Цагдаагийн байгууллага нэг компанийн төлөө ажилладаг болж
Улсын их хурлын дарга З.Энхболд Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймагт ажиллаж, орон нутаг дахь үйлдвэржилт, аж ахуй нэгж, албан байгууллагуудын үйл ажиллагаа, бүтээн байгуулалттай танилцаж, иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт хийлээ.
Тэрээр ээлжит орон нутгийн томилолтоо энэ сарын 18-нд Өвөрхангай аймгаас эхлүүлж Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай аймагт тус тус ажиллаад байна. Хаваржилт, орон нутгийн байдалтай танилцаж яваа түүний томилолт маргааш Архангай аймагт ажилласнаар өндөрлөх юм.
УИХ-ын дарга Баянхонгор аймгийн иргэд, хөдөлмөрчидтэй хийсэн уулзалтыг сурвалжилж, иргэдийн санаа бодлыг сонслоо. Уулзалт хоёр цаг үргэлжилж, УИХ-аас хийж хэрэгжүүлсэн ажил, баталсан хууль, тогтоол тэдгээрийн хэрэгжилт хийгээд улс орны эдийн засгийн зарим асуудлаар танилцуулав.
Иргэдийн хувьд 2013 оноос олгож эхэлсэн ипотекийн зээлийн хүү таван хувьд шилжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа уламжлаад, зарим иргэд аймгийн Төрийн банкинд ипотекийн таван хувийн зээлд шилжих материалаа бүрдүүлж өгсөн тухайгаа жишээ татсан юм.
Орон нутгийн иргэд
Түүнчлэн, Баянхонгорчуудын талархалыг хүлээсэн бас нэг асуудал нь УИХ, Засгийн газраас малчдын зээлийн хүүг бууруулсан явдал хэмээж байв. Уулзалт, ярилцлагын үеэр үг хэлсэн малчин ардын төлөөлөл уг шийдвэрийг цаг үеэ олсон, бодит дэмжлэг болсон хэмээж байв.
УИХ-ын дарга З.Энхболд гадаадын хөрөнгө оруулалт, бондын тухай иргэдээс ирсэн асуултад хариу өгч, ипотекийн зээл, "Түрээсийн орон сууц" хөтөлбөр болон Хамтын тэтгэвэрийн тухай хууль, Монгол цэрэг бүтээн байгуулалтын тухай хууль зэрэг хууль тогтоомж болоод улс орны эдийн засгийн зарим асуудлаар танилцуулга хийсэн.
Х.Баттулга: Бүх хэргийн учир тайлагдана, удахгүй
Мөн УИХ-ын даргад удаа дараа амаар болон бичгээр тавьсан асуулт нь сүүлийн үед хэвлэлүүдийн гол сэдэв болоод буй УИХ-ын гишүүн Х.Баттулгатай холбоотой хэрэг байв.
Тэр дундаа гишүүн Х.Баттулгын туслахуудыг ээлж дараалан баривчилж, эрүү үүсгэн шалгаж байгаа нь аль нэг улс төрийн хүчин, хувь хүний захиалгатай эсэхийг лавлаж байлаа.
Энэ тухай гишүүн Х.Баттулга "Энэ бол өнөөдөр ярьж, бичээд байгаа асуудал биш. 2012 оноос өмнө миний эсрэг хийгдэж байсан үйл ажиллагааны үргэлжлэл. 2012 оны сонгуулийн үеэр миний эсрэг маш олон суртал нэвтрүүлэг хийгдэж байсан.
Энэ нь Монголын ард түмний өмч болсон Таван толгойн ордыг үнэгүй авах гэсэн УИХ болон Засгийн газарт байдаг зарим бүлэглэлийн хийж буй ажил. Удахгүй бүх зүйл тодорхой болно. Би цаашид Таван толгойг Үндсэн хуульд заасанчлан бүх ард түмний өмч байлгах тал дээр тууштай зогсоно.
Баривчлагдсан хоёр эмэгтэйн тухай хэвлэлээр маш их мэдээлэл гарч байгаа тул би давтан ярих шаардлагагүй болов уу. Удахгүй бүх хэргийн учир тайлагдана" гэж хариулсан. Мөн тэрээр иргэдээс ирсэн хөдөө аж ахуйн салбарын зарим асуудалд дэлгэрэнгүй тайлбар өгсөн.
УИХ-ын гишүүн Х.Баттулга
Гишүүн Х.Баттулга болоод түүний туслахуудтай холбоотой асуудлаар зарим иргэд байр сууриа илэрхийлэхийн зэрэгцээ УИХ-ын даргаас энэ асуудалд ямар байр сууринаас хандаж буйг нь тодруулсан юм. Тухайлбал, Баянхонгор аймгийн иргэн н.Лхагваа, н.Пүрэвдулам, Б.Батдамба нар асуув. н.Пүрэвдуламын хувьд "Хэд хоногийн өмнө хөхүүл хүүхэдтэй хоёр ч эмэгтэйг бариад явчихлаа. Угтаа УИХ-ын гишүүний туслах ууж идэж, хэрэг төвөгт орооцолдоод байх тийм эрх мэдэлтэй хүн байдаг юм уу.
