МоАХ 26 жилийн ойгоороо хариуцлага нэхэв
МоАХ 26 жилийн ойгоороо хариуцлага нэхэв
2016.02.19

МоАХ 26 жилийн ойгоороо хариуцлага нэхэв

МоАХ гэх нийгмийн захиалгаар бий болсон залуусын хөдөлгөөнөөс эрх баригчид дагжин чичирч, шив шинэ нийгмийн давалгаанд бут ниргүүлсэн удирдагчид одоогоос 26 жилийн өмнө Төрийн ордонд үймж суув. Ардчиллын төлөө хөдөлгөөний хүч, эх булаг нь ард түмэн тул Ардчиллыг хүсэх хүсэл нь шавхагдашгүй юм хэмээн зарлан тунхагласан МоАХ 1990 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр Анхдугаар хуралдаанаа хийн, монголчуудын нийгэм, улс төр, эдийн засаг болоод оюун санаа, ёс суртахууны гүн хямралыг даван туулах эхлэлийг тавьж, МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөл, Ардын их хурлыг тарахыг шаардан тэмцлээ эхлүүлсэн түүхтэй. 

Харин энэ өдрөөс хойш 26 жилийн нүүр үзэж, МоАХ-ны Анхдугаар хуралдаанаараа хэлэлцүүлсэн улс төрийн илтгэлийн ихэнх нь биеллээ олсон байна. Үндсэн хууль, сүсэг бишрэлийн эрх чөлөө, олон намын тогтолцоо зэрэг үндсэн хөшүүргүүдийг энд цухас дурдаж болно. Гэхдээ 26 жилийн өмнө үймж, шив шинэ хүчинд халаагаа өгсөн Төрийн ордон шинэ үеийн “гацаатай” нүүр туллаа.
МАН, МАХН-ынхан төрийн ажлыг төө ч ахиулсангүй

УИХ-ын дарга З.Энхболдын захирамжилсан ээлжит бус чуулган энэ долоо хоногийн эхний өдөр хуралдах учиртай байв. Гэвч, ирц хүрээгүйн улмаас Их хурлын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, өчигдөр дахин ээлжит бус чуулганыг товлосон ч дөрөв хоног улсын ажлыг гацаасан УИХ дахь МАН, МАХН-ынхан 18:00 цаг өнгөртөл ирцээ бүрдүүлж өгөөгүй байв. Энэ талаар УИХ-ын дарга З.Энхболд “Болохгүй зүйлийг болго гэж АН-ын бүлгийг шантаажилж болохгүй” гэсэн бол УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж “Энэ бол бидний 26 жилийн өмнө ардчилал, улс төр гэж төсөөлж байсан тэр ойлголт биш” хэмээн эгдүүцлээ. Тэрээр анхны ардчилсан парламентын даргаар ажиллаж байсан бөгөөд “1996-2000 онд намайг УИХ-ын дарга байх үед Ардчилсан нам парламентад 50 суудал авсан ч олонхи болж чадаагүй. Учир нь, тэр үед 51 хүрч байж олонхи болдог хуультай байлаа.  Тухайн үед Ардын нам нийлбэр дүнгээрээ нэг жил хүртэл хугацаагаар хурал хаяж, Ардчилсан нам нэгэнт олонхи болоогүй тул ирцээ бүрдүүлж чадахгүй, бүтэн зургаан сараар Засгийн газраа байгуулж чадахгүй сунжирч байсан түүхтэй” хэмээн хэлж, дийлэнх олонхигүйн зовлон одоо ч давтагдаж байгааг сануулав.

Хэдийгээр УИХ 76 гишүүнтэй ч тэд нам эвсэлд хуваагдвал нийт 4-5 хүний удирдлагад ажилладаг. Өөрөөр хэлбэл, 76 гишүүнийг бүгдийг нь нэг бүрчлэн чуулганы хуралдаанд дуудах шаардлага байдаггүй. Бүлгийн хуралдаа санал нэгдсэн бол чуулганы хуралдаандаа сууж, кнопоо хүртэл ижилсүүлж дардаг жишигтэй. Гэтэл санал нийлэхгүй асуудалд бүлгээрээ хурал хаяхад л чуулганы ирц бүрдэхгүй, улс орны өмнө тулгамдсан олон чухал хуулийн төсөл хэлэлцэгдэхгүйд хүрч байгаа юм. Мөн ээлжит бус зарлан хуралдуулахад УИХ дахь нам, эвслийн бүлгүүд эхлээд ярилцаж, зөвшилцсөн байх ёстой байдаг. 

