“Онцгой байдлын үе дэх хүүхэд хамгааллыг чадавхижуулах, хүүхэд төвтэй бэлэн байдлыг бэхжүүлэх нь” төсөл хэрэгжлээ
Дэлхийн цаг агаар, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн болон хүний хүчин зүйлээс үүдэх гамшиг, онцгой байдлын тоо, давтамж жил ирэх тусам нэмэгдэж буйн улмаас олон сая хүн хохирч, амь насаа алдаж, улс орнууд эдийн засгийн хувьд олон тэрбум долларын алдагдал хүлээсээр байна.
Энэхүү гамшиг, онцгой байдлын үед хүүхэд янз бүрээр нэрвэгдэх, хүчирхийлэл дарамтанд өртөх эрсдэл нэмэгддэг.
Гамшиг, онцгой байдлын эхэн, дунд, дараа аль ч үед хүүхэд бүр хамгаалагдсан байх орчныг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь хөтөлбөрөөс Онцгой байдлын ерөнхий газар, Хүүхдийн төлөө үндэсний газартай хамтран “Онцгой байдлын үе дэх хүүхэд хамгааллыг чадавхижуулах, хүүхэд төвтэй бэлэн байдлыг бэхжүүлэх нь” төслийг амжилттай хэрэгжүүлсэн билээ.
Төсөлд хүүхдэд халамж, хамгаалал, боловсролын чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг төрийн захиргааны гол байгууллагууд болон Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй дүүргүүдийн ерөнхий боловсролын 4 сургууль, 2 цэцэрлэг, Өвөрхангай аймгийн төвийн 1 дүгээр сургууль, дотуур байр, 2 дугаар цэцэрлэг хамрагдсан байна.
Энэхүү төслийн хүрээнд хүүхдүүд гамшиг, онцгой байдлын тухай, гамшгийн үе дэх хүүхэд хамгааллын аргазүй, болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэл, эмзэг байдлаа үнэлэх, бууруулах, учирсан хохирлын хэмжээг багасгах талаар шинэ мэдлэг мэдээлэлтэй болж, тэдний гамшигтай тэмцэх чадавхийг сайжруулахад чиглэн ажилласан.
Мөн төсөл хэрэгжсэнээр төрийн захиргааны албан хаагчид, сонгогдсон сургууль, цэцэрлэгийн байгууллагуудын ажилтануудын онцгой байдлын үе дэх хүүхэд хамгааллын чиглэлээр мэдлэг, мэдээлэлтэй болсон. Мөн орон нутгийн иргэд, хүүхдүүдэд зориулсан дадлага сургуулилт, сурталчилгаа нөлөөллийн ажил зохион байгуулснаар онцгой байдлын үед юу хийх, яах вэ гэдгийг мэддэг болсон байна.
Онцгой байдлын үе дэх хүүхэд хамгааллыг чадавхижуулах, хүүхэд төвтэй бэлэн байдлыг бэхжүүлэх нь төслийг амжилттай хэрэгжүүллээ.