Төрийн ажил гацах ёсгүй
Чуулганы завсарлагаанаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва сэтгүүлчидтэй уулзсан юм.
-Долоо хоногийн эхэнд зарласан ээлжит бус чуулган нээлтээ хийлээ. МАХН-ын хэдэн гишүүн чуулганы хуралдаанд оролцов?
-УИХ-ын ээлжит бус чуулган өнгөрсөн долоо хоногт зарласан. Би шинжилгээ өгч байгаад уржигдар ирлээ. Өнөөдөр чуулган хуралдаж эхэллээ. Төрийн ажил гацах ёсгүй. Ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүд хуралдаа сууж, үг хэлж, танхимдаа асуудлаа шийдэх хэрэгтэй. Би өнөөдөр ирц бүрдүүлэхэд 39 дэх гишүүн болж орж ирлээ. Миний дараа гурван гишүүн орж ирээд 42 гишүүний ирцтэйгээр чуулганы хуралдаан эхэлсэн.
-МАХН-ын даргыг Шадар сайд болгох шаардлага тавьж байсан. Гэхдээ нам дотроо эсрэг байр суурьтай гишүүд байна уу?
-Би тэрийг сайн мэдэхгүй байна. Эх орондоо ирээд ганцхан хонож байгаа болохоор намынхантайгаа болон бүлгийнхэнтэйгээ уулзаагүй байна. Бүлгийн хурал зарласан боловч хуралдаж амжаагүй байгаа. Манай бүлэг ямар шийдвэр гаргасныг хараахан дуулаагүй байна.
-Танай бүлгийг дотроо гурав, дөрөв хагарсан гээд байгаа?
-Бүлгийн хувьд айхтар сүрхий хагаралдаан харагдахгүй байна. Гэхдээ бүлэг хуралдахгүй байгаа нь бүлгийн ажил жигд, тогтвортой явагдахгүй байгаагийн жишээ. Бүлгийн удирдлагыг солих шаардлагатай байгаа. Бүлгийн дарга бол Засгийн газрын гишүүн. Тиймээс даргаа солих тухай асуудал яригдаж байгаа. Дарга сонгох тухай асуудлыг МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн удирдах зөвлөлөөр хуралдаж бүлэг дээрээ шийдэх асуудал. МАХН-аас намайг бүлгийн дарга болгох саналыг аль эртнээс тавьж байсан. Миний хувьд бүлгийн хурал гэхээсээ илүү хоёр нам уг асуудлыг шийдсэний дараа ярья гэж бодож байгаа.
-Н.Энхбаяр даргыг Шадар сайд болгох тухай асуудал дээр та хувь хүнийхээ хувьд ямар байр суурьтай байгаа вэ. АТГ-аас Шадар сайд болоход ашиг сонирхлын зөрчилтэй гэж мэдэгдсэн шүү дээ?
-МАХН-ын дарга Н.Энхбаяр бол Шадар сайдын ажил хийх чадвартай. Монгол төрийн тэргүүн, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүн Шадар сайдын ажлыг хийгээд явчих бүрэн боломжтой.
-Өнгөрч буй долоо хоногт намуудын нэгдлийн тухай нэлээн яригдлаа. МАН МАХН-тай нэгдэх санал гаргасан уу?
-Би олон удаа байр сууриа илэрхийлсэн дээ. Монголын төр засаг тогтвортой байх үүднээс олон намын задрал, түүний дотор намуудын фракцийн зөрчил улс төрийг, Их хурлыг сайхан харагдуулахгүй байгаа нь бодит үнэн. Энийг хоёр, гурван жилийн өмнөөс ярьж байсан шүү дээ. Сонгууль дөхөөд эхлэнгүүт бие биедээ хайр зарлаж байгааг ойлгохгүй байна. Ер нь намууд нэгдэж, хоорондоо хамтарч ажиллах чухлаас чухал гэдгийг хамгийн олон удаа хэлдэг улстөрч нь би байх. Нэгдэж хамтарч ажиллахыг дэмждэг мөртлөө сонгуультай холбогдуулан бие биедээ хайр зарлаж байгааг сайшаахгүй байгаа.
Ер нь Монголын улс төрийг зөв зүйтэй, тогтвор суурьшилтай явуулъя гэж үзэж байгаа юм бол намуудын тухай, сонгуулийн тухай хуулийг Их хурлын сонгуулийн дараа ярилцах ёстой. Монголын төрийг тогтвортой байлгахад намууд, улстөрчид өөрсдөө хариуцлага хүлээх хэрэгтэй. Улс төрөөр тоглодог хэдэн тоглогч бий болчихсон байна. Тэд улс төрөөр дэндүү тоглож байгаагийн гайгаар ард түмэнд хохирол учирч байгаа болохоор эрүүл саруул улс төр хийж, ард түмнийхээ язгуур эрх ашгийн төлөө ажиллах цаг нь болсон.
-Н.Энхбаярыг Шадар сайд болгохтой холбоотой асуудлаас болж өнөөдрийг хүртэл Эрүүл мэндийн яам сайдгүй байна. Гэтэл улс төрийн тохироо хийж Шадар сайд болохоор улайран зүтгэж байгаа нь ёс зүйгүй юм биш үү?
-Өнгөрсөн оны УИХ-ын үйл ажиллагаа маш амаргүй явагдсан. Өнгөрсөн зунжингаа Өршөөлийн хууль гаргахаар ажиллалаа. Эрүүл мэндийн сайд өнөөдрийг хүртэл тодроогүй байгаа нь монгол төр Дэндүү дампуурч байгаагийн шинж. Ялангуяа эрүүл мэндийн салбар өвлийн цагт удирдлагагүй байж болохгүй. Өнөөдөр Шадар сайд гэж хүн зургаан агентлагийг хариуцан ажиллаж байгаа. Зуд турхан гээд нөхцөл байдал хаана хүнд байна, тэр газар очиж ажилладаг. Гэтэл давхар эрүүл мэндийн салбарыг хариуцаж байгаа нь үнэхээрийн хариуцлагагүй хэрэг. Нэн даруй, яаралтай энэ албан тушаалд хүн томилох хэрэгтэй.