Мэдэгдэл
МҮЭХ
2016.02.24

Мэдэгдэл

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ, ЗАСГИЙН ГАЗАРТ

Улс орны хэмжээнд эдийн засаг, санхүү засаглалын хямрал үргэлжилж үүнээс үүдэлтэй иргэдийн орлогын хомсдол, хүн амын амьжиргааны доройтол, ядуурал, ажилгүйдэл өсч, хууль тогтоомж бүрэн хэрэгжихгүй байгаагаас нийгмийн бухимдал нэмэгдсээр байна.

Хямралын эсрэг төр засгийн байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ удаашралтай, иргэдийн амьдралд үр өгөөж багатай, нийгэм, улс төрийн нөхцөл байдал тогтворгүй байгаа энэ үед эрх баригчид зөвхөн ирэх сонгуулийн бэлтгэлд илүү анхаарч улс орны хөгжлийн тулгамдсан асуудлуудыг шуурхай шийдвэрлэх, иргэд, хөдөлмөрчдийн амьжиргааны уналтыг зогсооход чиглэсэн тодорхой арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхгүй байгааг МҮЭ-ийн холбоо буруушаан дараах мэдэгдлийг хүргүүлж байна.

1. Төрийн албан хаагчдын цалин хөлсийг 90.0 тэрбум төгрөгийн эх үүсвэрт багтаан 2016 оны эхний улиралд нэмэгдүүлэх талаар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны Улсын хэлэлцээрийн 3.4 дэх заалтыг хэрэгжүүлэх хүрээнд байгуулсан нэмэлт хэлэлцээр болон УИХ-ын 108 дугаар тогтоолоор хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлэх.

2. Эдийн засгийн агшилтыг тэлэх, хүн амын орлого, цалин хөлс, хэрэглээг нэмэгдүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлэх. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох хуулийн хугацаа жил орчим хугацаагаар өнгөрөөд байгаа тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлж шинэчлэн тогтоох асуудлыг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны хурлаар хэлэлцэн нэн даруй шийдвэрлэх.

3. Улсын төсвийн тодотголыг хэлэлцэх үед 2016 онд цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх хөрөнгийн тодорхой эх үүсвэрийг тусгаж батлах.

4. Орлогын хомсдолын улмаас айл өрхүүдийн хүнсний хэрэглээ буурч иргэд хоол, тэжээлийн хомсдолд орох эрсдэл үүсч байна. Иймд орлогын хомсдолд орж буй ядуу өрх, зорилтот бүлэгт чиглэсэн хүнс, хоол тэжээлийн зэрэг нэмэлт хөтөлбөрүүдийг гадаад дотоодын төслөөр хэрэгжүүлэх.

5. Хөдөлмөрийн тухай болон нийгмийн даатгалын багц хуулиудын төсөлд нийгмийн зөвшлийн талууд, ҮЭ-ийн гишүүд, иргэд хөдөлмөрчдөөс гаргаж байгаа саналыг тусгах, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хүрээнд өмнө хүрсэн түвшинг дордуулахгүй байх.

6. Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах шинэ бодлогын баримт бичгийг УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд хэлэлцэн батлах.

7. Төрийн захиргааны байгууллага албан тушаалтны зүгээс Монгол Улсын нэгдэн орсон ОУХБ-ын Эвлэлдэн нэгдэх, хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах эрхийн тухай 87, 98 дугаар конвенц болон ҮЭ-үүдийн эрхийн тухай хуулийг зөрчиж ҮЭ-ийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож байгаа зөрчлийг таслан зогсоох, нийгмийн түншлэлийг бүх шатанд хөхиүлэн дэмжиж ажиллах.

МҮЭ-ИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН VIII ХУРАЛ

2016 оны 02 дугаар сарын 19