Төсөв хүнд байна
УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаантай уулзаж, эдийн засгийн өнөөгийн асуудлаар зарим зүйлийг тодруулаа.
-Засгийн газар гаднаас бонд босгох, зээл авахаар хөөцөлдаж байгаа. Энэ нь өрийн таазтайгаа хэр уялдсан юм бол?
-Засгийн газар гадны зах зээлээс хуулийн хүрээнд хямд эх үүсвэр татах бололцоотой. Хамгийн гол нь үр ашигтай эх үүсвэр татах хэрэгтэй. Дотоодын зах зээлээс өндөр үнэтэй эх үүсвэр татах нь эргээд улс орны эдийн засагт хүндрэл авчирна. Иймд хэрэгжилтийн байдалд Төсвийн байнгын хороо хяналт тавьж ажиллах болно. Засгийн газар хэд хэдэн эх үүсвэр гаднаас хөөцөлдөж байгаа юм билээ. Үүний хэрэгжилт нийтэд зарлах хэмжээнд хараахан хүрээгүй байна. Ер нь эхний улиралд төсвийн цаг зуурын дутагдлыг арилгахын тулд гадаад дотоодын зах зээлээс мөнгө босгох явц бол байдаг л үзэгдэл.
-Эдийн засгийн нөхцөл байдал муу байна. “Оюутолгой”-н мөнгө орж ирснээр эдийн засаг сэргэх болов уу?
-Хямралын нөхцөлд дээд зэргээр хэмнэлттэй, хяналттай, үр ашигтай зарцуулалт хийх ёстой. Гэхдээ хэмнэлттэй байна гэдэг нь хийх ёстой ажлаа хийхгүй, төрийн үйлчилгээг гүйцэтгэхгүй байна гэсэн үг биш. Харин үр ашигтай бага зардлаар их ажил хий гэсэн үг. Энэ шаардлага ойрын 2-3 жил үргэлжилнэ. Эдийн засгийн нөхцөл байдал “өргөс” авсан шиг арилахгүй. Тиймээс ойрын жилүүдэд хүсэл эрмэлзлээ хязгаарлах шаардлага өндрөөр тавигдах болно. Оюутолгойн ажил эрчимжвэл шууд бус замаар төсөвт эерэг нөлөө үзүүлнэ. Өөрөөр хэлбэл, тус төсөлд ажил үйлчилгээ нийлүүлдэг аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа эрчимжиж, тэр хэрээр төсөвт нийлүүлэх мөнгө нэмэгдэх юм.
Дотоодын зах зээлээс өндөр үнэтэй эх үүсвэр татах нь эргээд улс орны эдийн засагт хүндрэл авчирна. Иймд хэрэгжилтийн байдалд Төсвийн байнгын хороо хяналт тавьж ажиллах болно.
-Төсвийн байнгын хороо намрын чуулганы хугацаанд татварын орлогын бүрдүүлэлтийг оновчтой болгоход анхаарч ажилласан гэсэн. Үүнийгээ тодотговол?
-Төсвийн орлогыг бүрдүүлэх явдал бол онцгой асуудал. Улс орны санхүүгийн тогтвортой байдал, эдийн засгийн баталгаа төсвөөр дамжиж хэрэгждэг. Тиймээс төсвөө бүрдүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй. Өмнө нь оногдуулсан татвараа бүрэн дүүрэн төвлөрүүлэхэд анхаардаг байсан. Энэ оноос нэлээд хэдэн өөрчлөлтүүд орсон. Ялангуяа үйлдвэрлэгчид, татвар төлөгчид шударгаар ажиллаж, татварынхаа баазыг өргөтгөх бололцоог чөлөөтэй нээсэн. Нөгөөтэйгүүр ард иргэдийн хяналт оролцоог нэмэгдүүлсэн. НӨАТ-ын хууль хэрэгжиж эхэлснээр татвар төлөгчид татварын бүрдүүлэлтэд хяналт тавих, оролцох оролцоо нэмэгдэж байгаа зэрэг шинэ механизм хэрэгжиж байна.
-Төсөвт тодотгол хийх үү?
-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар улсын төсөвт тодотгол хийх нөхцөл байдлыг тодорхой зааж өгсөн байдаг. Тодорхой нөхцөл бүрдсэн үед тодотгол хийдэг. 2016 он гараад хоёр сар өнгөрч байна. Одоогоор төсөвт тодотгол хийх шаардлага үүсээгүй. Ер нь бол зайлшгүй тодотгол хийх шаардлага ойрын үед үүснэ.
-Хүүхдийн мөнгийг хэзээ гүйцээж олгох вэ?
-Төсвийн санхүүжилтийн байдал туйлын хүнд байна. Төрийн дансны үлдэгдэл ихээхэн хурдацтайгаар хомсдож байгаа. Нэг, хоёрдугаар сар ер нь их хүнд сар байдаг. Яагаад гэвэл, оны эхэнд орлого төвлөрүүлэх амаргүй. Орлогын төвлөрүүлэлтийн нэгдүгээр сарын байдлыг харвал орлого төлөвлөсөн хэмжээнд бүрдсэн. Хоёрдугаар сард орлого төвлөрүүлэлт төлөвлөсөн хэмжээнд хүрээгүй. Үүнээс шалтгаалж зарим санхүүжилтийг хугацаанд нь олгоход хүндрэл үүссэн. Хүүхдийн мөнгөний санхүүжилтийг энэ 7 хоногт багтаж олгохоор Сангийн яам ажиллаж байна. Хүүхдийн мөнгөнд 30 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Засгийн газар энэ хэмжээний эх үүсвэрийг хугацаанд нь олох ажлыг зохион байгуулах бололцоотой.