Гацаанд орсон төслүүдийг хөдөлгөгч хүч М.Энхболд
2016.03.17

Гацаанд орсон төслүүдийг хөдөлгөгч хүч М.Энхболд

Парламент дахь сөрөг хүчний дарга М.Энхболд “Эх орончдын өдөр”-т зориулсан баярын хурал дээр гацаанд ороод буй томоохон төслүүдийг хөдөлгөнө, монгол улсад хүртэх өгөөжийг нэмэгдүүлнэ гэж мэдэгдэл хийсэн.

Дээрх үг олны анхаарлыг нэлээд татлаа.  

Тэрбээр илтгэлдээ “Бид гацаанд ороод байгаа стратегийн ач холбогдолтой,томоохон төслүүд болох Оюутолгой, Тавантолгой, Төмөр зам, Эрчим хүчний төслүүдийн ажлыг эрчимжүүлэх, эхлүүлэх арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэн, Монгол улсын хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх зарчмыг тууштай баримтлан ажиллана” гэлээ. 

Дээрх мэдэгдэл олны анхаарал яагаад татах болов гэхээр одоогийн Ерөний сайд жил гаруйн өмнө олон нийтэд хандан “Таван толгойг хөдөлгөнө” гэж мэдэгдэл хийсний маргааш нь УИХ-ын дарга З.Энхболд хөдөлгөхгүй гээд зогсоосон. Ажил ийм байдлаар одоо хүртэл зогсож байна. 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дубайд очиж Оюу Толгойн гэрээг улам муу болгосныг УИХ-ын нэр бүхий гишүүд, судлаачид эрс эсэргүүцэн гэрээг долоо дордуулсан гэдгийг ил шулуухан хэлдэг. Тиймээс сөрөг хүчний дарга М.Энхболд ирэх сонгуульд өнгөлвөл томоохон төслүүдийг гацаанаас гаргах найдвар байж болох талтай.

Учир нь МАН-ын дарга М.Энхболд өнгөрсөн сард Ийгл телевизд өгсөн ярилцлагадаа 2007 оны дөрөвдүгээр сард Ерөнхий сайд байхдаа “Оюу Толгойн” төслийн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийж хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-д өргөн барьж байсан. Дээрх гэрээнд Монгол улсад ашигтай олон зүйл заалт байсан бөгөөд хөрөнгө оруулагчид хүлээн зөвшөөрч байсныг онцлон хэлсэн байдаг. 

Тус гэрээнд хөрөнгө оруулагч талтай 34 хувийг огт хүүгүй авахаар тохирсон

М.Энхболд хэлэхдээ “Тус гэрээнд хөрөнгө оруулагч талтай 34 хувийг огт хүүгүй авахаар тохирсон. Харин буцааж төлөхийг нь монголд ашиг нь ноогдож эхэлсэн тэр цагаас олгогдож байгаа дивидентээрээ л төлнө. Тэрнээс монголоос мөнгө гаргаж төлөхгүй. Гэтэл өнөөдөр 34 хувийн хүү өдөр бүр өсч байна. 2007-2011 оны хооронд хөрөнгө оруулагч тал өөрөө 100 хувь хөрөнгөө гаргаад зэс хайлуулах үйлдвэр барих. Хэрвээ тогтсон хугацаанд үйлдвэрээ барьж дуусгахгүй бол 2007 оноос эхлэн олворлосон бүх зэсгийн баяжмал дээр 68 хувийн татварыг нөхөж төлнө гэдгээ хөрөнгө оруулагчид хүлээн зөвшөөрсөн байсан. 

Дээрээс нь бүх ажилчдын 90 хувь нь монголчууд байна. ШУТИС-ийн уул уурхайн дээд сургуулийг XXI зууны уул уурхайн шилдэг сургууль болгоход шаардах хөрөнгийг Рио Тинто гаргана гэх мэт онцгой чухал заалтууд байжээ. Үүнийг Дубайд очиж эрс муутгасан. Тиймээс дээрх гэрээг засах, томоохон төслүүдийг монгол улсад монгол хүнд ашигтай хувилбараар хийж чадах хүн нь М.Энхболд байхыг үгүйсгэх аргагүй.