Энэ зөвшилцлийн талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарам­гайбаа­тараас тодруулахад тэрээр “Ардчилсан намын бүлэг өнөөдрийг хүртэл зөвшилцөл хийж яваа. УИХ-ын даргын захирамж гарсан л бол гишүүд хуралдаа суух үүрэгтэй. Даргын зөвлөлийн хурал зөвшилцлийн хүрээнд явагддаг. Ээлжит бус чуулганыг хуралдуулах шийдвэр даргын зөвлөлийн шийдвэрээр гарсан. УИХ-ын дарга ганцаараа энэ асуудлыг шийдсэн гэх мэдээлэл худлаа.  МАН-ын зарим гишүүн энэхүү мэдээллийг хийсэн байсан. Дар­гын зөвлөлд МАН-ын дарга, бүлгийн дарга болон бусад бүх намын төлөөлөл багтдаг” гэж МАН, МАХН-ынхныг зөвшил­­цөлдөө хүрэхийг шаардсан юм. Хэдийгээр өчигдөр МоАХ Анхдугаар хуралдаанаа хийж, бодлого шийдвэрээ зарлан тунхаглаж байсан түүхэн өдөр ч үүнийг баяр гэхээс илүүтэй, өнөөгийн улс төр, нийгмийн нөхцөлд нийцүүлэн ой тэмдэглэхээс татгалзаж байгаа юм. Энэ утгаараа УИХ-ын дарга З.Энхболд, дэд дарга Р.Гончигдорж, МоАХ-ны тэргүүн, УИХ-ын гишүүн Х.Баттулга нар мэдээлэл хийсэн юм. 

Х.Баттулга: Партизанууддаа баярын мэнд хүргэе 

Өнөөдөр (өчигдөр) Монгол Улсын түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдсэн түүхэн ой тохиож байна. 1990 оны хоёрдугаар сарын 18-ны энэ өдөр Улаанбаатар хотноо МоАХ-ны Анхдугаар их хурал болж, 16 аймаг, гурван хотын салбар зөвлөлүүдийн 611 төлөөлөгч, 200 гаруй зочид, мөн дотоод, гадаад хэвлэл мэдээллийн ажилтан, сурвалжлагчид энэ хуралд оролцож байсан түүхтэй. 
МоАХ-ны улс төрийн илтгэл улс орныхоо нийгэм, улс төр, эдийн засаг оюун санааны болон ёс суртахууны гүн хямрал, түүнээс гарах арга замыг тодорхойлсон бөгөөд жүжигчин Д.Сосорбарам олонд уншиж сонсгох үүрэг хүлээж байсан юм. Мөн энэ хурлаар холбооны Ерөнхий зохицуулах зөвлөлийг 35 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, С.Амарсанаа, И.Жавхлант, Д.Сосорбарам, Д.Нинж, Д.Сүхбаатар, С.Зориг, Ц.Элбэгдорж, Б.Энхтүвшин нарын есөн хүнийг тэргүүлэгч гишүүнээр сонгосон байдаг. Мөн хурлаас ард түмэндээ хандсан уриалга гаргаж байсан. 
Түүнчлэн БНМАУ-ын АИХ, МАХН-ын Төв хороонд бичиг өргөн барьж байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн юм. Тиймээс тухайн үед Ардчилсан хувьсгалд оролцож байсан бүх иргэд болоод МоАХ-ны партизанууддаа баярын мэнд хүргэе.


