогч бүр хариуцлагаа  үүрэх тогтолцоо юм.

Нөхөн төлбөр авч буй даатгалын тохиолдол нэмэгдэж байна. 2012 оноос хойш даатгуулагчдын тоо 40 хувиар өссөн бол нөхөн төлбөр авсан жолоочдын тоо 220 хувиар өссөн байх жишээтэй. Даатгалд хамрагдсан 20 хүн тутмын нэг нь нөхөн төлбөр авч байсан бол 2015 оны эцсийн байдлаар 17 жолооч тутмын нэг нь нөхөн төлбөр авдаг болсон. Жолоочийн даатгал нь зөвхөн машинд учирсан хохирлыг бус, бусдын амь нас эрүүл мэндэд учирсан хохирлыг ч давхар төлдөг.

Хуулийн сул талыг та хэрхэн харж байна?

Нэмж засварлах шаардлагатай хуулийн заалтууд цөөнгүй бий. Тиймээс хуулийн талаар холбогдох байгууллагууд судалгаа, үнэлэлт, дүгнэлт хийн ганц энэ хууль ч гэлтгүй өөр холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байна. Цаашлаад даатгалын суурь хураамжийг нэмэгдүүлэх, амь нас, эрүүл мэндээрээ хохирсон тохиолдлын нөхөн төлбөрийн хэмжээг эргэн харах шаардлага бий. Мөн хохирол, үнэлгээний тогтолцоо их чухал. Хохирол, үнэлгээний компаниудын үйл ажиллагааг сайжруулах, даатгуулагч хоорондын уялдааг сайжруулах хэрэгтэй байна. Манай улсад хүний амь нас, эрүүл мэндийн хохирлыг зөв, бодитой үнэлэн гаргадаг аргачлал хэвшээгүй. Үүнийг хуульд нарийн тодорхой тусгаж өгөх хэрэгтэй.

Даатгалын зах зээлд энэ төрлийн даатгал нь хэр жин дардаг вэ?

Нийт даатгалын зах зээлд төвлөрч буй хураамжийн орлогын 20 хувь буюу 22.4 тэрбумыг зөвхөн жолоочийн даатгалд даатгуулагчдын хураамж бүрдүүлж байна. Харин гарч буй нөхөн төлбөрийн 40 хувийг жолоочийн даатгал эзэлж байна. 2015 оны байдлаар жолоочийн даатгалын хохирлын харьцаа 64 хувьтай байсан. Эндээс үзэхэд дунджаар даатгалын компаниуд 60-70 хувийг  нь нөхөн төлбөрт  зарцуулж байна гэсэн үг. Энэ нь олон улсын дундаж үзүүлэлтээс 10 орчим хувиар л бага юм. Хэрэв энэ хэвээр үргэлжилбэл хоёр жилийн дараа гэхэд ОУ-ын дундаж хэмжээнд жолоочийн даатгалын бүтээгдэхүүн хүрдэг болно.

Холбооны зүгээс хуулийн хэрэгжилтийг хангах талаар ямар ажлыг хийдэг вэ?

Манай холбооны хувьд 2004 онд байгуулагдсан. Монголын даатгагчдын холбоо зөвхөн албан журмын даатгал төдийгүй, бүх гишүүн даатгалын компаниудадын эрх ашгийг хамгаалах, тэднийг төлөөлж төрийн болон бусад байгууллагуудтай харилцах, сургалт явуулах,  туслалцаа үзүүлэх чиг үүрэгтэй. Жолоочийн даатгалын талаар мэдээ мэдээлэл хүргэх, даатгалын компаниудад даатгалын бүтээгдэхүүнийг  хэрхэн сайжруулах талаар даатгалын мэргэжлийн сургалтуудыг хийдэг.  Мөн жил бүр улс даяар даатгалын төлөөлөгчийн сургалт зохион байгуулдаг.

Даатгалын компаниуд шууд  иргэдэд хүрч даатгалд хамруулахаас илүү даатгалын төлөөлөгчдөөр дамжин даатгалд хамруулдаг.

Тиймээс даатгалын төлөөлөгчдөд зориулсан сургалт зохион байгуулахад нэг аймгаас  жилд дунджаар 30-40 хүн шинээр хамрагдаж байна.

Замын хөдөлгөөний осол, зөрчлийг бууруулахад даатгалын компаниуд ямар нөлөө үзүүлэх вэ?

Жолооч хариуцлагатай байснаар хүний амь нас, эрүүл мэндэд бага хохирол учирч осол багасна. Ингэхийн тулд Замын цагдаагийн байгууллага, даатгалын байгууллага хамтарч зорилго нэгтэйгээр эрсдлийг бууруулах чиглэлд ажилладаг. Замын цагдаагийн газар жолоочийг осол аваар гаргасан нөхцөлд зөрчлийн оноог нь тоолж, жолоочийн эрхийг хасах хүртэл арга хэмжээ авдаг. Харин даатгалын компаниуд жолоочийг осол, зөрчил их гаргавал ирэх жилийн хураамжийг нь нэмэгдүүлэх замаар хариуцлага тооцдог. Эсрэгээрээ осол, зөрчил бага гаргасан жолоочийн ирэх жилийн төлөх хураамжийн хэмжээг бууруулна.

Энэ бол “bonus+malus” буюу  “урамшуулал+шийтгэлийн” систем юм. Олон улсад ч энэ аргыг баримталдаг.

Нэгдсэн нэг мэдээллийн сантай учраас даатгалын компаниас үл хамаарч хураамжийн хэмжээ адил гардаг.

Осол, зөрчил гаргасан тохиолдолд эхлээд Замын цагдаа дуудан буруутай этгээдийг зөв тодорхойлсны  дараагаар нь даатгалын компаниар үнэлгээгээ тогтоолгох хэрэгтэй. Тиймээс Замын цагдаа, даатгалын байгууллага хамтран ажлын уялдаагаа сайжруулбал осол, зөрчлийг бууруулах боломжтой.