Латви улсад яагаад нацистуудыг хүндэтгэдэг вэ?
2016.03.15

Латви улсад яагаад нацистуудыг хүндэтгэдэг вэ?

Гуравдугаар сарын 16 бол Латви улсын нийгмийг хоёр хэсэгт хуваадаг “халуухан” өдөр юм. Энэ өдөр “ваффен СС” буюу Нацист Германы Хамгаалах отрядын (СС) легионеруудыг дурсаж нэг хэсэг хүмүүс хүндэтгэлийн жагсаал хийдэг. Тэднийг зарим нь Латвийн тусгаар тогтнолын баатрууд, зарим нь гэмт хэрэгтнүүд гэж үздэг.

Гуравдугаар сарын 16-ны учир

Аугаа Эх Орны дайны үед Латвийн нутаг дэвсгэр дээр СС-ийн 15, 16 гэсэн хоёр дивиз байгуулагджээ. 1944 оны гуравдугаар сарын 16-нд эдгээр дивиз “Агуу” нэртэй голын орчимд зөвлөлтийн армитай тулалдсан юм.

Легионеруудыг хүндэтгэх жагсаал дараах байдлаар үргэлжилдэг. Гуравдугаар сарын 16-ны өдөр, Рига хотын Бривибас гудамжны буланд байдаг “Лайма” цагийн дэргэд уурлаж зэвүүцсэн хэсэг хүмүүс, олон тооны цагдаа цуглана. Эндээс холгүй, Эрх чөлөөний хөшөөний дэргэд өөр нэг хэсэг хүмүүс гартаа үндэсний далбаа барин, өөд өөдөөсөө харан хоёр эгнээ болон жагсаж “хонгил” үүсгэнэ. Энэ хонгилоор нацистын легионеруудын хөшөөнд хүндэтгэл үзүүлэх хүмүүс явах ёстой. “Лайма” цагийн дэргэд байгаа фашизмыг эсэргүүцэгчдийг цагдаа нар хориглон зогсоно.

Энэ үед Хуучин Ригийн зүгээс, Төв сүмийн орчмоос латви хэлээр хуучны цэргийн дуу дуулах сонсдож легионеруудын хөшөөг зүглэсэн ахмад насны хүмүүс гарч ирнэ. Тэдний тоо цөөхөн ч тэднийг тойрон бүчсэн залуу дагагчид олон. Тэдэнтэй хамт Daugavas Vanagi («Даугавагийн бүргэдүүд») нэртэй хэт барууны үзэлтэй байгууллага, Улс төрийн хилс хэрэгтнүүдийн нийгэмлэг, Үндэсний бүлэг болон бусад улс төрийн хөдөлгөөний төлөөлөгчид алхана. Тэдэн дундаас парламентын гишүүд, заримдаа сайдуудыг ч харж болно. Жагсаалыг даган сургуулийн сурагчид гүйлдэж эцэг, эхийн хамт “германчуудтай хамт Оросын эсрэг дайтаж явсан үндэсний баатруудын өдөр”-ийг тэмдэглэхээр хөөрцөглөнө.

Нөгөө талаас фашизмыг эсэргүүцэгчид чанга яригчаар ууртай үгс шидэлж, фашизмыг хараан зүхсэн дуу дуулна. Энэ байдлыг харсан хөндлөнгийн хэн боловч харилцан үзэн ядалтын уур амьсгалыг өөрийн эрхгүй мэдэрдэг. Легионеруудын талынхан хөшөөнд ойртон цэцэг өргөөд буцаад явна. Зарим нэг нь фашизмыг эсэргүүцэгчдэд хандаж “Та нар биднийг олзолсон, баривчилсан, Сибир лүү цөлсөн. Бид үүнийг мартаагүй, мартах ч үгүй. Ийм учраас бид та нартай тулалдсан” гэж хашгирна. Дараа нь тэдний зарим нь автобусанд сууж Лестене сууринд байдаг легионеруудын оршуулгын газар луу явна.

