Хамтын тэтгэврийн хэмжээ 45 мянган төгрөгөөс багагүй байна
Хуулийн нэр: Хамтын тэтгэврийн тухай
Санаачлагч: Засгийн газар
Өргөн барьсан он.сар.өдөр: 2014-01-16
Батлагдсан он.сар.өдөр: 2015.12.03
Хүчин төгөлдөр мөрдөж эхлэх он.сар.өдөр: 2017.01.01
Хуулийн бүтэц: 12 бүлэг 45 зүйлтэй
Энэ хууль өндөр насны болон цэргийн алба хаасны бүрэн тэтгэвэр авч байгаад нас барсан хүмүүсийн ар гэрийг дэмжихэд чиглэсэн байна.
... Хууль хэрэгжиж эхэлснээр дээрх хоёр төрлийн бүрэн тэтгэвэр авдаг хүн нас барвал нөхөр, эсвэл эхнэр нь түүний авч байсан тэтгэврийг үргэлжлүүлэн авдаг болно ...
Ямар нөхцөлд хамтын тэтгэвэр авах вэ?
Хамтын тэтгэвэр авахын тулд тухайн хүн эхнэр, эсвэл нөхөртэйгээ 15 ба түүнээс дээш жил хамт амьдарсан байна. Гэхдээ энэхүү 15 жилийг зөвхөн гэрлэлтээ бүртгүүлснээс хойш, өндөр насны тэтгэвэр тогтоолгохоос өмнө гэж тооцно. Хамтын тэтгэвэр авах эрэгтэй 60 насанд хүрсэн, эмэгтэй нь 55 насанд хүрсэн байна.
Хэрвээ өндөр насны тэтгэвэр авдаг иргэн нас барахад гэр бүлийнх нь хүн тэтгэврийн насанд хүрээгүй бол тэтгэврийн насанд хүрсэн үед хамтын тэтгэвэр авах эрх үүснэ. Уг эрх нөхөр эсвэл эхнэрийг нас барснаас хойш таван жил хадгалагдана. Өөрөөр хэлбэл өндөр насны тэтгэвэр авагч нөхөр нь нас барахад эхнэр нь 50 настай байвал таван жилийн дараа өөрөө тэтгэвэр тогтоолгохоос гадна нөхрийнхөө авч байсан тэтгэврийг үргэлжлүүлэн авна гэсэн үг.
Хамтын тэтгэврийн хэмжээ
Хамтын тэтгэврийн хэмжээг хүн амын амжиргааны баталгаажих доод түвшин, инфляцитай уялдуулан жил бүр Засгийн газраас шинэчлэн тогтооно. Гэхдээ бүрэн тэтгэврийн доод хэмжээний 20 хувиас бага байж болохгүй гэж заажээ.
... Энэ нь одоогоор Засгийн газрын өнгөрсөн онд баталсан “Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх тухай 52 дугаар тогтоол”-ын дагуу 46 мянган төгрөгөөс багагүй хэмжээний мөнгө авна гэсэн үг ...
Хамтын тэтгэврийг нас барсан эхнэр эсвэл нөхрийн өндөр насны тэтгэвэр авах хугацаа дуусгавар болсны дараа эхнэр эсвэл нөхөр нь хамтын тэтгэвэр авахыг хүсч өргөдөл гаргасан өдрөөс эхлэн олгох юм.
Хамтын тэтгэвэр авагч өөрөө нас барсан тохиолдолд нас барснаас хойш 30 хоног дуустал энэ тэтгэврийг олгох юм байна.
Өндөр насны болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагч нь 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан бол гэр бүлийнх нь хүнд олгох тэтгэврийн зардлыг төсвөөс даана.
Хамтын тэтгэвэр тогтоолгоход бүрдүүлэх баримт бичиг
- Хамтын тэтгэвэр авах өргөдөл
- Иргэний үнэмлэх, хуулбартайгаа
- Гэрлэлтийн гэрчилгээ, нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарын хамт
- Хүсэлт гаргагчийн болон түүний нас барсан эхнэр эсхүл нөхрийн тэтгэврийн дэвтэр, түүний хуулбар
- Эхнэр эсхүл нөхрийн нас барсны гэрчилгээ, түүний хуулбар
- Оршин сууж байгаа сум, хорооны Засаг даргын тодорхойлолт.
2016.05.02
2016.05.02
2016.05.02
2016.05.03