Би л хувьдаа үгүй болов уу гэж бодож байна. Энэ хэрэгт эгэл жирийн эх хүн, эмэпэй хүнийг татан оруулж байгаа нь хэрээс хэтэрсэн явдал болж байна. Тиймдээ ч ард түмэн, иргэд хөдөлмөрчид гишүүн Баттулгыг өмгөөлөх цаг болсон гэж харж байна.
Яагаад эх орноо гэж хоёргүй сэтгэлээр хандаж байгаа нэгнээ хавчин шахаж, эргэн тойрныхонд нь элдэв дарамт шахалт үзүүлж байдаг юм бэ. Сонгууль бүрийн өмнө Баттулга гишүүнтэй холбоотой элдэв асуудал үүсдэг. Батзаяаг тав, зургаан сар хорьсон, төд удалгүй буцаагаад сулласан.
Одоо энэ хоёр бүсгүйг ч хэсэг хугацааны дараа гэм буруугүй гээд гаргах уу. Монголын төр, хууль хүчний байгууллага хэн.нэгний ашиг сонирхлын төлөө бусдыг дарамталж, чадахгүй болохоороо ойр тойрны хүмүүсийг нь аваачиж хорьдог тогтолцоотой болчихсон юм уу.
Гадаадын хөрөнгө оруулалт, үзэл суртал дээр тоглолт хийдэг компаниуд, тухайлбал "МС5"- тэй холбоотой Монгол төрийн бодлого байж болдоггүй юм уу. УИХ-ын дарга, Төрийн гурван өндөрлөгийн нэгний хувиар хариу өгөөч" хэмээн хүссэн юм.
Энэ асуултад УИХ-ын дарга З.Энхболд "Миний хувьд Батзаяагийн хэрэг эхэлснээс хойш харзнасан байдалтай байгаа. Мөнгө идсэн, идээгүйг би мэдэхгүй. Ямартай ч энэ асуудпыг үргэлжпүүлж, сонгуульд нөлөөлөх зорилго агуулж байгаа бол намын даргын хувьд үг хэлэхээс өөр аргагүй байдалд орно. Хэн нэгэн хүнийг баривчилж, ял өгч болно. Гэхдээ бүх юм шүүх, цагдаа гээд бүгдээр нь орох ёстой. Хуулийн байгууллагыг улс төрийн зорилгоор ашигладаг цаг ард хоцорч.
Харин ч хувийн ашиг сонирхолдоо ашигладаг хүмүүс байна. Ийм үл бүтэх улсыг хуулийн байгууллагаас хөөж, арга хэмжээ авахгүй бол энэ байдал үргэлжилсээр байх болно. Энэ асуудал хэрээс хэтэрсэн. "МС5" гэдэг компанийн мэдлийн цагдаагийн даргатай болчихсон.
Нэг улс төрийн намын төлөө ажилладаг цагдаагийн байгууллагатай байсан бол одоо нэг компаний төлөө ажиллаж байна. Цагдаагийн даргыг хэн томилдог вэ, Ерөнхий сайд. Прокурор, шүүгчийг хэн томилдог юм, Ерөнхийлөгч.
Би хэнийг томилдог вэ, хэнийг ч биш. Тэгэхээр энэ бүх салбар УИХ-аас хол байгаа биз. Хуулийн байгууллагад байгаа, компанийн гар хөл болсон улсыг зайлуул гэж хэлсэн. Зайлуулалгүй өдий хүрсэн. Юуны өмнө нам үл бүтэх хүмүүсээ цэвэрлэх болсон.
Манай намд Таван толгойгоо "үнэгүй өгнө" гээд гар өргөсөн хүмүүс бий, гэхдээ цөөхөн.
Энэ хүмүүсийг намаас нэр дэвшүүлэхгүй, Ардчилсан намын байр суурь маш тодорхой. Бид "Таван толгойг ард иргэдэд өгнө" гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан. Намаас цөөхөн хүн Таван толгойг өгөх байр суурьтайгаа ч илэрхийлсэн.
Тэр хүмүүс одоо мөнгөө цуглуулж байгаад эсэргүүцэж байгаа бүх хүнийг тойрогт нь унагаах ажиллагаа явуулна. Энэ зөвхөн манай намд байгаа асуудал биш. Ардын нам дотор манайхаас ч олон хүн байна. Дээрх хүмүүс шинэ гарч байгаа намуудын мөнгийг ч төлж байна. Энэ асуудалд зөвхөн баянхонгочууд санаа зовох биш нийт монголчуудын асуудал" хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.