Хуулиа сурталчлахаар хоёр бүсгүй ганзага нийлжээ
Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгаалын тухай хуулийг өнгөрсөн сарын 5-нд УИХ-аар батлагдсан бөгөөд хууль сурталчлах ажлыг УИХ-ын АН-ын бүлэг дэх хоёр эмэгтэй гишүүн Эрдэнэт хотоос эхлүүлжээ. Хууль сурталчлахаар С.Одонтуяа, М.Батчимэг нар ганзага нийлэн, Орхон, Хөвсгөл зэрэг аймагт ажилласан байна.
Дээрх хуулийн төслүүдийг боловсруулах явцад улс орон даяар иргэдээс санал авч байсан бөгөөд нийт 24 600 саналыг нэгтгэн төсөлд тусгасан байдаг. Хуулийн төслүүд батлагдсанаар хүүхэд хамгааллын үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх эрх зүйн орчин бүрдлээ хэмээн тэд үзэж буй юм.
Орхон аймгийн хэмжээнд 28481 хүүхэд байгаагаас 18096 нь ерөнхий боловсролын сургуульд сурдаг. Харин 7981 хүүхэд цэцэрлэгт хүмүүждэг юм байна. Цэцэрлэгийн насны хүүхдийн 96 хувь нь сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломж бүрдсэн нь бусад аймгаас ялгарах онцлог нь хэмээн Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Нацагдорж хэллээ.
Тус аймгийн Баянцагаан багийн иргэн Д.Тунгалаг “Хууль нэгдүгээр сарын1-нээс хэрэгжинэ гэсэн боловч хүлээгдсээр байна. Хүүхэд харах байраа бэлдсэн. Нэг хүүхдэд 113 мянган төгрөгийн хувьсах зардалтай. Хүүхдийн эцэг эхээс төлбөр авч болно гэж байгаа ч төлбөр төлөх боломжгүй хүмүүсийн хүүхдийг харах болсон учраас хэцүүхэн л болж байна” гэв.
Д.Тунгалаг хүүхэд харах үйлчилгээ үзүүлэхээр түрээсийн байр ашиглаж байгаа. Тиймээс хувьсах зардлаас гадна тодорхой хэмжээний төлбөр авахыг хүсч байгаагаа хурлын үеэр хэлж байлаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Мэдээж хүүхэд харах хүнтэй болсон учраас эцэг, эхчүүд ажил хийх боломжтой болно” гэв. Аливаа зүйлийг өргөс авсан мэтээр шийднэ хэмээн хүлээх нь буруу гэдгийг уулзалтад оролцсон нийгмийн ажилтнууд хэлж байсан юм. Цаг хугацаа өнгөрөхөд энэ удаагийн батлагдсан хууль олон өрхийн эдийн засгийг өсгөх хөшүүрэг болно хэмээн эмэгтэй гишүүд онцоллоо.
Хүүхдийн улсын байцаагч
Өнгөрсөн хугацаанд хүүхэд хүчирхийлэлд өртсөн сэтгэл сэртхийлгэм үйл явдал нэлээдгүй болсон нь олныг алмайруулсан юм. Хэдийгээр монголчууд хүүхдийг зөв хүмүүжүүлэх учиртай гэдэг ч хэрцгийгээр тамлан зовоох тухай хэлээгүй юм. Хууль батлагдсанаар хүүхдийн эрхийн төлөө тэмцдэг байцаагчтай болж байгаа ажээ.
Улсын байцаагч нь нэлээд эрх мэдэлтэй, аль ч байгууллага руу үнэмлэхээ үзүүлээд орох эрхтэй байх юм байна. Монголд олон төрлийн байцаагч байдаг ч хүүхдийн эрхийн төлөө ажилладаг байцаагч гэж байгаагүйг УИХ-ын гишүүн С.Одонтуяа онцоллоо. Тухайн газар нутагт амьдарч буй хүн амын тооноос шалтгаалан хүүхдийн улсын байцаагч хэд байхыг тогтоох юм байна. Ингэснээр хүүхдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийг нийгмийн орчинд хуулиар хориглосон.
Хүүхдийн эрх зөрчсөн этгээдэд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиудаар хариуцлага тооцохоор хуульчилжээ. Мөн уг хуулиар насанд хүрээгүй хүүхдээр хийлгэж болохгүй ажлын жагсаалтыг гаргасан байна. Тухайлбал, төлбөрт тоглоомын газар, барилга болон хортой, хүнд нөхцөлтэй бүхий л ажлыг хийлгэхгүй байхаар тусгажээ. Түүнчлэн Хүүхэд хамгааллын тухай хуулийн 6.3.4-т хүүхдийн эрүүл мэнд, амь насанд эрсдэл учруулахуйц уралдаан, тэмцээн наадамд оруулахыг хориглоно гэж бий. Энэ заалт ирэх есдүгээр сарын 1-нээс хэрэгжих юм.
УИХ-аар олон хуулийг батлуулсан ч сурталчилгаагүйгээс нийтэд мэдээлэл хүрч чадахгүй байгаатай холбоотой хэмээн хууль санаачлагчид хэлдэг. Харин УИХ-ын гишүүн С.Одонтуяа өөрийн ахалж батлуулсан хуулийг сурталчлан таниулах ажилд ач холбогдол өгч байна.
