Өвөрхангайн боловсролын байгууллагуудын өр тэрбум төгрөгт хүрчээ
УИХ-ын намрын чуулган завсарласантай холбогдуулан УИХ-ын гишүүн Я.Содбаатар Өвөрхангай аймагт ажиллаж байна. Тэрбээр тус аймгийн төрийн байгууллагуудын үйл ажиллагаа болон төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Мөн УИХ-аас баталсан хууль тогтоомжийг ард иргэдэд тайлбарлан танилцуулж явна. Үүнээс гадна Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдлын талаарх мэдээллийг өгөхийн зэрэгцээ хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдэд иргэдийн саналыг авч байгаа аж.
Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсны хувьд тэрбээр Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, санал бодлыг сонслоо.
Тухайлбал, Гучин-Ус сумын ерөнхий боловсролын сургууль өнөөдрийн байдлаар 50 гаруй сая төгрөгийн өртэй байгаа аж. Үүнээс үдийн цай хөтөлбөр болон цахилгааны төлбөрийн өр нийлээд 30 гаруй сая төгрөгт хүрээд байгааг тус сургуулийн удирдлага Я.Содбаатар гишүүнд уламжлав.
Өвөрхангай аймгийн хэмжээнд нийт 30 ерөнхий боловсролын сургууль, 40 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг аж. Эдгээр байгууллагын өр тэрбум гаруй төгрөгт хүрээд байгааг мөн энэ үеэр дуулгасан юм.
Дашрамд дурдахад, УИХ-ын гишүүнд Я.Содбаатар малчны зургаан настай хүүхэд сургуульд орж байгааг уян хатан байдлаар шийдэх саналыг дэвшүүлээд байгаа юм. Учир нь гэрээсээ хол, бие дааж амьдрах аргагүй балчир хүүхдээ даган эцэг эхийн аль нэг нь суурин газар бараадаж, өрх хуваагддаг нь гэр бүлийн эдийн засаг болон сэтгэлзүйд хүндээр нөлөөлж байна гэх саналыг УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг орон нутагт ажиллах үеэр иргэд, хөдөлмөрчид уламжилсан юм.