Ойрын 1-3 жилд эдийн засаг нь хямарч болзошгүй долоон орон
2016.03.30

Ойрын 1-3 жилд эдийн засаг нь хямарч болзошгүй долоон орон

Хувийн хэвшил дэх өрийн хэмжээ нь зах зээлийн эдийн засгийн нэгэн чухал үзүүлэлт байдаг ч улс орнууд энэ талаарх мэдээллийг дэлгэх дургүй байдаг. Харин одоо байдал өөрчлөгдөв. Bank of International Settlements (BIS) улирал бүр 40 гаруй орны гадаад өр болон хувийн хэвшлийн өрийн тайлан гаргадаг. Эдгээр тайланд үндэслээд Лондоны Кингстоны Их Сургуулийн профессор Стин Кин “Forbes” сэтгүүлтэй хамтран ойрын 1-3 жилд эдийн засгийн хямрал нүүрлэж болзошгүй долоон орныг тодорхойлжээ. Энэ жагсаалтад Хятад, Австрали, Швед, Хонконг, Өмнөд Солонгос, Канад, Норвеги зэрэг улс оржээ.

Нобелийн шагналт эдийн засагч Пол Кругман нэгдүгээрт хувийн хэвшлийн өр ДНБ-д харьцуулвал хэтэрхий өндөр болвол, хоёрдугаарт өрийн хэмжээ ДНБ-ээс илүү хурдтай өсч байвал хямрал эхэлдэг гэж үзэж байна. Зээлийн олголт буурах, эсвэл зогсох үед хүмүүс шинээр зээл авахаас болгоомжилж, үүнээс улбаалан санхүүгийн байгууллагууд унаж эхэлдэг. Стив Кинг болон бусад нэртэй эдийн засагчид ч энэ онолыг дэмждэг.

АНУ-д зээл олголт буурахад санхүүгийн хямрал нүүрлэсэн түүхтэй. Улс орныг бүхэлд нь хамарсан зогсонги байдал 2008 онд эхэлж хоёр жилийн дараа дууссан. 2008 оны эхээр зээл олголт болон ДНБ-ий өсөлт оргилдоо хүрсэн. Гэвч удалгүй буурч эхэлснээр дэлхийн санхүүгийн хямралын эхлэл тавигдсан.

Дээр дурдсан жагсаалтыг гаргахад “Forbes” сэтгүүлийнхэн Ричард Вейг хэмээх банкирын хийсэн сүүлийн 150 жилийн эдийн хямралын түүхийн судалгааг ашиглажээ. Уг судалгаагаар нэгдүгээрт хувийн хэвшлийн өр ДНБ-ээс 1,5 дахин их, хоёрдугаарт хувийн хэвшлийн өрийн хэмжээ ДНБ-ий өсөлтөөс ойрын таван жилийн хугацаанд 20 хувиар илүү байвал хямрал нүүрлэдэг гэсэн дүн гарчээ.

BIS-ийн тайланд үндэслээд профессор Стин Кин нь Вейгийн гаргасан эхний үзүүлэлтэд нийцэж байгаа 21 орныг тодорхойлжээ. Тэдгээрээс 16 орны хувийн хэвшлийн өрийн хэмжээ ДНБ-ээсээ 175 хувиар илүү байна. Харин хоёр дахь үзүүлэлтээр шүүхдээ арай хялбарчилж зөвхөн сүүлийн нэг жилийн дотор хувийн хэвшилд бий болсон өрийн хэмжээ нь ДНБ-ээс 10 хувиар илүү байгаа орнуудыг тодорхойлоход дээрх долоон орон үлджээ.

Нэгдүгээр үзүүлэлтээр Хятад, Хонконг тэргүүлж байна. Эдгээр оронд чухам хэзээ хямрал нүүрлэж болохыг нарийн тогтоох боломжгүй. Хэрэв Засгийн газар зөв алхам хийж чадвал чиг хандлагыг өөрчлөх боломж бий. Эдгээр долоон орон 2008 оны санхүүгийн хямралаас бага хохирол амссан. Гэхдээ зээл олголт зогсох тэр өдөр Америкийн адил нөхцөл үүсэх магадлал өндөр юм.