УИХ-ын гишүүдэд төрийн байгууллагын ажлыг шалгах эрх бий
2016.02.26

УИХ-ын гишүүдэд төрийн байгууллагын ажлыг шалгах эрх бий

УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ц.Оюунбаатар, Ж.Батсуурь нар сар шинийн өдрүүдэд албан томилолтоор гадаад руу явахдаа МИАТ-ийн онгоцыг 30 минутаар саатуулсан гэх мэдээлэл цацагдаж, олны анхаарлыг ч нэлээд их татав.

Угтаа бол 2013 онд батлагдсан “МИАТ ХК-ийн нислэгээр зорчих журам”-д тухайн нислэгийн бизнес ангиллын суудал чөлөөтэй байгаа нөхцөлд МИАТ ХК нь “төрийн өндөр албан тушаалтныг энгийн ангиллаас нэмэлт төлбөргүйгээр дэвшүүлэн суулгах тухай” заасан байдаг аж. Гэтэл үнэндээ томилолтоор Берлинийг зорьсон гишүүд бизнес ангиллын суудал хоосон байгаа тул тэнд суугаад явчих хүсэлтээ л гаргах гэж байсныг эндүү ташаа ойлгосноо салбарын сайд нь мэдэгдэж, Шадар сайдаас уучлалт гуйснаар эл хэрэг намжсан. Гэхдээ эл асуудалтай холбоотойгоор УИХ-ын  гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат ярилцлага өгчээ. Тэрбээр “МИАТ-ийн онгоцыг саатуулаагүй.

Шинийн 3 бил үү 4-нд албан ажлаар гадаад руу явсан. Тухайн үед онгоцны экипажийн даргатай уулзах саналыг Ц.Оюунбаатар гишүүн МИАТ-ийн ажилтнуудад хэлсэн. Дарга нь ч ирээгүй. Тэгэхэд би Зам тээврийн сайд, МИАТ, ИНЕГ-ын дарга руу залга гэж хэлсэн. Монгол Улсын Шадар сайд, УИХ-ын гишүүдэд төрийн байгууллагын ажлыг шалгах эрх бий. Ажлын хариуцлагыг шалгах хэрэгтэй гэж үзсэн. Сахилга хариуцлагын асуудлыг аль аль талдаа танилцуулах хэрэгтэй. Ах захаа бодсон ч гэсэн төрийн ажлыг бидэнд танилцуулах ёстой. Би энэ талаар ямар нэг тайлбар өнөөг хүртэл хийгээгүй байсан. Болсон зүйл нь ердөө энэ” хэмээн тайлбарлажээ