Р.Гончигдорж: Ахмадууд, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хуулиар хангаж өгөх ёстой

Өнөөдөр Монгол Улсын шинэ үеийн түүхэнд нэн чухал өдөр тохиож байна. 26 жилийн өмнөх яг энэ өдөр МоАХ анхдугаар хуралдаанаа хийж,  тэр үеийн ардчиллын төлөөх хөдөлгөөнүүд оролцож, үгээ хэлж байсан. Тухайлбал, Ардчилсан социалист хөдөлгөөнийг төлөөлж Баабар маань “Хаан шалдан байна” гэсэн алдарт үгээ хэлж нийгмийг сэрээж байлаа. Тэр үед бид өнөөдрийг төсөөлөхдөө хөгжлийн ийм өндөр төвшинд хүрнэ гэж үнэндээ төсөөлөөгүй л дээ. Гэхдээ ардчилал бат суурьшаад,  ард түмнийхээ өмнө өндөр хариуцлага хүлээсэн хүмүүс улс төрд орж ирнэ гэж итгэж байсан. Малыг малчдад, цалинг 1000 төгрөгт хүргэх асуудлыг зоригтой дэвшүүлж байсан. Гэтэл бид өнөөдөр төсөөлснөөсөө илүү амжилтад хүрсэн хэрнээ төсөөлж бодсон зүйл маань санаснаас өөр үр дүнд хүрээд байна. Өнөөдөр Монголын нийгмээс ахмадууд, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн гурван бүлгийг төр дээд зэргээр анхаарах ёстой. Тэдний өмнө үүрэг хүлээхээс өөр арга байхгүй. Энэ гурван бүлгийн эрхийг хуулиар хангаж өгөх ёстой. Тийм л асуудлыг баталлаа. Том зузаан хууль гарлаа. Зузаан хууль гэдэг нь эрхийг нь ямар хэмжээнд хамгаалж өгснийг илтгэнэ. Чуулганы сүүлчийн өдөр энэ хуулийн редакцыг уншиж амжаагүй. Одоо энэ хуулийн редакцыг уншмаар байна. Үүний төлөө чуулгандаа хариуцлагатай орж ирэх хэрэгтэй. 26 жилийн өмнөх хуралдаанд оролцож байсан Ардчилсан хувьсгалын партизанууддаа баяр хүргэж байна. Тэд нарын үйлсийг өнөөдөр авч явж байгаа улс төрийн эрх, эрх чөлөөг хүний эрх, эрх чөлөөтэй хамт нэгдмэл утгаар нь авч явж байгаа нөхдүүдэд баяр хүргэмээр байна. 


З.Энхболд: Хариуцлага энэ парламентын үед улам доройтсон

26 жилийн өмнөх энэ өдөр би МоАХ-ны Анхдугаар хуралдааны зааланд сууж байсан. Өнгөрсөн хугацаанд олон зүйл өөрчлөгдсөн. УИХ-ын гишүүдийн хариуцлага гэдэг зүйл энэ парламентын үед улам доройтсон. Өглөө хурал цагтаа эхэлдэггүй. Асуудал байж болно, санал нийлэхгүй байж болох ч хуралдаа орж ирээд суух үүрэгтэй. 26 жилд Монгол Улс нэг хүнд ногдох ДНБ нь 500-4500 ам.доллар болтлоо буюу ес дахин өслөө. Үүнийг олж хардаггүй, Монгол Улс улам ядуурсан зэргээр ярьдаг хүмүүс байдаг. Тэгж хэлэх эрхийг бас ардчилал өгсөн юм. Бид сайн юмаа ярьдаггүй болоод их удаж байгаа. Муу юмыг их ярьдаг. Шударга ёс байхгүй гэж ярьдаг. Гэхдээ бид авлигатайгаа тэмцэж байна. Бүх хүний санаанд нийлсэн шударга ёсыг бий болгосонгүй гэж ярьдаг хүмүүс байна. Тэр ярих эрх чөлөөг нь бас өгсөн. 1990 оноос өмнө бид үүнийгээ ярьж чаддаггүй байсан. Одоо ярьж чаддаг болсон. Энэ бол ардчиллын ач гавьяа. Төр засаг нь ажиллахын тулд сонгогдсон, цалингаа авдаг хүмүүс нь хуралдаа ирэх хэрэгтэй байна. Энэ Их хуралд таван намын гишүүд байна. Үүнээс гурав нь хариуцлагатай байна. Хуралдаа ирж байна. Хоёр нь ирэхгүй байна. МАН, МАХН-ын гишүүд хуралдаа ирмээр байна. Ирэхгүй байгаа гишүүдээс та бүхэн энэ шударга ёс, хууль дүрэм, цалингаа авдаг авдаггүйг нь асуух хэрэгтэй.