Монгол анх удаа хүүхдийн эрхийн төлөө тэмцдэг байцаагчтай болно
УИХ-ын гишүүн С.Одонтуяа
2016.03.09

Монгол анх удаа хүүхдийн эрхийн төлөө тэмцдэг байцаагчтай болно

УИХ-аар саяхан батлагдсан Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиуд олны анхааралд байна. Хуульд тусгасан онцлогтой заалтуудын талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяагаас тодрууллаа.

-Хуулийн гол агуулгын талаар танилцуулна уу?

-Дээрх хуулийн төслүүдийг боловсруулах явцад улс орон даяар иргэдээс санал авсан. Иргэдээс ирсэн нийт 24600 саналыг нэгтгэн төсөлд тусгасан. Хуулийн төслүүд батлагдсанаар хүүхэд хамгааллын үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх эрх зүйн орчин бүрдлээ. Түүнчлэн, хүүхэд зөрчигдсөн эрхээ хамгаалуулах улсын байцаагчтай болж, хүүхдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийг нийгмийн орчинд хуулиар хориглосон.

Хүүхдийн эрх зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг маш тодорхой тусгаж өгсөн. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйддсэн, эрхийг зөрчсөн тохиолдолд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиудаар хариуцлага тооцохоор хуульчилсан. Хуулиар зөвшөөрсөн хөдөлмөрийн насны хүүхэд ямар ажил хийж болохыг хуульчилсан. Мөн энэ хуулийн 6.3.4-т чухал заалт орсон.

-Энэ нь ямар агуулгатай заалт болохыг тодруулахгуй юу?

-Хүүхэд хамгааллын тухай хуулийн энэ заалтад хүүхдийн эрүүл мэнд, амь насанд эрсдэл учруулахуйц уралдаан, тэмцээн наадамд оруулахыг хориглоно гэсэн. Энэ хууль ирэх есдүгээр сарын 1-нээс хэрэгжээд эхлэхээр энэ асуудал шийдэгдэнэ. Мөн нэг чухал заалт бол хүүхдийн эрхийн төлөө тэмцдэг байцаагчтай болж байгаа. Улсын байцаагч нь нэлээд эрх мэдэлтэй, аль ч байгууллага руу үнэмлэхээ үзүүлээд орох эрхтэй байх юм. Монголд олон төрлийн байцаагч байдаг ч хүүхдийн эрхийн төлөө ажилладаг байцаагч гэж байгаагүй.

-Хүүхдийн эрүүл мэнд, амь насанд эрсдэл учруулж болохуйц уралдаан тэмцээн гэдэгт өвөл, зуны морин уралдаан орох уу?

-Янз бүрийн тэмцээн уралдаан байдаг. Хуульд нарийвчлан заагаагүй ч гэлээ ямар уралдаан тэмцээн хүүхдийн эрүүл мэнд, амь насанд аюултай вэ гэдгийг тодорхой заасан Эрүүл мэнд, спортын сайдын тушаал шийдвэр гарах учиртай. Өвлийн морин уралдааны талаар гомдол их ирж байгаа учраас хууль хэрэгжээд эхлэнгүүт байцаагчид энэ асуудалд анхаарч ажиллах ёстой юм.