УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар тойрогтоо ажиллаж байна
Хэнтий аймгийн Бор-Өндөр сумаас 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарын энэ удаагийн иргэд сонгогчидтой уулзах уулзалт нь эхэллээ.
Саяхан буюу 3 дугаар сарын эхээр мөн аймгийнхаа 6 сум, 1 багийн иргэдтэй уулзалт ярилцлага хийж ажлын тайлангаа тайлагнаж явсан гэдгийг дурьдаад, энэ удаад нийт 9 сумын иргэдтэй уулзалт хийж, ажлын тайлангаа танилцуулах, тэдний санал бодлыг сонсохоор тойрон ажиллаж байгааг ажлын албаных нь хүн хэлж байсан юм.
УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар ажлын тайлангаа иргэдэд танилцуулахдаа дараах гурван хэсэгтэйгээр тайлагнаж байв. Нэгдүгээрт, УИХ-ын гишүүнийхээ хувьд хийсэн ажил, санаачилсан, батлалцсан, ажлын хэсгийг нь ахалсан хуулиудаа танилцуулж, хоёрдугаарт, Ардчилсан намын Засгийн эрх барихдаа хийж бүтээсэн бүтээн байгуулалт, хууль эрх зүйн орны шинэчлэл зэргийг тоймлон хүргээд, гуравдугаарт, Хэнтий аймагтаа хийсэн ажил, бүтээн байгуулалтаа танилцуулж байлаа.
Иргэд сонгосон УИХ-ын гишүүнийхээ ажлын тайланд сэтгэл хангалуун байсан юм. УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар 2 жил гаруй хугацаанд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллахдаа энэ парламентын үед шинэчлэгдсэн банк санхүү, эдийн засгийн чиглэлийн томоохон хуулиудыг биечлэн хариуцаж байснаа онцлоод одоо хэрэгжиж буй НӨАТ-ын хуулийг анх санаачилж байснаа дурьдаж байлаа. Зөвхөн ажлын тайлангаа танилцуулах хугацаа нь 1 цаг 30 минут гарантай үргэлжилж араас нь иргэд болон орон нутагт тулгамдаж байгаа асуудлуудад хариулт өгөхөд нийт 3 цаг орчмын уулзалт болж байв.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум нь нийт 8648 хүн амтай, анх Хэнтий аймгийн Дархан сумын нутагт үйлдвэрийн роайнаар төвлөрч байсан ч сүүлд 2012 онд иргэдийнхээ хүсэлтээр бие даасан сумын статустай болсон байна. Энэ суманд хийсэн уулзалтын үеэр иргэд хамгийн ихээр газар нутаг, бэлчээрийн хүрэлцээ байхгүй байгаа талаар асуулт асууж, саналаа хэлж, хүсэлт тавьж байлаа. Мөн иргэд "Ажлын байр бий болгох хоёр томоохон хэмжээний үйлдвэр манай суманд баригдахаар төлөвлөгдөж байгаад баяртай байна. Гэхдээ бодит ажил хэрэг болгох хэрэгтэй. Хүлээж байгаа" гэдгийг захиж байсан юм. УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар өөрийн сонгогдсон тойрог Хэнтий аймгийнхаа бүх сумдын иргэдтэй жилдээ нэг удаа заавал ирж уулздагт иргэд ам сайтай байлаа.