Дэлхийн шинэ тэрбумтнуудын 90 хувь Хятадын иргэн
“Hurun Global Rich” судалгааны байгууллагын шинэ рейтингээр Хятадын нийслэл Бээжин хот ам.долларын 100 тэрбумтантай гэсэн тооцоо гарч 95 тэрбумтантай Нью-Йорк хотыг ардаа орхиж нэгдүгээр байранд оржээ.
Өнгөрсөн 2015 онд дэлхийн тэрбумтнуудын тоо 100 хүнээр нэмэгдсэний 90 нь эх газрын Хятад, Хонконг, Макаогийн иргэн байна.
Эдүгээ дэлхийн нийт тэрбумтнуудын тоо 2188-д хүрээд байна. Тэдний 568 нь хятад, 535 нь америк. Хятадын тэрбумтнуудын нийт хөрөнгө 1,4 их наяд ам.доллар болжээ.
Сүүлийн жилүүдэд дэлхийн эдийн засгийн өсөлт саарсан ч тэрбумтнуудын нийлбэр хөрөнгө өнгөрсөн оноос есөн хувиар өссөн бөгөөд энэ оны нэгдүгээр сарын байдлаар тэдний нийлбэр хөрөнгө 7,3 их наяд ам.доллартай тэнцэв.
“Hurun Global Rich” байгууллагын захирал, ахлах мэргэжилтэн Руперт Хугеверфын үзэж буйгаар Хятадад шинэ хувьцааны борлуулалтаас олон тэрбумтан төржээ. Түүний хэлснээр Хятадын тэрбумтнууд өөрийн хөрөнгийг олон салбарт тархаан байршуулж байгаа учир 2016 онд ч тэдний хөрөнгө өсөх болно. Цаашдаа аж үйлдвэр, санхүү, технологийн салбарт тэрбумтнууд төрөх хандлагатай байна гэж тэрээр нэмж хэлэв.
.. Бээжингээс гадна Хятадын Шанхай, Ханжоу, Шэнжэнь зэрэг хотууд дэлхийн хамгийн олон тэрбумтантай арван хотын тоонд оржээ ...
ОХУ-ын Москва хотын хувьд долларын 66 тэрбумтантай байна.