СС-ийн билэг тэмдэг

Латвийн өмнөх Ерөнхий сайд Лаймдота Страуюма нэг ч сайд легионеруудын жагсаалд оролцож болохгүй гэсэн шийдвэр гаргасан билээ. Страуюма энэ хоригийг 2014 онд гаргасан. Страуюмагийн Засгийн газрын үед орлогч сайд Эйнар Цилинскис дээрх жагсаалд оролцоод албан тушаалаасаа буусан. Гэхдээ одоогийн Ерөнхий сайд Кучинскис хэрэв сайдуудаас хэн нэгэн 16-ны жагсаалд оролцох хүсэлтэй бол эхлээд ажлаа өгөх хэрэгтэйг сануулсан. Одоохондоо нэг ч сайд оролцоё гэж хэлээгүй.

Латвийн легионерууд гэж хэн байсан бэ?

Улс болгон үндэсний ямар нэгэн үйл явдлыг домогжуулахыг бахархах баатарлаг үйлстэй байхыг хүсдэг. Латвийн БНУ дахин тусгаар тогтнох үед Зөвлөлтийн үеийг үгүйсгэж, Латвийн ард түмэн Зөвлөлтийн дарлалаас ангижирч, эрх чөлөөг олсон үндэсний бахархал хэмээн үздэг үзэл суртлын чиглэлийг сонгон авчээ. Уг үзэл суртлын дагуу легионерууд Латвийг дахин эзлүүлэхгүй, ард түмнийг хүйс тэмтрэлтээс аврахын тулд ЗХУ-ын эсрэг дайнд оролцож явсан гэж үздэг. Латвийн түүхчид легионерууд зөвхөн баатарлаг үйлсийн төлөө зүтгэсэн, энгийн иргэдийг сүйтгэсэн ямар ч ажиллагаанд оролцоогүй гэдгийг нотлох зорилгоор олон ном зохиол бичжээ.

Легионеруудын хөшөөний дэргэд

Латвийн зохиолчид, орчин үеийн түүхчид бичихдээ “ваффен СС”-ийн легионерууд фронтын тэргүүн шугаманд большивикуудын эсрэг байлдаж явсан бөгөөд ар талд болж байсан хэрцгий хэргүүдэд оролцоогүй гэдэг. Гэхдээ тэд Гитлерийн баруун гар рейхсфюрер Генрих Гиммлерын 1943 оны тавдугаар сарын 26-ны тушаалаар Латвид байгуулагдсан СС-ийн легион нь ЗХУ, Беларусь, Украин, Литв, Польшийн нутаг дэвсгэрт хэрцгийлэл үйлдэж байсан тэр хэсэгт хамаарах болсон гэдгийг дурдахгүй байхыг хичээдэг.  Латвийн легионыг хариуцан байгуулсан, удалгүй СС-д албан тушаал хашиж байсан, цэргийн гэмт хэрэгтэн, Ригийн нэгдүгээр хорооны командлагч Робертс Осис Латвийн легионерууд бол фашистуудын захиалгаар ажиллаж байсан хөлсний цэргүүд гэдгийг хүлээн зөвшөөрчээ.  Энэ тухайн Оросын түүхчдийн бүтээлд олонтаа дурьдсан байдаг.

Жишээ нь Оросын түүхч Симендей нацистуудын захиалгаар Латвийн легионерууд хуучин Зөвлөлтийн нутаг дэвсгэр дээр цус асгаруулсан цэргийн ажиллагааг хэрхэн үйлдэж байсан тухай ингэж бичсэн байдаг:

“Энэхүү ажиллагаа нь Латвийн хил дагуу олон километр үргэлжлэх үхмэл зурвасыг байгуулах зорилготой байсан юм. Бүх тосгодыг сүйтгэж, оршин суугчдыг нь хүйс тэмтэрч, эсвэл албадан ажил хийлгэх даалгавар авчээ. Түүнчлэн зөвлөлтийн партизануудыг олж устгахын зэрэгцээ “доод арьстнуудыг” хомроголон устгах нь тус ажиллагааны нэгэн зорилт байжээ. Үр дүнд нь 70-80 партизаныг устгаж, 10 мянга гаруй энгийн иргэнийг алж, 7000 гаруйг нь олзолж, 439 сууринг шатааж, олон мянган малыг дээрэмдэж, худагнуудыг хордуулж, 15 километрын өргөнтэй үхмэл зурвасыг бий болгожээ. ”