О.Баасанхүүгээр дамжуулж Ерөнхий сайдаас асуухыг хүслээ
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг халз мэтгэлцээнд дуудсан асуудлын талаар Монголын ногоон нам байр сууриа илэрхийллээ.
Тус намынхан О.Баасанхүүг дэмжиж байгаа бөгөөд түүгээр дамжуулан олон нийт Ерөнхий сайдаас хүссэн асуултаа асууж, Засгийн газрын хийж буй ажлын талаар үнэн бодит мэдээллийг олж авна гэж үзэж байгаа гэнэ.
Энэ талаар МНН-ын дарга О.Бум-Ялагч “Энэ удаагийн мэтгэлцээнд О.Баасанхүү илт давуу ялалт байгуулах юм бол түүний нийгэмд эзлэх нэр хүнд өснө. Улс төрийн шударга мэтгэлцээн дутагдаж байна. Хүмүүс өөр өөр түвшний мэдээлэлтэй байгаа энэ үед улстөрчид олон нийтийн өмнө зогсч байгаад бодит мэдээллийг өгөөсэй. О.Баасанхүүгээр дамжуулж иргэд Ерөнхий сайдаас асуулт асуухыг хүсч байна. Ч.Сайханбилэг тэргүүтнүүд О.Баасанхүүгээс айж байна. Иргэд болон бидний зүгээс О.Баасанхүүгээр дамжуулж Дубайн гэрээ, Оюутолгой, гадаад өр, ирвэс хамгаалагч залуу зэрэг олон асуудлаар тайлбар, хариулт авахыг хүсч байна” гэлээ.