Беларусь улсад авлигыг илрүүлэхэд тусалсан хүнд мөнгөн шагнал өгдөг болов
2016.03.11

Беларусь улсад авлигыг илрүүлэхэд тусалсан хүнд мөнгөн шагнал өгдөг болов

Өнгөрсөн хоёрдугаар сараас Беларусь улсад авлигын хэргийг илрүүлэхэд тусалсан хүмүүст мөнгөн шагнал өгдөг болжээ. Тус улсын Ерөнхий прокурын газрын мэдээлснээр авлигын хэргийн бараг тал хувийг иргэдийн оролцоотой илрүүлсэн байна.

Беларусын хэвлэлүүдээр бараг өдөр болгон авлигын шинэ хэргүүдийн талаар мэдээлдэг. Жишээ нь иймэрхүү мэдээнүүд хөвөрнө:

Минскийн районы гүйцэтгэх хорооны орлогч дарга төсвийн мөнгөөр хамаатнуудынхаа нэр дээр бүртгэлтэй газар дээр хоёр байшин бариулжээ.

Машины үйлдвэрийн нэгэн дарга ямар ч төлбөрийн чадваргүй Украйны нэгэн компанид 250 тэрбум беларусь рублийн (850 сая орос рубль буюу 23,1 тэрбум төгрөг) техникийг шилжүүлжээ.

Березины районы нэгэн үйлдвэрийн дарга үнэтэй эм, эмчилгээндээ зориулж мөнгө олохын тулд материалын тусламж хүсч, нягтлан дээр төвлөрсөн мөнгийг өөртөө өгүүлэхийг ажилчиддаа тулгажээ.

Сангийн яамны өндөр албан тушаалтан эрх мэдлээ ашиглаж олон тооны ванныг барилгын компанид нийлүүлжээ. Үүнийхээ шагналд тэр ванн үйлдвэрлэгчдээс үнэтэй машин бэлгэнд авч, хоёр жил шатахуунаа даалгаж байжээ.

Энэ мэтийн хэргүүдийн тал орчим хувь иргэдийн санаачлагатай илэрдэг гэж Беларусын Ерөнхий прокурорын төлөөлөгч Игорь Грейбо хэвлэлийнхэнд мэдээлжээ.

Беларусын Сайдуудын зөвлөлийн тогтоолын дагуу хохирол багатай авлигын хэрэг илрүүлэхэд тусалсан хүнд 30 суурь нэгжтэй тэнцэх шагнал (нэг суурь нэгж нь 10 доллартай тэнцэнэ) өгөхөөр болжээ. Хэрэв авлигын хэрэг хүнд байвал шагналын хэмжээ 50 суурь нэгж буюу 500 доллар хүрнэ. Түүнээс гадна мэдээлэл өгсөн хүн зардал гаргасан бол 10 суурь нэгжтэй тэнцэх мөнгөөр нөхөн олговор өгнө. Энэхүү шагналын мөнгөнд татвар ногдуулахгүй учраас баримтад тэмдэглэх шаардлагагүй.

Беларусын Авлигатай тэмцэх хорооны сайт дээр иргэдээс авлигын мэдээлэл хүлээж авах тусгай цэс үүсгэжээ. Иргэд мэдээлэл өгөхдөө авлигачны хаана амьдардаг, яаж авлига авсан, мөн хууль бус орлого нь хаана байгаа талаар мэдээлж болно. Ингэхдээ нотлох баримт байгаа эсэх, эсвэл тийм баримтыг яаж олохыг тодорхой зааж өгнө. Хэрэгтэй холбоотой албан бичгүүдийг гартаа оруулсан, дууны болон дүрс бичлэг хийсэн хүмүүс дээрх хорооны мэйлээр материалаа явуулж болно. Хэрэв компьютер ашиглаж сураагүй бол бичгээр илгээнэ.

Худал мэдээлэл илгээвэл хуулийн хариуцлага хүлээнэ. Шагналын мөнгийг зөвхөн тухайн хэргийн мөрдөн байцаалт дууссан хойно олгоно. Гэхдээ цэргийн албан хаагч, авлигын хэрэг мөрдөхөд оролцдог төрийн албан хаагч, түүнчлэн авлигын хэрэг үйлдэхэд оролцсон этгээдүүдэд шагнал олгохгүй.

Белорусын Ерөнхий прокурорын газар

Өнгөрсөн онд Беларусь улсад 1603 авлигын хэргийг шүүхээр шийдвэрлэсэн нь өмнөх оноосоо 17 хувиар өсчээ. Хамгийн их авлигатай салбар нь эрүүл мэнд (221 хэрэг) болжээ. Харин аж үйлдвэрт 183, газар тариаланд 143, барилгад 133, худалдааны салбарт 123 авлигын хэрэг  тус тус гарчээ.

Сүүлийн жилүүдэд Беларусид авлигын хэрэг буурч байна. Transparency International байгууллагын жагсаалтад тус улс 2000-аад оны дунд үед 150 дугаар байрыг эзэлж байсан бол 2015 онд 43 байраар урагшилсан байна.