Бусдыг захиалгаар цагдан хорихоо зогсоо
2016.03.23

Бусдыг захиалгаар цагдан хорихоо зогсоо

УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Г.Түвшинжаргалыг цагдан хориод буй.

Түүнийг хуурамч бичиг баримт бүрдүүлэх замаар мөнгө угаасан байж болзошгүй хэмээн шалгаж байгаа.

Энэ үйл явдалтай холбогдуулан УИХ-ын гишүүд холбогдох хуулийн байгууллага болон Хуульзүйн сайд руу албан бичиг илгээсээр байна. Тухайлбал өчигдөр  УИХ-ын гишүүн, Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат Хуульзүйн сайд Д.Дорлигжавт хандан албан бичиг илгээжээ. Уг бичигт "хөхүүл хүүхэдтэй эмэгтэйд үндэслэлгүйгээр цагдан хорих, таслах сэргийлэх арга хэмжээ авсан, нэр бүхий хүмүүсийн эрх, эрх чөлөөнд халдсан талаарх мэдээлэл тус байнгын хороонд ирсэн. Тиймээс бусдыг захиалгаар, үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгах, цагдан хорих, орон байранд нь нэгжлэг хийх зэрэг хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллахыг хүсье" гэжээ.   

Өмнө нь энэ асуудлаар УИХ-ын гишүүн Х.Баттулга Хуульзүйн сайдад хандсан. Харин Хуульзүйн сайд Д.Дорлигжав дээд шүүх, ерөнхий прокурор, ШЕЗ зэрэг байгууллагын удирдлагуудад уг хэрэгт биечлэн хяналт тавихыг даалгаад буй. 

Мөн эл асуудлаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг ЦЕГ-ын дарга Р.Чингист шаардлага хүргүүлсэн юм.