Мөхөж буй үндэстнүүд
Япон, Өмнөд Солонгос, Тайвань зэрэг Зүүн Азийн зарим орнуудын хүн ам буурахын хажуугаар хөгширч байна
2016.04.01

Мөхөж буй үндэстнүүд

Эдүгээ дэлхийн хүн ам долоон тэрбум давч манай гаригийн нөөц олон хүн тэжээж хүрэлцэхгүй болов. Гэвч зарим оронд эсрэгээрээ хүн ам буурч байна. Ийм орны жишээ гэвэл голдуу Японыг нэрлэдэг. Гэхдээ хүн амын өсөлт буурч буй орон бол зөвхөн Япон биш юм.

Наран улсын хүн амын бууралт төрөлт багассанаас үүдэлтэй. Хүн амын тоо нь нэг жилд 0,7 хувиар буурдаг гэхээр шалихгүй мэт харагдавч алс хэтдээ үндэстэн устах аюул нүүрлэж мэдэх юм.

... 2006 онд Японы хүн ам, нийгэм судлалын үндэсний хүрээлэнгийн гаргасан тайланд тус улсын хүн ам энэ зууны төгсгөл гэхэд 22 сая болж буурах аж. Харин 22 дугаар зууны төгсгөлд 10 сая, 2350 он гэхэд нэг сая болж, 3000 он гэхэд 100 хүн хүрэхгүй япон хүн үлдэнэ гэсэн тооцоо гарчээ ...

Түүнчлэн 3000 он гэхэд Японы арлууд усан доор орсон байна.

Японтой төстэй хүн амын асуудал Зүүн Азийн хэд хэдэн оронд бий. Жишээ нь гуравдугаар мянганы дунд үе гэхэд өмнөд солонгосчуудын тоо 10 000 болно гэсэн урьдчилсан тооцоо гарчээ.

Хүн ам буурах хандлага Зүүн Европын зарим оронд ч бий. Тухайлбал Болгари улсын хүн ам бага төрөлт, цагаачлал хоёроос болж буурч байна. Хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан зарим оронд ч ижил төстэй нөхцөл байдал үүсчээ. НҮБ-ын судалгаагаар Украины хүн ам 2050 он гэхэд 25 хувиар, Гүржийнх 17 хувиар буурна гэсэн тооцоо гарчээ.

Сонгодог эдийн засгийн онол ёсоор ДНБ-ийн гол хэмжүүр нь хүн амын тоо.

.... Түүнээс гадна хүн ам цөөрөхийн зэрэгцээ хөгширдөг гэдгийг мартаж болохгүй. Үүнтэй холбоотой “цаг хугацааны бөмбөг” гэсэн нэр томъёо ч бий болжээ ....

Асуудлыг хэтэрхий хөөргөхгүйн тулд хүн ам зүйчид яриаг арай өөр зүгт чиглүүлэхийг оролдож байна. Тэд хүн амын бууралт, эсвэл хэт өсөлтийн тухай ярихаасаа илүү хүн амын тоог эдийн засгийн өсөлт, амьжиргаа, боловсролын түвшинтэй холбож авч үздэг. Энэ өнцгөөс нь харвал хүн амын тооноос илүүтэй хүн амын чанар, өөрөөр хэлбэл боловсрол, эрүүлийг хамгаалах тогтолцооны чанар чухал болно. Ийм хандлага тодорхой хэмжээнд хүн амын бууралтын асуудлыг хөдөлмөрийн бүтээмжийн өндөр үзүүлэлтээр шийдэх боломж өгдөг.

Гэвч Япон, Солонгосын эрх баригчид хүн ам нь тогтмол буурч байгаа хандлагыг том асуудал гэж үздэг. Зарим улсад уг асуудалд үндсэрхэг үзлийн өнгө аяс оруулж авч үзэхдээ аливаа үндэстний “амьдралын хүч” сулраад эхлэхээр хүн ам буурдаг гэж үздэг. Тиймээс Солонгосын хүн амын бууралтын тооцоог хэт барууны улс төрчид, өөрөөр хэлбэл үндсэрхэг үзэлтнүүд захиалж хийлгэсэн ажээ. Харин Тайваний өмнөх Ерөнхийлөгч бага төрөлтийг үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх асуудал гэж хэлжээ.

Тиймээс зарим судлаачид улс төрчид иргэдийг хүүхэд олноор төрүүлэх хэрэгтэй гэдэгт итгүүлэхийн тулд үндэстэн мөхнө гэсэн санааг ашигладаг гэж үздэг.

Хүн ам буурах асуудал зөвхөн улсын түвшинд бус, орон нутгийн түвшинд хүртэл бий. Тухайлбал Токио болон Японы бусад том хотуудын хүн ам эрчимтэй өсч байхад тосгодын хүн ам бүр илүү хурдаар багасч байгаа ажээ. Энэ талаар Японд “Тосгодын мөхөл” нэртэй ном гарсан нь бестселлер болжээ. Хятадын тосгодод ч бас голдуу настай хүмүүс амьдардаг. Тэд нас бараад дуусахад тосгон эзгүйрнэ.

... Дэлхийн хүн амд тулгамдаж буй өөр нэгэн асуудал бол залуучуудын тоо цөөрч байгаа явдал ...

Энэ чиглэлд дэлхийн орнууд хоёр лагерт хуваагдав. Нэг хэсэгт нь 15-19 настай залуусын тоо 2015-2050 оны хооронд эрс буурна, нөгөө хэсэгт нь өснө. Эхний хэсэгт сүүлийн 30 жилд залуусынх нь тоо 46 хувиар буурсан Тайвань орно. Үүний араас Таиланд (38%), Польш, Өмнөд Солонгос (31%), Бразили (22%), Хятад (21%) зэрэг орнууд орж байна.

Харин хоёр дахь хэсгийг 2015-2050 онд залуучуудынх нь тоо гурав дахин өсөх төлөвтэй байгаа Нигер улс тэргүүлж байна.