Хүүхдийн Урлан бүтээх төвийн барилгыг өмч хувьчлалын жагсаалтаас хаслаа
2016.03.23

Хүүхдийн Урлан бүтээх төвийн барилгыг өмч хувьчлалын жагсаалтаас хаслаа

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдаанаар Нийслэлийн өмчөөё 2016 онд хувьчлахаар баталсан зарим барилгуудыг хувьчлалын жагсаалтаас хасах тухай асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэлээ.

Нийслэлийн өмчөөс 2016 онд хувьчлагдахаар өмч хувьчлалын жагсаалтад орсон гурван барилгыг өмч хувьчлалын жагсаалтаас хасах санал орууллаа. Үүнд:

  • Хүүхдийн Урлан бүтээх төвийн барилгуудыг хүүхэд залуучуудыг хөгжүүлэх, хүүхдийн хөгжлийг хангах зориулалтаар барьж байгуулсан барилга байгууламж, бий болгосон хөрөнгийг хүүхэд багачуудад нь зориулалтынх нь дагуу үлдээх зорилгоор хувьчлалын жагсаалтаас хасах
  • Нийслэлийн ИТХ-ын 2015 оны 32/31 дугаар тогтоолоор нийслэлээс 2016 онд хийгдэх Концессийн зүйлийн жагсаалтад Нийслэлийн ЗДТГ-ын байр орсон. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн ЗДТГ-ын спорт заалны барилгыг хувьчлалын жагсаалтаас хасах
  • Соёлын төв өргөө цогцолборын Г хэсгийг хувьчлахаар шийдвэрлэсэн нь соёл урлагийн олон байгууллагыг ажлын байргүй болгож, мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаа доголдоход хүргэж байгаа гэх олон албан бичиг, хүсэлт ирсэн байна. Тухайлбал Монгол УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, дэд дарга Г.Ганболдоос Нийслэлийн Засаг даргад хүсэлт хүргүүлжээ. Иймд хүсэлтүүдийг үндэслэн Соёлын төв өргөө цогцолборын Г хэсгийг хувьчлалын жагсаалтаас хасах

Уг асуудалтай холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид асуулт асууж, санал хэллээ.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Т.Гантөмөр: Хүүхдийн Урлан бүтээх төвийн барилгыг нийслэлийн 2016 оны өмч хувьчлалын жагсаалтад Улсын байцаагчийн дүгнэлтээр цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон гэсэн шалтгаанаар оруулж байсан. Харин өнөөдөр болно гээд хасах гэж байна. Яагаад шийдвэрээсээ буцсан асуудал оруулж ирж байгаа вэ? гэж асуухад Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар: Мэргэжлийн хяналтын байцаагчийн 2 удаагийн дүгнэлт гарсан. Өмч хувьчлалын жагсаалтад оруулсны дараа Японы Засгийн газраас дээврийн засварын ажлыг буцалтгүй тусламжаар хийхээр болж, эцэг эхчүүд, ажилтнуудын удаа дараагийн гомдлыг нийслэлийн Засаг даргад уламжлан хамгийн гол эвдрэл болох барилгын суурийн бэхлэлтийг нийслэлийн төсөвт оруулан, шийдвэрлэхээр болсон. /Хүүхдийн Урлан бүтээх төвийн барилга 1958 онд ашиглалтад орсон/ 
Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга: Монголчууд “Сүх далайтал үхэр амар” гэдэг. Засвар хийгээд барилга нурахгүй гэж үзэж байгаа юм уу. Тэнд сурч байгаа хүүхдүүд, багш ажилтнуудын аюулгүй байдлыг яаж хангах вэ? гэхэд Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай: Засварын ажлуудыг хийчихвэл ойрын хугацаанд ашиглах боломжтой гэж үзэж байгаа. Гэхдээ цаашид хувьчлах уу, барилгыг нурааж дахин барих уу гэдгийг тооцох шаардлагатай байгаа гэлээ.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Н.Баяраа: Соёлын төв өргөө цогцолборын Г хэсэгт соёл урлагийн мэргэжлийн хэдэн байгууллага үйл ажиллагаа явуулж, хэдэн төгрөгийг түрээсийн төлбөрт төлдөг талаар тодруулахад Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар: 30-аад байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Гэрээний дагуу сард 1 м.кв-ыг 4000 төгрөгөөр тооцож түрээсийн төлбөр өгдөг. /СТӨ-ний Г хэсэг 1987 онд ашиглалтад орсон/

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар олонхийн саналаар Нийслэлийн Өмчийн харилцааны газраас санал оруулсан дээрх гурван барилгыг нийслэлийн 2016 оны өмч хувьчлалын жагсаалтаас хасахаар шийдвэрлэж, тогтоол гаргалаа. Харин НИТХ-ын дарга Д.Баттулга: Асуудал оруулж байгаа албаныхан тооцоо судалгаатай асуудал оруулж байхыг анхааруулаад, хэдийгээр өмч хувьчлалын жагсаалтаас дээрх гурван барилгыг хасч байгаа ч өмч хувьчлалаас нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн 46 тэрбум төгрөгт өөрчлөлт оруулахгүй гэдгийг хэллээ.