Хүүхэдтэй холбоотой асуудлыг шийдэх эрх зүйн орчин бүрдлээ
УИХ-ын гишүүн С.Одонтуяа болон М.Батчимэг нар Хүүхдийн эрхийн тухай, Хүүхдийн хамгааллын тухай хуулийн сурталчилгааг орон нутагт хийсэн юм. Эрдэнэтээс эхэлсэн сурталчилгаа Хөвсгөлд үргэлжиллээ. Тус аймагт хийсэн уулзалтад Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүд болон аймаг, багийн нийгмийн ажилтан, “Дэлхийн зөн” байгууллагын ажилтнуудтай уулзлаа.
Уулзалтаар шинээр батлагдсан хууль болон УИХ-аар хэлэлцэж байгаа хуулийн талаар ярилцсан юм. УИХ-аар олон хууль батлагддаг хэдий ч сурталчилгаа төдийлөн сайн хийдэггүй гэдгийг хүмүүс хэлдэг. Харин хоёр ихэр хуулийн сурталчилгааг эмэгтэй гишүүд орон нутгаас эхэлж байгаад иргэд талархаж байна.
Энэ хуулийг батлахад УИХ дахь эмэгтэй гишүүд нэгдэн, улстөржилгүйгээр ирээдүй хойч, үр хүүхдийнхээ төлөө хамтран ажилласан юм. Монгол Улсын нийт хүн амын 30 гаруй хувийг хүүхэд эзэлдэг байна. 1996 онд анх хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль батлагдаж өнөөг хүртэл хэрэгжиж байсан.Энэ салбарт ажиллаж байсан хүмүүсийн 20 жил хийхийг хүсч, бодож байсан зүйлүүдийг бүгдийг нь багтаасан.
Үүний тулд бүх орон нутгаас санал хүлээж авч, уулзалт зохион байгуулж байсан нь маш сайн туршлага болсон аж. Ийнхүү санал авах үеэр Хөвсгөл аймгаас нэлээдгүй санал ирүүлсэн бөгөөд 100 хувь хуульд тусгажээ. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4.1-д хүүхдийн эрхийг хамгаалах зарчмыг тодорхойлсон байна. Тухайлбал, эрүүл, аюулгүй амьдрах, сурч боловсрох, хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй байх, хүүхдийн үзэл бодолд хүндэтгэлтэй хандах зэргийг тодорхой заажээ.
Хөвсгөл аймагт нийт 46840 хүүхэд байгаагаас 24 мянга нь сургуульд сурдаг бол 9800 цэцэрлэгийн насны хүүхэд байдаг аж. Үүнээс 83 хувь нь цэцэрлэгт хамрагддаг байна. Тус аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Х.Рагчаа “Хүүхэдтэй холбоотой гарах асуудал болон хяналт тавихад бэрхшээлтэй байсан асуудлыг шийдэх эрх зүйн орчин бүрдэж, хууль батлагдсан нь сайн. Харин хүүхдийн төлөө ажиллах хүн ямар мэргэжилтэй байх вэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй байна.
Хүүхдийн мэдээллийг чандлан нууцална
Хүүхдийн эрхийн тухай, Хүүхдийн хамгааллын тухай хуулийн сурталчилгааг УИХ-ын гишүүн С.Одонтуяа болон М.Батчимэг нар орон нутагт хийлээ. Хүүхэд хамгааллын тухай хуулийн зорилт нь хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоо, оролцогч талуудын харилцааг тодорхойлж, хүүхдийг үл хайхрах байдал, дарамт, мөлжлөгтэй холбоотой харилцааг зохицуулах юм. Мөн хүчирхийллийн бүх хэлбэр, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хариу үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах юм байна.
Мөн хуульд зааснаар гэр бүлийн орчинд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа бол эрүүгийн хариуцлага тооцох аж. Түүнчлэн эрүүл мэндийн орчинд эмчийн үзлэгээр хүүхэд хүчирхийлэлд өртсөн шинж тэмдэг илэрвэл холбогдох газарт нь мэдэгдэх үүрэгтэй. Хэрэв үүргээ биелүүлээгүй бол хариуцлага тооцохоор тусгажээ.
Эрсдэлд өртөж буй хүүхэдтэй холбоотой хувийн мэдээллийг чандлан нууцлах бөгөөд энэхүү хууль батлагдсанаар үндэсний шинэ тогтолцоо руу орсон нь цаг үеэ олжээ хэмээн хүүхдийн байгууллагын ажилтнууд онцолж байлаа. Өмнө нь хүний хүчин дээр тулгуурлаж ажилладаг байсан бол эдүгээ нийгмийн ажилтны эрх зүйн байдал, ажиллах нөхцлийг хангаж өгөх үүргийг орон нутаг хариуцахаар болсон байна.
Ингэснээр хүүхдийн байгууллага чадавхижих боломж бүрдэнэ хэмээн албаныхан хэлжээ. Мөн хүүхдийн хүчирхийлэл хурдацтай өсч байгаа нь сэтгэл сэрдхийлгэж байна. Тиймээс хуулиар бүх төвшинд хүүхдийн хүчирхийллийг зогсоох заалт оржээ. Энэ мэтчилэн хүүхдийн эрхийг зөрчсөн, эрсдэлд оруулсан тохиолдолд Эрүүгийн болон Зөрчлийн хуулиар шийтгэл ногдуулна. Хэрэв Зөрчлийн хуулиар хүлээсэн торгуулийг төлөхгүй бол нийтийн тустай хөдөлмөр эрхлүүлнэ хэмээн заажээ.